"Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар Ц.Цолмон, Л.Энхболд нарыг томилуулах боломжтой эсэх талаар АТГ-т ханджээ
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нарыг томилохоор болжээ. Тиймээс тэднийг томилж болох эсэх мэдээллийг авахаар АТГ-т бичиг хүргүүлсэн байна. АТГ-аас бичиг ирсэний дараа томилгоог хийх аж.
Ц.Цолмон нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй юм. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт компьютерийн операторч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.
Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. "Ди Энд Эл групп” ХХК-ийн захирал, "Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг тэргүүлэгч, "Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, "JCI Capital”-ийн Ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулж байсан ч УИХ хамгаалан үлдээж байсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.