Ц.Оюунгэрэл сайд яамаа авч үлдэхээр татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй үрж эхлэв
Үүнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл багтаж байна. Түүний хувьд яамаа татан буулгахгүйн тулд бусдаасаа илүү их хичээж байгаа гэж хэлж болно. Энд, тэндхийн хэвлэлд "Бүс нутаг болоод дэлхийд үлгэр жишээ үзүүлж буй манай яамыг тийм ч амархан татан буулгахгүй байх. Гэхдээ би Ерөнхий сайдынхаа саналыг дэмжиж байгаа” гэх мэт зүйлийг ярьж яваагаас нь харахад тэрбээр албан тушаалдаа үлдэхийн тулд их хичээж байгаа бололтой.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд 12 нүүртэй өдөр тутмын сонины бүтэн дөрвөн нүүрийг Ц.Оюунгэрэл сайд аваад өөрийн яамны сурталчилгааг байршуулжээ. Сонины бүтэн нүүрэнд сурталчилгаа байршуулахад 500-800 мянган төгрөгийн үнэтэй. Хувийн компаниуд ч сониныдөрвөн нүүрийг авч чаддаггүй. Тэгвэл татвар төлөгч бидний мөнгөөр өөрсдийнхөө ажлыг сурталчилах нь төрийн яаманд юу ч биш байдаг бололтой. Дөрвөн нүүр дамнуулж сонинд нийтлүүлсэн өөрсдийнх нь хийсэн гээд байгаа ажлуудыг нь харвал энэ яам бий болоод цаашлаад Ц.Оюунгэрэл сайдын санаачилж хийсэн олигтой ажил ер харагдсангүй. Лениний музейг улсад хэл амтайгаар буцааж өгсөн. Батаарыг авчирснаас бусад нь шүү дээ.
Тухайлбал, НААДАМ- Монголын соёл, спорт, аялал жуулчлалын гол брэнд гэжээ.
Энэ нь наадмыг жуулчдад үзүүлж тэр хэрээр аялал жуулчлалаа тэлэх зорилготой гэж тайлбарлажээ. Гэтэл наадам бол хэдэн зуун жилээрээ Монголын үндэсний уламжлалт баяр болж ирсэн. Жилээс, жилд өргөн дэлгэр тэмдэглэж буй үйл явдал болохоос биш ССАЖ яам гарч ирээд Монгол наадмыг брэнд болгосон зүйл байхгүй. Ийм зүйл бичиж сонины зай талбайг дүүргэх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу.
Мөн Олон улсын спортын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулдаг болсон гэж бичжээ. Сүүлийн жилүүдэд олон улсын чанартай өндөр зэрэглэлийн тэмцээн манайд зохиогдож байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг спортын холбоод санаачилж олон жилийн туршлага, гадны улс орнуудтай харилцаж ирсэн харилцаан дээрээ тулгуурлаж хийж байгаа ажил. Түүнээс ССАЖЯ зохион байгуулж байна гэдэг нь үлгэр юм.
Цаашлаад Mongolia. Nomadic by Nature- Аялал жуулчлалын үндэсний уриа үг гэжээ. Уриа үг зохиосоноо хүртэл хийсэн ажил болгож сонины нүүр бөглөж байгаа нь үнэхээр ядмагхан харагдаж байгаа юм.
Тамирчдад цалин өгдөг болсон гэж ССАЖЯ өөрсдийгөө сурталчилжээ. Энэ бол цэвэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн ажил. Мөн манай тамирчид олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан шагнал. Түүнийг нь л төр урамшуулсан. Үүнийг соёлын яам санаачилсан юм шиг утга бүхий зүйлийг тайландаа тусгасан нь тамирчдад таалагдахгүй байна.
Мөн сонины бүтэн нэг нүүрэнд урлаг, спортод гаргасан уран бүтээлч, тамирчдын амжилтыг ярайтал нь бичсэн байна. Гэтэл энэ бол манай урлагийнхан болоод тамирчдын авъяас хөдөлмөрөөөрөө авсан нэр, төр шагнал билээ. Ингэж гаргасан амжилтыг энэ сонины тасархайтай, тасархайгүй хүмүүс мэддэг, баярладаг, бахархдаг хайр хүндлэлээ үзүүлдэг. Ийм зүйлд Ц.Оюунгэрэл сайд маань сонины нэг нүүрийг авч бичих ямар шаардлага байна вэ?.
Энэ мэтчилэн янз бүрийн компанид ажлыг Ц.Оюунгэрэл сайд маш эрчимтэй өрнүүлж байна. Ерөнхий сайдын гол зорилго бол Засгийн газрын бүтцийг оновчтой болгож, хэрэгцээгүй яамдыг цомхотгох. Гэтэл танхимд нь байгаа сайд нар сайдын суудалдаа үлдэх гэсэн өчүүхэн эрх ашгийн төлөө татвар төлөгчдийн мөнгийг ийм компанид ажилд зарцуулж байгаа нь үнэхээр зохимжгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.