МАН-ын гишүүд ээ, малчдыг зөнгөөр нь орхи
УИХ-ын 2020 оны сонгууль хаяад ирсэн энэ өдрүүдэд улс төрчдийн хэлэх үг, хийх үйлдлийг таахад бэрх болж. Өчигдөр үдээс хойш нэр бүхий ямааны нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа дуулгав.
Тэдний зүгээс үүнийгээ ноолуур бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэнэ. Төсөл санаачлагчид ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, экспортлохтой холбоотой ноолуурын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, экспортыг дэмжих чиглэлээр бүх төрлийг боомтуудаар саадгүй нэвтрүүлж, татварыг тэглэх, малчдын орлогыг дэмжих зорилгоор нэг килограмм ноолуур тутам 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор зохицуулалт хийх гэнэ.
ХХААХҮЯ-наас ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй үнээр авна гэх мэдэгдэл хийснээс маргаан дагуулсан асуудлууд хөвөрсөн. Салбар яамны энэ амлалт малчдад хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Элдэв-Очир, Ш.Раднаасэд нарын орон нутгаас сонгогдсон гишүүдийн зүгээс энэ санаачилга гарлаа.
Ч.Улаан сайдынхаа урагшгүй ажлыг баллах гэсэн гишүүдийн энэхүү санаачилга олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Орон нутгаас сонгогдсон эдгээр гишүүдийн хувьд ямар ч аргаар хамаагүй дахин сонгогдохоор ийн улайрч байна. Хэрэв өвлийн идэшний үеэр сонгууль болдог бол боодол бохины үнэнд хүрэхгүй байгаа арьс ширэнд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл санаачлах нь л дээ.
Ямар ч тооцоо судалгаагүйгээр ХХААХҮЯ ноолуур 100 мянгаар худалдаж авах амлалт өгч, үүнийгээ биелүүлж чадахгүй малчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Гэтэл араас нь кг ноолуур тутамд 20 мянган төгрөг. Сонгуульдаж шоудаж болно. Гэтэл өдийгөөс төдий хүртэл хаврын хаварт ганц амьжиргаагаа залгуулж өр зээлээс нь салгадаг ноолуураар шоудах шаардлага байгаа юу? Энэ үйл явц дараа дараагийн жилүүдэд ноолуурын үнийг унагах шалтгаан болох вий?
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn