Венецийн сувгууд коронавирусний улмаас хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ
Италийн Венец хотын нэг жилийн зайтай хоёр гэрэл зургийг Европын Сансар судлалын агентлаг нийтэлжээ. Хиймэл дагуулаас авсан тэдгээр гэрэл зурагнаас цар тахлын улмаас тогтоосон хөл хорио тус хотын сувгуудад хэрхэн нөлөөлсөн нь илэрхий харагджээ.
Энэ сарын 13-нд авсан гэрэл зургийг 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд авсан гэрэл зурагтай харьцуулахад, "COVID-19”-өөс үүдэлтэй хямрал эхэлснээс хойш Венецийн сувгууд дахь завинуудын тоо огцом буурсан байна.
Италийн зүүн хойд хэсэгт оршдог Венец нь усан замын сүлжээгээрээ алдартай боловч өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас хөл хорио тогтоосноос хойш жуулчдын аялах дуртай тус хот эзгүйрчээ."Sentinel-2” хиймэл дагуулын гэрэл зурагнуудаас үзэхэд, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Венецийн сувгуудаар олон арван завь аялж байсан бол энэ долоо хоногт илт цөөрсөн байжээ.
Халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Италид пүрэв гаргийн байдлаар 165155 хүн халдвар авч, 21645 хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
Дэлхий даяар халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорио тогтоосон нь байгаль орчинд олон эерэг нөлөө үзүүлсэн юм.Венец хотын оршин суугчид хөл хорио тогтоосноос хэдхэн хоногийн дараа сувгуудад загас сэлж эхэлсэн талаар нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.
Мөн Энэтхэгт агаарын бохирдлын улмаас олон арван жилийн турш үзэгдээгүй Хималайн нуруу харагдаж эхэлсэн юм.Түүнчлэн АНУ тэргүүтэй олон орны агаарын бохирдол буурсан нь хиймэл дагуулын гэрэл зургуудаас ажиглагдсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.