“Коронавирус дэлхийн болон манай улсын эдийн засагт учруулах дарамт”
Дэлхий нийтэд "COVID-19” буюу коронавирусын халдвар зуун мянга давсан энэ үед дэлхийн эдийн засаг удааширсаар байна. Өчигдөр манай улсад аюулт вирусын эхний тохиолдол илэрснээр дахин хорио цээр тогтоон, эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй байдалд орлоо.
БНХАУ-ын эдийн засаг 2000 оноос хойш огцом өсч, үйлдвэрлэгчид нь дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон. Энд дэлхийн эмийн хэрэглээний гуравны нэг, LCD дэлгэцийн тал хувийг, полиестерийн гуравны хоёрыг үйлдвэрлэдэг. Анх Коронавирус бүртгэгдсэн Ухань мужийн үйлдвэрүүд л гэхэд дотооддоо нийлүүлэхээс гадна муж дахь компанид сэлбэг нийлүүлж, өнөөх нь Германы Штутгарт дахь үйлдвэрт нийлүүлээд эцсийн бүтээгдэхүүн нь АНУ-ын Мичиганд гаргахаас авч үзвэл ямар хэмжээний нийлүүлэлтийг хийдэг болох нь харагддаг.
Аж үйлдвэрийн салбарт асуудал эхнээсээ ундарч эхэлсэн. Энэ тухай The Economist сэтгүүлд Хятадаас нийлүүлдэг эд анги хомстсоны улмаас Солонгосын автомашин үйлдвэрлэгч "Hyundai” компани зарим загварын машины үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа тухай мэдээлж байна. Японы "Nissan”-ны үйлдвэрлэл мөн адил зогссон. Дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч "Apple” болон "Huawei”-ийн ухаалаг утсыг үйлдвэрлэдэг "Foxconn” компани үйлдвэрүүдээ дахин нээсэн ч тун цөөн ажилтантайгаар ажиллаж байгаа аж.
Коронавирусын эдийн засагт үзүүлж буй энэ нөхцөл байдлаас агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хамгийн ихээр хохирол амсчээ. Олон улсын агаарын тээврийн ассоциацын мэдээлснээр агаарын тээврийн салбарын нийлүүлэгч, тээвэрлэгчид энэ онд 63-113 тэрбум ам.долларын орлогоо алдах тооцоонд хүрээд байна. Тодруулбал, Их Британийн хамгийн том дотоодын нислэгийн компани "Flybe” засгийн газраасаа санхүүжилтын тусламж хүсээд байсан бөгөөд вирусийн тархалтын улмаас Засгийн газар нь санхүүжилтээ зогсоосноор тус компани дампуурлаа зарлахад хүрээд байна. Түүнчлэн Английн "Easyjet”, "Ryanair” зэрэг компани нислэгүүдээ зогсоосон бол Италийн "Alitalia” 4000 ажилтандаа түр хугацааны амралт олгоод буй. Энэ мэт дэлхийн нийтийн агаарын тээврийн таагүй байдал, коронавирусын улмаас "Global Business Travel Association”-ын мэдэгдсэнээр, 2018 онд нийт 1.7 их наяд ам.долларын орлоготой байсан аялал, жуулчлалын салбар сар тутам 47 тэрбум ам.доллар алдах болжээ. Манай улсад л гэхэд он гарснаас хойш аялагчдын тоо 80 орчим хувиар буурсныг "НьюЖуулчин Турс” компани мэдээлэв.
Зочид буудал, хоол үйлчилгээ ч ихээхэн хохирол амсах нь тодорхой. Өнгөрсөн сард БНХАУ дахь зочид буудлуудын өрөө дүүргэлт өмнөх оны мөн үеэс 85.3 хувиар буурсан. 2020 он гарснаас хойш "Hilton” болон бусад олон улсын томоохон зочид буудлууд БНХАУ дахь 100 гаруй салбараа хаав. Мөн хаа сайгүй хөл хорио тогтоогоод байгаа энэ үед үйлчилгээний бусад салбарт ч томоохон цохилт болох нь ойлгомжтой юм.
Хоёр улсаас хараат эдийн засагтай манай улсад эл нөхцөл бүр ч хүндээр тусахаар байна. "Covid-19”-ийн сөрөг нөлөө энэ байдлаар зургаан сар үргэлжилбэл ДНБ-ийн өсөлт огцом саарах эрсдэлтэй тухай Монголбанк мэдэгдсэн. Энэхүү дүгнэлтэд оны эхний хоёр сард Монгол Улсын экспорт 35.9 хувиар буурахад нүүрсний экспорт багассан нь голлон нөлөөлжээ. Нүүрс экспортлогч "SouthGobi Resources”, Монголын алт корпораци” зэрэг гол компаниуд энэ оны төлөвлөгөөндөө хүрэх боломжгүй болж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд "Оюу Толгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хараахан зогсоогүй ч БНХАУ-ын талын татан авалт багассан тухай Гашуун сухайтын боомтоос мэдээлжээ.
"COVID-19” Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох албаныхны болон эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй
2020.03.04-нд хийсэн Засгийн газрын хуралдааны үеэрх мэдэгдэл
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг нэг жилийн хүндрэлийг даван туулчих хэмжээнд сайжруулсан. Тиймээс төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлье. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллачихна. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалаа экспортлохоор Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ.
Урьдчилсан байдлаар төсвийн орлого 190 орчим тэрбумаар тасалдах шинжтэй байна. Одоогоор Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн. Харин будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулганаар энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэнэ.
Олон улсын эдийн засагч П.Мөнхтулга: Коронавирус Монгол Улсын эдийн засагт нөлөөлсөөр байх болно
2020.03.03 (Munkhtulga Purevbaatar) Өөрийн фэйсбүүк пэйж хуудаснаа хийсэн мэдээллээс
Ойрын арван сарын хугацаанд коронавирус Монгол Улсын эдийн засагт нөлөөлнө. Засгийн газар яаралтай хэмнэлтийн горимд шилжиж, салбар хоорондын уялдааг сайжруулан, хэмнэсэн зардлаараа малчдад учирч буй эрсдэлийг бууруулах шаардлагатай. Коронавирус дэлхийн ноолуурын зах зээлд 108 сая ам.долларын хохирол учруулаад байна. Тархалт энэ хэвээр үргэлжилбэл зөвхөн Италийн зах зээлд л гэхэд 230 сая ам.долларын хохирлыг үүсэх эрсдэлтэй тухай Италийн эх сурвалжууд мэдэгдсэн. Итали коронавирусын дэгдэлтээс үүдэн Хятад улстай хилээ хаасан. Улмаар Хятадын ноолуурын үйлдвэр зогсолт хийснээр Монголд үнийн хурц уналт бий болох нөхцөл үүсч байна.
Бид ноолуурын 27 хувийг дотооддоо, 73 хувийг Хятад руу экспортлодог. Энэ 73 хувийн эрэлт байхгүй болж байгаа гэсэн үг юм. 250 мянган малчдын 113 орчим нь зээлтэй. Гэтэл дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт тодорхойгүй болсноор малчид зээлээ төлөх боломжгүйд хүрлээ. Өнгөрсөн жилийн энэ үед ноолуур 105 мянган төгрөг байсан бол өнөөдөр ноолуурын ченжүүд 50 мянгад хүрсэн тухай хэлж байна. Энэ цагт малчдад дэмжлэг хэрэгтэй.
Иймд төрийн байгууллагуудын гадаад дахь томилолт коронавирусын үеэр бүгд цуцлагдаж байгаа учир энэ мөнгийг малчдын амьжиргаа руу чиглүүлэх нь зүйтэй. Мөн нийтийн тээвэрт өгдөг татаасыг хэрэгтэй газарт нь хандуулах, ЖДҮ-ийн санг малчидруу хандуулах шаардлагатай гэж үзэж байна.
СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тодотгол хийх шаардлагатай
2020.02.12 "Өдрийн тойм” сайт
Коронавирусын эдийн засагт үзүүлж буй эрсдэл нь гадаад худалдаа, экспортын гол түншид нөлөөлнө. Нэгдүгээрт, Хятадын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл саарснаар дэлхийн зах зээл дээрх эрдсийн бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар нөлөөлнө. Энэ нь одоогоор зэс болон нефтийн бүтээгдэхүүн дээр тод харагдаж байна.
Хоёрдугаарт, Хятадын хүнд үйлдвэрлэлийн салбар суларснаар эрдсийн бүтээгдэхүүний импорт багасах магадлалтай нь бидэнд нөлөөлнө. Гэхдээ эдгээр нь өвчлөлийн тархалт хэзээ хүртэл үргэлжлэхээс шалтгаална. Үүний эсрэг бид төсвийн хянамгай бодлого явуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ирээдүйн эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдээ хөдөлгөх, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өмнөх хямралуудын үед хэрэгжүүлж байсан төсвийн тэлэлтээр эдийн засгийг дэмжих нь эсрэгээрээ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Харин нүүрсний экспортыг хориглосон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх ч өнөөгийн бидний нэн тэргүүний зорилго нь хүн амыг энэхүү өвчнөөс хамгаалах юм.
Эдийн засагч Д.Бямбасайхан: Эдийн засаг энэ хэвээрээ нэг сар үргэлжилбэл бид дийлэхгүй
2020.02.12 "Өдрийн тойм” сайт
Манай улс 11 их наяд ам.долларын ДНБ-тэй, бага эдийн засагтай. Дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Өнгөрсөн сард нүүрсний экспортыг зогсоосноор 1.5 их наяд орчим борлуулалтын орлого тасалдсан. Мөн коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд төсөвт тусгаагүй зардлууд огцом өссөн.
Үүнээс гадна иргэдийн орлого багасаж, маск гар ариутгагчаас эхлээд хэрэглээ нь ихсэж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн орлого багасч, түрээсээ төлж чадахгүйд хүрснээ илэрхийлж эхэллээ. Ингээд дотоодод эргэлдэх эдийн засаг багасаж байна. Товчхондоо эдийн засаг хүнд байдалд орох эрсдэлд хүрсэн.
Эдийн засагч Т.Доржханд: Монголын эдийн засагт хүндээр тусна
2020.02.12 "Өдрийн тойм” сайт
Манай улс экспортынхоо 90 хувийг Хятадтай хийдэг учир коронавирусийн тархалт хүнд тусна. Иймд хөрөнгө оруулалтыг өмнөх оноос 119 хувиар огцом өсгөж, 3.7 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн төсвийг танах шаардлагатай. Мөн баяр наадам, ёслол, шагнал урамшуулал, гадаад томилолт зэрэг шаардлагагүй урсгал зардлыг танах хэрэгтэй.
Ийнхүү сар болоход л дэлхий даяар хүндхэн асуудал үүсэж, томоохон компаниуд үйл ажиллагаагаа хумиад эхэллээ. Өндөр хөгжилтэй улс орнуудад ингэж сандарч байхад ханиадаа ч дийлэхгүй байгаа манайх шиг оронд коронавирусын халдвар хүндээр тусна.
Монгол Улсын голлох орлогыг бүрдүүлдэг нүүрс, зэсний нийлүүлэлт үндсэндээ зогсож, экспорт буурсан. Нөгөөтэйгүүр манай улсын хүн амын 60 хувь нь л ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлдэг. Энэ дунд хувиараа худалдаа эрхэлдэг нь цөөнгүй. Банкны орлогын 45 хувийг жижиг, дундын бизнесийн зээл эзэлдэг. Гэтэл коронавирусын улмаас БНХАУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагааг хязгаарлахаар энэ төрлийн худалдааны болон бусад жижиг бизнесийн урсгал саарч эхэлнэ. Энэ тохиолдолд жижиг бизнесүүдэд хүндрэл үүсч, банкууд дээр тодорхой хэмжээний эрсдэл гарах, цаашлаад чанаргүй зээл өсөх магадлалтай. Мөн хэрхэх нь тодорхойгүй бидний 73 хувийн ноолуурын экспорт, түүний цаана 250 малчдын амьжиргаа яригдаж байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл зэс, нүүрсний үнэ унаж, экспортын орлого буурсаар байх болно. Валютын ханшаа барих боломж ч буурна.
Энэ цаг үед Засгийн газар үүсээд байгаа бодит байдалд дүгнэлт хийж, төсвөө эргэн харж, төсвийн тодотгол хийх нь хамгийн зөв гарц болж байна.
Б.Отгонтөгс: Бид өөрсдийн зах зээлийг аюулгүй гэдэг дохиог гадаад зах зээлд хүргэх ёстой
Дэлхий нийтийг хамарсан KOVID19 өвчин улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ноолуурын сизон эхлэх гэж буй энэ үед энэ нөхцөл байдал малчид, цаашлаад манай улсын ноолуурын зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлэх үү?
Корона вирусын нөлөө энэ удаа дэлхийн эдийн засагт удаан хугацаанд сөргөөр үргэлжлэх төлөвтэй байна.
2003 оны SARS гарахад Европын Холбооны орнуудад БНХАУ-аас импортлох ноолуурын бизнест сөргөөр нөлөөлсөн байдаг. Энэ удаад ноолуурын зах зээлийн хувьд Монголын ноолуур дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа өсгөх боломж байсаар байгаа гэж бодож байна.
2019 оны малын тооллогоор ямааны тоо 7,8 хувиар нэмэгдэж, 29 сая болсон. Ноолуур самнах улирал эхлээгүй. Бидэнд цаг байна. Гол асуудал дөнгөж өнөөдөр илрээд байгаа корона вирусын анхны өвчтөнийг эмчилж, дотоод зах зээл ауюлгүй гэдэг дохиог гадаад зах зээлд хүргэх ёстой. Бидний экспортод гаргаж байгаа ноолуурын бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээлд тогтдог учраас бид түүнд нөлөөлж чаддаггүй. Шалтгаан нь манай экспортын хэмжээ дэлхийн хэмжээнд аваад үзвэл тийм ч их биш тул бүтээгдэхүүний үнэд бид нөлөөлөх боломжгүй, зөвхөн хүлээн авдаг.
Энэ жил Өвөр Монголын ноолуурын самналт, хүргэлт доголдохгүй байх. Мөн манай Монголынх ч гэсэн доголдохгүй байх, түүхий ноолуурын хэмжээ энэ жил өмнөх оныхоос буурахгүй байх, гол нь дэлхийн зах зээлд хүргэх тээвэрлэлт, ложистикийн асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байна.
Эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх: Ноолуурын эрэлт буурч, Монголын зах зээл дэх ноолуурын ханшийг сулруулж байна
Коронавирус дэлхийн ноолуурын салбарын өртгийн сүлжээнд хэрхэн нөлөөлж байна вэ?
Ноолуурын эрэлтийн талаас нь хэд хэдэн таамгийг дэвшүүлсэн байгаа. Короновирус гарснаас хойш дэлхийн олон улсад тэр дундаа Европын орнуудын томоохон компаниудын эрэлт буурсан. Ялангуяа тансаг хэрэглээний эрэлт маш их буурсантай холбоотойгоор үйлдвэрлэл ч гэсэн багассан. Үүнд ноолуур ч гэсэн орно шүү дээ. Улмаар ноолууран бүтээгдэхүүний түүхий эд буюу түүхий ноолуурын эрэлт буурч, Монголын зах зээл дэх ноолуурын ханшийг сулруулж байна.
Манай улсын ноолуурын зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?
Ноолуурын зах зээлийн үнэ унаж байгаатай холбоотойгоор ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгч нар түүхий эдээ хямд үнээр худалдаж авах бололцоотой болж байна. Нөгөө талаараа түүхий ноолуур нийлүүлж байгаа малчдын орлого буурах юм. Ерөнхийдөө бүтцийн хувьд нэг их өөрчлөлт гарахгүй ч үүнд малчид л хамгийн их хохирох юм.
Түүхий ноолуурын үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ?
Цаг үеэсээ хамаараад түүхий ноолуурын үнэ тэгэж их өсөхгүй. Өсөх шалтгаан ч гарахгүй байх.
Энэ нь малчин өрхийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Малчдын гар дээрх орлого буурах учраас мэдээж тэдний амьдралд энэ нь сөргөөр нөлөөлнө.
ЭХ СУРВАЛЖ: http://seruuleg.mn/22443