“Ливерпүүл”-д эвдээгүй дээд амжилт үлдэхгүй нь
-Зургаан тойргийн өмнө аваргалах боломжтой байна-
Английн Премьер лигт энэ жил нэг л баг дийлдэшгүй байгааг бүгд мэдэж байгаа. Ю.Клоппын "Ливерпүүл”-д ялалтууд хялбар биш замаар ирж байгаа нь үнэн. Гэсэн ч хожсоор, дээд амжилт тогтоосоор л байна.
-"Ливерпүүл” гэртээ буюу "Энфильд” цэнгэлдэхдээ 1001 хоног, 52 тоглолт дараалан хожигдсонгүй. Өмнө нь 2004-2008 оны "Челси” л ийм урт хожигдолгүй цуврал хийж байв. Тэдний цувралыг тухайн үед "Ливерпүүл” зогсоож байжээ.
-Ю.Клоппын баг "Энфильд”-дээ 19 тоглолт дараалж хожсон нь Премьер лигт "Ман Сити”-гийн 2011/2012 оны улиралд тогтоосон дээд амжилтаас ганцхан хожил, Английн дээд лигийн түүхэн дэх хамгин олон хожлоос хоёр хожил л /1972 оны "Ливерпүүл”/ дутуу байна.
-Арсен Венгерийн "Арсенал” дийлдэшгүй байж, Премьер лигт нэг ч хожигдоогүй тэр улиралдаа тойрог бүрт буюу улирлын бүх 38 тоглолтдоо гоол оруулсан байдаг. Ю.Клоппын баг ч яг энэ жишгээр явж байна. 22 тоглолтод хожигдолгүй, бүх тоглолтод гоол оруулж байгаа.
-Өнгөрсөн шөнийн тоглолтод хожих нь Ю.Клопп болон түүний "бүлэглэл”-ийнхэнд чухал байсан. Учир нь энэ улиралд тэднийг ганц "Манчестер Юнайтед” л зогсоож, талбай дээрээ тэнцэж дөнгөсөн билээ. "Ливерпүүл” энэ улиралд гэртээ хийсэн тоглолтоос 36 оноо авсан. Зочилж хийсэн бүх тоглолтдоо хожигдлоо гэхэд л лигийн хүснэгтэд тавдугаар байрт жагсаж чадах хэмжээний оноог "Энфильд”-дээ цуглуулжээ.
-Лигийн эхний 22 тоглолтод 64 оноо авсан нь Английн төдийгүй Европын "Топ 5” лигийн шинэ дээд амжилт болжээ. Үүнээс өмнө 2017-2018 оны "Манчестер сити”, 2013-2014 оны "Бавари” 62 оноо авсан нь дээд амжилт байв.
-"Долоон тоглолт дараалан гоол алдсангүй. ”Ливерпүүл” 2006 оноос хойш хуурай тоглолтын ийм урт цуврал хийж байгаагүй аж. Энэ амжилтаараа 2009 оны "Манчестер Юнайтед”-ын ард бичигдэж байна. Тэр үед "Улаан чөтгөрүүд” 14 тоглолт дараалан гоол алдалгүй тогложээ.
-М.Салах таван удаа тоглож байж "Манчестер Юнайтед”-ын хаалганд гоол орууллаа. Ингэснээр тэрээр Премьер лигт тоглож үзсэн 25 багийнхаа 23-т нь гоолдлоо. Тэрээр "Астон Вилла” /Хоёрдугаар тойрогт боломж байгаа/, "Суонси”-гийн хаалгыг л мялааж байгаагүй аж.
-Гоолын дамжуулалтыг М.Салахт хаалгач Аллисон өгсөн. Энэ нь бразил хаалгачийн Премьер лигт өгсөн анхны оновчтой дамжуулалт нь байв. Тэрээр хожлыг баталгаажуулах гоолын дамжуулалтыг өгсөндөө маш их баярлаж, М.Салах дээр гүйн очиж тэвэрсэн. Юм. "Ливерпүүл”-д хаалгач оновчтой дамжуулалт өгсөн тохиолдол хамгийн сүүлд 10 жилийн өмнө гарч байв. Тэр үед Пепе Рейна Фернандо Торрест оновчтой дамжуулалт өгч байсан аж.
-В.Ван Дейк "Ливерпүүл”-д ирснээсээ хойш найман гоол оруулсан нь Премьер лигийн хамгаалагчид дундаа дээд үзүүлэлт аж. Найман гоолын тавынх нь дамжуулалтыг Трент Александр Арнольд өгчээ.
-Арын багаасаа 16, гуравдугаарт байгаа багаас 19 оноо тасарсан. Ингэснээр, хэрвээ байдал энэ чигээр үргэлжилбэл Ю.Клоппын баг 32 дугаар тойргийн дараа аваргын болзол хангах боломжтой болсон. "Ман Сити”-г хожиж чадвал 31 тойргийн дараа аваргалах ч боломжтой. "Сити” хожигдоод "Ливерпүүл” хожоод байвал 30, 29 гэх мэтээр улам л наашилна.
Ливерпүүл – Манчестер Юнайтед 2:0 (1:0, 1:0)
«Энфилд» цэнгэлдэх.
Гоол:
1:0 – 14 ван Дейк, 2:0 – 90 Салах.
Ливерпүүл – Алиссон, Александер-Арнолд, Гомес, ван Дейк, Робертсон, Окслейд-Чемберлен (Лаллана, 66), Хендерсон, Вейналдум, Салах, Фирмино (Ориги, 83), Мане (Фабиньо, 83).
Манчестер Юнайтед – Де Хеа, Линделеф, Магуайр, Шоу (Диогу Далот, 87), Уан-Биссака, Фред, Матич, Уильямс (Гринвуд, 74), Перейра (Мата, 74), Джеймс, Марсьяль.
Шар хуудас:
Матич (8), Де Хеа (25), Шоу (72), Салах (90).
Сэтгэгдэл байхгүй байна.