ХХААХҮ-ийн салбар Д.Сумъяабазарыг хүлээж байна
Засгийн газарт дөрвөн сайдын суудал эзнээ хүлээж буй. Тус бүрт нь сайдад нэр дэвшигч хэдийнэ тодорсон ч чимээгүйхэн урагшилж буй нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хүлээж байна. Бусад нэр дэвшигчээ бодвол хамгийн үндэслэлтэй нь, бас энэ салбартаа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшээд байгаа нь анхаарал татаж эхэллээ. Түүнийг салбарынх нь "эд, эс”-ээс, тухайлбал Хөдөө аж ахуйн хоршоологчдын аймаг бүр дэх салбар, цаашилбал эдгээр саналын дагуу Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооноос тус салбарын сайдад нэрийг нь дэвшүүлж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооноос аймгууд дахь салбар зөвлөлөөсөө ирсэн уриалга, санаачилгын дагуу МАН-ын Удирдах зөвлөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилуулж өгөхийг хүсч буйгаа албан бичгээр хүргүүлж байгаа ажээ.
Тус холбооны салбарууд болох нэр бүхий 15 аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодоос өнгөрсөн хугацаанд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчийг ажлаа үр дүнтэй хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байсныг онцлон дурьдсан байна.
Жишээ нь газар тариалангийн бүс нутгууд болох Булган, Төв, Сэлэнгэ, Орхон аймгуудын Хөдөө аж ахуйн хоршооллын холбооноос "Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар нь Хөдөө аж ахуйн хоршооллыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах чиглэлээр олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дотооддоо болон гадаадын орнуудтай туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлсэн. Ялангуяа жижиг хоршоолол эрхлэгчдийг бодитойгоор дэмжсээр ирсэн” гэсэн байна.
Мөн Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн холбооноос "Манай салбарын сайдаар мэргэжлийн бус хүнийг томилох санал дуулдаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндэсний холбооны 21 аймгийн салбар холбоо, 650 гаруй хоршоодыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа хийж хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, дэс дараатайгаар шийдвэрлэн "ХАА-н Үндэсний зөвлөл"-ийг байгуулах эхлэлээ тавиад байгаа нь салбарын бодлого, зорилтод нийцсэн ажил болсон. Энэ бүхний үр дүнд ХАА-н Хоршоологчдын Үндэсний холбоо, түүний салбар зөвлөлүүдийн ажил тодорхой үр дүнд хүрч, эдийн засаг, ДНБ-ий уул уурхайгаас хамаарах хамаарал багасч, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт нөлөөлөх үзүүлэлт сэргэн Үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй, олон улсад түүнийгээ таниулах менежменттэй болж байгаад хөдөө аж ахуйн салбарынхан нэн талархалтай хандах болсныг томилгоо хийхдээ онцгой анхаарахыг хүсчээ.
Товчхондоо аймаг бүрийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос ажлаа мэддэг, эхлэлээ тавьсан, шинэ менежментээр гараагаа эхэлж үр дүнд хүрээд байгаа Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлэхийг уриалан хүсэлтээ уламжлаад байгаа аж. Энэ нь түүний салбартаа ойрхон ажиллаж, зөв менежментээр ажиллан, хоршоологчидтой тулж ажиллан жаргал зовлонг нь ойлгох болсон тул арга барил нь таалагдсаных гэж харагдаж байна.
Мөн энэ талаар тус холбооноос гадна мэргэжлийн холбоод саналаа ирүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийн талаар салбарынхны уриалга, хүсэлтийг анхаарна гэдэгт итгэж байгаагаа МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын холбогдох Байнгын хороодод ирүүлэхээр зэхэж байгаа аж. Тэгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар "тохиолдлын” нэгэн зочлон очвол нэлээд хүндхэн нөхцөл угтаж мэдэхээр байна. Энэ нь арайхийн өсөлт хөгжилд хүрээд, таатай үр дүн мэдэрч, Хөдөө аж ахуйн холбооны Ерөнхийлөгчтэйгээ гар сэтгэл нийлэн ажиллаж эхлээд байгаа тус салбарынханд хүлээлт болсон үр дүн юм. Нөхцөл байдал нэгэнт иймд хүрээд байгаа болохоор урьд нь нэр дуулдаж байсан зарим нэр дэвшигч хэдийнэ бэргэж эхэлжээ. Үнэхээр ч мэргэжлийн холбоод, салбараасаа ингэтлээ дэмжигдэж сайдад нэр дэвшиж байгаа хүн энэ удаад ховор харагдаж байгаа билээ. Гэвч МАН-ын зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох Байнгын хороод болон УИХ салбарынхны саналыг хэрхэн хүлээн авахыг харж суух л үлдлээ.
Г.Эгшиглэн
Сэтгэгдэл байхгүй байна.