Ж.АРИУНБОЛД: ЭНЭ ЖИЛИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ БҮРЭН ОЛГОГДСОН

0
Ж.Ариунболд: Энэ жилийн оюутны хөгжлийн зээл бүрэн олгогдсон

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал их, дээд сургуулийн оюутантай айл өрхөд сургалтын төлбөрийн хүндрэлийг үүсгээд буй. Тиймээс ирэх хичээлийн жилд оюутны хөгжлийн зээл хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа.

-Их, дээд сургуульд суралцагчдын хувьд энэ жил цар тахалтай, эдийн засгийн уналттай, хүндхэн жил тохиож байна. Энэ жилийн оюутны хөгжлийн зээл эзэндээ хүрч чадсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Цар тахал боловсролын салбарыг тойрч гарсангүй. COVID-19-ийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн  долдугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засгийн 2020 оны 168 дугаар тогтоолын 1.2 дахь заалтад зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны батлагдсан төсөвт зардлын хэмнэлт хийсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог гадаад, дотоод зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилт төсөвлөсөн дүнгээс 3-4 дахин буурсан ч нөгөө талд зээлд хамрагдах хэрэгцээ шаардлага  өмнөх жилүүдээс өссөн.  Хэрэгцээ өсөж байхад нийлүүлэлт буурсан нь оюутны хөгжлийн зээлтэй холбоотой олон асуудлыг бий болгох гол шалтгаан болсон.  

-Тодруулбал, зээл олголтод ямар хүндрэл үүссэн бэ? 

-Орон нутагт байгаа суралцагчид зээлийн өргөдөл өгөх, гэрээг сунгахад хүндрэл үүсч эхэлсэн. Иймд зээл болон  тэтгэлгийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.


-2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах бүрэн боломжтой болсон. Энэ журмын хэрэгжилт хэвийн явж байгаа юу? 

-2021 оны хоёрдугаар сард 2020-2021 оны намрын улиралд 5028 суралцагчид, 2020-2021 оны хаврын улиралд 6635 суралцагч мэргэжил харгалзахгүйгээр зээл олгох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд зээлийн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулж, санхүүжилтийг бүрэн олгосон. 


-Энэ оны хаврын санхүүжилт сургуулиудад бүрэн шилжихгүй байна. Төгсөх оюутнуудын зарим нь жилийн чөлөө авах дээрээ тулаад байна гэсэн мэдээлэл их байсан. Зээлээр суралцагсдын төлбөр сур­гуу­лиудад бүрэн шилжсэн үү. Шилжээ­гүй бол хэзээ шилжиж дуусах вэ? 

-Энэ хаврын санхүүжилт тавдугаар сарын эхний долоо хоногт бүрэн шилжсэн. Харин МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, "Улаанбаатарын их сургууль”,  "Ач” анагаах ухааны их сургууль, "Отгонтэнгэр” их сургууль, Дорнод их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн санхүүжилт 80 болон 20 хувиар хоёр тасалж шилжүүлсэн. Учир нь 2021-2022 оны хаврын улиралд оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг цахимаар авах туршилтыг эдгээр сургууль дээр эхлүүлж, шинэ системээр баталгаажуулснаар санхүүжилт олгох үйл явц удааширсан. Өнөөдрийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт бүрэн шилжиж дууссан. 


-Энэ жилийн хувьд оюутны буцалтгүй тусламжид улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн гэж сонссон. Гэтэл оюутнуудын дунд буцалтгүй тусламжаар сурдаг, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгодог зээлийг улсаас олгохоо больчихсон. Үүнээс болж олон айлд өрийн дарамт үүсээд байна гэх юм. Энэ мэдээлэл ямар учиртай юм бол? 

-2021 оны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн төсөв зургаан тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилийн 9-12 сарын санхүүжилтийг олгосон болно. 2021 оны 1-6 сард 6.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгогдохоор боллоо. 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны А/135 тоот Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар COVID-19, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны сургуулиудад суралцагчын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүү­лэх түр журмыг баталсан байгаа.  


-Өнгөрсөн дөрөвдүгээр сард БЗС-тай холбоотой сайн, муу мэдээлэл нэлээд гарсан. Дундаж амьдралтай оюутнуудад зээл олдохгүй байхад боломжийн амьдралтай хүүхдүүдэд зээл олдоод байна гээд нэлээд шүүмжилсэн. Энэ талаарх таны байр суурийг сонсъё? 

-2020 онд дэлхийн шилдэг 100 сургуульд бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах хүсэлтийг БШУЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар сонгон шалгаруулж, шийдвэрийг  БШУ-ны сайдын тушаалаар баталгаажуулж Боловсролын зээлийн санд ирүүлдэг. Сонгон шалгалгаруулалтад тэнцсэн, гадаад улс оронд зээлээр суралцуулах  тушаалд үндэслэж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог. 


 -Боловсролын зээлийн сангаас энэ онд хийсэн онцлох ажлуудаасаа дуулгаач? 

-Цар тахлын улмаас санхүүжилт буурсан нь эдгээр шүүмжлэлийг бий болгох гол шалтгаан болсон. Энэ хугацаанд бид зээл, тэтгэлгийн хүсэлтийг цахимаар хүлээн авах туршилтын ажлыг эхлүүлсэн. Ирэх хичээлийн жилээс цахим системийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна.Мөн оюутны хөгжлийн зээлээр төгссөн төгсөгчдийн эрсдэлийг бууруулах хүрээнд даатгалын компаниас хүлээх эрсдэлийн төрлүүдийг нэмэгдүүлсэн. Өмнө нь оюутны хөгжлийн зээлийн даатгалд хамрагдсан суралцагч нас барсан тохиолдолд даатгалаас төлөлтийг нөхөн төлдөг байсан бол сургуулиа төгсөөд идэвхтэй ажлын байр хайсан ч тогтмол орлоготой ажлын байр олж чадаагүй, хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтан /дадлагажигч ажилтан/ байх хугацаанд ажил олгогч дампуурсан, түүнийг холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон, орон тооны цомхтголд орсон, хүндээр өвдсөн үеийн зээлийн төлбөрийг даатгалаас нөхөн төлөх боломжийг нэмэгдүүлсэн.  Түүнчлэн  боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх судалгааны ажилуудыг хийж байна. Гадаад улс оронд хөнгөлөлттэй, тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг оюутан суралцагчид олгохоор гадны улс орнуудын ижил үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах боломж гарцыг бас хайж байна. Саяхан бид Ази Номхон Далайн улсуудын их сургуулиудын холбоотой  хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 


-Ирэх хичээлийн жилд хэдэн оюутанд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах урьдчилсан тооцоо байгаа бол. Зээлд хамрагдах оюутнууд хүсэлтээ яаж өгөх вэ?

-2021-2022 оны хичээлийн жилд тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зээл олгоно. Оюутны хөгжлийн зээл 2021 оны төсөв 24.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс 7.2 тэрбум төгрөг буюу 4200 орчим оюутанд зээл олгох боломжтой. 2021-2022 оны хичээлийн жилээс бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 


-Улсын сургуульд сувилагч мэргэжлээр суралцах, ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж журамд тусгасан. Ирэх хичээлийн жилд элсэгчдэд олдох энэ боломж хэвээрээ юу? 

-2021-2022 оны хичээлийн жилээс Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 4.1.9-д  төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь, суралцагч 2.5-3 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, гурав болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд 100 хувь заасны дагуу олгоно.


-Ирэх сард ЭЕШ эхэлнэ. Элсэгчдэд дуулгах мэдээлэл өөр юу байгаа вэ? 

-2021-2022 оны хичээлийн жилд Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолд заасан журмын дагуу "тэргүүлэх чиглэлийн мэргэжил”-ээр суралцаж буй оюутан суралцагчид зээлд хамрагдах боломжтой. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан, суралцагч хамрагдана. Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх. Өдрийн ангид суралцаж байгаа магистрант болон докторантын дипломын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн анхан шатны шалгуурыг хангасан гэж үзнэ. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.Туул


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.