Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийг он дуустал олгоно
Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх үүднээс Монголбанк арилжааны банкуудыг уг зээлийг санхүүжүүлэхийг шийдвэрлэж өгсөн юм. Ингэхдээ Төв банк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.
Зээлийн хөтөлбөрийг УИХ-аас гаргасан "Ковид-19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32-р тогтоолын дагуу Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлэх юм.
Өнгөрсөн 5 дугаар сараас энэ оныг дуустал хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ. Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтод бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авлаа.
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх,
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,
- Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх,
- Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
- Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгов.
Монголбанкнаас өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн ХААН, ХХБ, "Голомт”, Төрийн банк, "Хас”, Улаанбаатар хотын, "Богд”, Тээвэр хөгжлийн банк, "Кредит”, "Ариг”, "Капитрон” банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банканд хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой юм байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл байхгүй байна.