“Долдугаар сарын эхний хагаст таван чартер нислэг үйлдэнэ”
Тэрбээр "УОК-ын 24 дахь удаагийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгүүдийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгааг та бүхэн мэднэ. Бид ч энэ тоог тухай бүрт нь авч байгаа. Энэ зургадугаар сардаа нийт есөн нислэг хийхээр төлөвлөж өнөө орой БНСУ-аас 297 иргэн эх орондоо ирнэ.
Өчигдөр Хойд Америкт байгаа иргэдээ татан авах нислэгийг Сөүл хотоос хийж 258 иргэнээ авчирсан. Маргааш Франкфурт руу, 20-нд Зүүн Өмнөд Азид байгаа Монгол иргэдийг татан авах онгоц Сөүл чиглэлд, АНУ-ын Сиэтл хот руу хийх нислэг зургадугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хотод газардана. Албан ёсны шийдвэр гараагүй ч өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг батлууллаа.
- долдугаар сарын 2-ны өдөр Сөүл рүү
- долдугаар сарын 4-ний өдөр Япон руу
- долдугаар сарын 7-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
- долдугаар сарын 9-ний өдөр Станбул руу (Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна)
- долдугаар сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.
Харин ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул тусгай үүргийн нислэгийн хуваарь хараахан гараагүй байна гэв.
Түүнчлэн өнөөдрийн УОК-ын хуралдаанаар БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэний хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ. ОХУ-д байгаа оюутнуудаа мөн тун ойрын хугацаанд авто замаар татан авахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлсэн. Зургадугаар сард бид 2300 орчим иргэдээ татан авсан.
Сэтгэгдэл байхгүй байна.