ВИДЕО: И-мэйл хаягаа солиод ХАРИЛЦАГЧ БАНКАНДАА мэдэгдэхгүй бол юу болох вэ?
Та тогтмол ашигладаг и-мэйл хаягаа өөрчлөөд удаж байгаа ч харилцагч банкандаа мэдэгдээгүй юм биш биз? Хэрэв тийм бол и-мэйл хаягийн өөрчлөлтөө банкандаа яагаад заавал мэдэгдэх ёстой вэ?
- Таны интернэт банк руу хэн нэгэн нэвтрэх оролдлого хийж, нууц үгийг тань солихыг оролдох тохиолдолд банкнаас сануулга бүхий и-мэйлийг явуулдаг. Тиймээс та и-мэйл хаягаа шинэчлүүлээгүй тохиолдолд банкнаас ирүүлж буй мэдээллийг тухай бүр хүлээн авах боломжгүй болох бөгөөд таны интернэт банк руу хэн нэгэн нэвтрэхээр завдаж буйг ч мөн мэдэх боломжгүй болох юм.
- Таны өдөр тутмын дансны гүйлгээний мэдээлэл хуучин и-мэйл хаяг руу чинь очсоор л байх болно. Ингэснээр та гүйлгээний мэдээллээ хянаж чадахгүй бөгөөд хэн нэгэнд алдах эрсдэлтэй.
Ийнхүү харилцагч банкнаас тань ирүүлэх чухал мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч чадахгүй байснаар та санхүүгийн залилан, луйврын хохирогч болж буйгаа мэдэх боломжийг хязгаарлаж, залилагчид боломж олгодог тул харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчилдэг байгаарай.
ВИДЕО:
https://www.facebook.com/watch/?v=259622885296245
Дашрамд дурдахад, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн "Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон "Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэ удаагийн "Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байна.
Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай.
"НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ"- Санхүүгийн луйвраас сэргийлье
Сэтгэгдэл байхгүй байна.