ЭМЯ: Хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.11/ мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр ажиглалтад 263 хүн шинээр орж 1638 хүн тусгаарлалтад байна.
Нурсултан УБ чиглэлийн нисэх онгоцоор 170 зорчигчдоос гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ЗӨСҮТ-ийн баг 3065 ачаа тээш, найман автобус, онгоцыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс 129 дуудлага иржээ. Гадаадын Индонез, Швед улсаас гурван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.
ХӨСҮТ-д өчигдөр нийт 374 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээнд ачаа тээврийн жолооч, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын шинжилгээнүүд хамаарч байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
– Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч сувилал руу шилжиж байна. Эдгэсэн хоёр хүний тухайд ОХУ-аас ирсэн сонсогчид. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 194 тохиолдлоос 89 нь эдгээд байна. Тэдний 56 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байгаа юм. Одоогоор ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байна. Өчигдөр /2020.06.11/ Нурсултан-УБ чиглэлийн нисэх онгоцоор 173 зорчигч ирснээс сэжигтэй гэж үзэн гурван хүнийг тусгаарласан. Сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Бусад тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна гэлээ.
Өчигдөр /2020.06.10/ тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын зарим нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан даруйдаа эмнэлгийн ажилчдын шаардлагыг эсэргүүцсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудлаар сэтгүүлчид Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Нурсултан-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн гурван хүн тусгаарлагдахгүй гэж эсэргүүцэл зарласан гэх мэдээллийг бид сонссон. Ийм үйл явдал болсон гэх мэдээлэл байгаа. Ер нь тусгаарлах зурваст орж буй бүх хүн халдвар хамгааллыг дэглэмийг сахиж байгаа” гэж ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.