Зээлийн бурхад: ЖДҮ-чин 30, Хөгжлийн банкчин 7 гишүүн төр түшиж байна
Хэдхэн жилийн өмнө ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гэх улс төрчдийн хэрэг шуугиулаад өнгөрсөн. Өдгөө ЖДҮХС-гийн "найдвартай зээлдэгч” Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн баруун зүүн талд сууж байгаа бол тухайн үед хариуцлага хүлээж ажлаа өгсөн Б.Бат-Эрдэнэ саяхан байгаль орчны сайдаар томилогджээ. ЖДҮХС-гаас зээл авсан компаниудтай шууд хамааралтай УИХ-ын 5 гишүүн, ах, дүү, найз нөхөд зэрэг дам хамааралтай 25 гишүүн одоо ч "төрөө түшиж байна”. Товчхондоо ЖДҮ-чид маань авсан зээлээ төлөөд ардын баатар болцгоосон, үзүүлэн төдий хариуцлага хүлээгээд үүнээсээ ч том эрх мэдэл албан тушаалд хүрч үлгэр сайхнаар дууссан билээ.
Зарим нэг ЖДҮ-чид жаахан зовох нь зовсон. Сайд асан Д.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулсан. Аавынд хийвэл аюултай баримтууд нэмж дэлгэх гээд байсан учраас ийнхүү "домноод" өнгөрсөн гэх хардлага улс төрийн хүрээнд яригддаг. Харин үе нь мултарч, хүч нь харьсан Д.Дамба-Очирт 3.6 жил, Г.Солтанд 3 жилийн ял өгсөн байдаг. ЖДҮ дээрээ даатгалын сангийн хэдэн зуун тэрбумыг "туусан" Г.Ундармаад мөн 2.5 жилийн ял оноосон.
Ойрмогхон ЖДҮ-гээс хэд дахин их дүнтэй хөгжлийн банкны шинэ адал явдал эхлэв ээ. Алдарт манан бүлэгллийнхэн 60 тэрбумаар төрөө зарах гээд бүтэлгүйтэж засаг, намтайгаа арчуулж байсан бол түүнээс 20 дахин их мөнгийг хөгжлийн банкчид гулгиулжээ. Азарганыхаа хүрээгүй газарт унага нь хүрдэг гэдэг шиг манай "хөгжлийнхөн”-ний хажууд манан бүлэглэл бол юу ч биш, идэж ууна гэж гурилдсан хулхи дамбийжаа юмсанж.
Хөгжлийн банкнаас зээлэгч улс төрчид анхнаасаа эргэн төлөлт хийгээгүй, барьцаа хөрөнгийн хэмжээ нь 15 хувьд ч хүрэхгүй байгаа зэргээс харвал энэ зээлийг төлөх сонирхол ер нь байгаагүй гэж хардах боломжтой. Ер нь зээл үү? Зохион байгуулалттай төлөвлөсөн залилан уу? гэдэг нь ч сонирхолтой. Өр гэж үгийг өглөг болгоод өөрчилж мэдэх 37 кноп байна шүү цаана чинь.
Хөгжлийн банкны нийт 3.2 их наядын зээлээс 1.8 их наядын зээл чанаргүй ангилалд орсон. Үүнээс 841 тэрбумын 26 зээлдэгчийг шүүхэд өгөөд байгаа. Мөн 836 тэрбумын зээл зөрчилтэй ангилалд буюу өндөр эрсдэлтэй яваа. Хэвийн зээлийн хэмжээ 15 хувь буюу 551 тэрбум орчим байгаа юм. Ийм банк гэж ер нь байх уу?
Ингээд жирийн бизнесмэн хүсэх бүү хэл, хөлөө хугартал хөөцөлдөөд ч авч чаддаггүй хөгжлийн банкны зээлийг барьцаагүй шахам авч чадсан зээлийн бурхадтайгаа танилцая. Одоогоор энэ хэд маань л гэрэлд цохиулсан болохоос зээлийн бурхдын нэр цаашдаа нэмэгдэнэ гэж саарал ордны тамхины цэг дээр ярих аж.
Сахал хочит Д.Эрдэнэбилэг хөгжлийн банкнаас 506 тэрбумын зээл авснаар бүх бурхдын оройд заларч байна. Хөтлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр гээд энэ улсын өнгөтэй өөдтэй бүхнийг төрийн мөнгөөр худалдаад авчихдаг сүйхээтэй эр. Төрийн дэл сул мөнгө хаана байна түүний сарвуу дүрээстэй байх аж. Дарж гавлаад ч бардаггүй, Ц.Нямдоржийн хэлснээр ёстой л бидний "эзэн” шахуу юмаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий "Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг "манай компани зээлээ хэвийн төлж байгаа” гээд ордны хонгилоор хээвнэг ярих юм билээ. Ер нь "манай компани” гэж ирээд л төрийн ордондоо наймаа панз ярьдаг депутат манайхаас өөр газар байдаг ч юмуу үгүй ч юмуу?
УИХ-ын гишүүн асан А.Сүхбат ЖДҮ-ийн сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг дүүгийнхээ эхнэрийн компанид олгуулсан байдаг. Тэгвэл энэ удаад "Түгээмэл түмэн хишигтэн” компаниараа 18 тэрбум төгрөгийн зээл авчээ. Сан алдахгүй зээл авч чаддаг манай аварга тариалан эрхлэлтийг дэмжих санг ч будлиулсан сураг бий.
Х.Бат-Эрдэнэ орон даяар 60 хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж "цөмрөөд" 42.6 тэрбум төгрөгийн зээл хөгжлийн банкнаас авчээ. МАНАН бүлэгллийн гол санхүүжүүлэгч. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын итгэлт хүн гэгддэг түүнд эрүүгийн хэрэг үүсгэж үүсгэж хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын хамт АТГ-т шалгаж байна.
Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож намаасаа хөөгдсөн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан "Сод Монгол Групп” хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын зээл авчээ. Зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн шалтгаанаар зөрчилтэй ангилалд бичигдсэн байна. Ер нь ч тэгээд элдэв Сүнээтэй нэр холбогдсноос банк дээрэмдэгч гэж дуудуулбал арай дээр ч юмуу.
Цагтаа Монголын алтны судал дээр сууж, эх орон намыг байгуулж, гишүүн, сайд хийж мандаж явсан Б.Эрдэнэбат хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй шүүхэд дуудагдав. Түүний эхлүүлсэн байшин үйлдвэрийн комбинат нэг мөр бүтэлгүйтсэн гэдэг.
"Ачлал” ХХК-ныг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан М.Билэгт 52.5 тэрбумыг хөгжлийн банкнаас аваад төлөөгүй байна. Улсаас авсан зээлээрээ, улсын эмнэлэгийн хашаанд барилга бариад, улсад нь өндөр үнээр шахах гэж оролдсон түүний сүйхээ ч дийлдэшгүй ажээ.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 340 тэрбум төгрөгийг салхинд хийсгээд 2.5 жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа ч хөгжлийн банкинд ч хуруу дүрж 39 тэрбум төгрөг салгаад амжижээ.
Ардчиллынхан намын байраа нураагаад газраа зарсан, намаа ч зарсан, одоо ганц үлдсэн МоАХ-ны өмч хөрөнгөө зарж идээд амар сайхандаа жаргах бололтой. "Пирамид орд” ХХК хөгжлийн банкнаас авсан 15 тэрбумын барьцаандаа МоАХ-ны газрыг барьцаалсан байна. Үүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож тайлбарлахаас өөр сонголтгүй.
Жирийн иргэд мөнгө хадгалуулах бүү хэл, хаана байрладаг нь ч мэдэгдэхгүй "Чингис хаан” банкинд яагаад ч юм манай төр ихэд итгэж хэдэн зуун тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгийг хадгалуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийг гаргаж өгөхгүй гүлдийсээр байгаа тэд хөгжлийн банкинд 1.1 тэрбумын өртэй ч төлөхгүй унжсаар. Тус банк нь Б.Шүхэртийн гэр бүлийн бизнес бөгөөд хүү Ш.Лхамсүрэн нь БХБ-ын дэд сайдаар ажиллаж байгаад ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдож ажлаа өгсөн. Гэвч өдгөө Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа.
Сэтгүүлчийг "ална” гэж заналхийлсэн экс элчин сайд Ё.Отгонбаяр, мөнөөх Ш.Лхамсүрэн нарын нэр холбогддог "Мондулаан трейд” ХХК хөгжлийн банкнаас 13.7 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй байна. Ё.Отгонбаяр нь зүгээр ч нэг элчин сайд биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаал хашиж явсан. МАН дотроо л өндөр боловсролтой сэхээтэн гэгддэг нэгэн билээ.
Монгол банкны эрсдлийн сангийн 10 тэрбумын зээлээ шүүхээр хаалгуулсан гэх хэрэгт нэр холбогдож сэтгүүлч Г.Өнөрцэцэгтэй шүүхдэлцэж явсан Ц.Гарамжав хөгжлийн банкны хөвсгөр бялуунаас бас яаж дутах билээ. Түүний үүсгэн байгуулсан "Монполимент” компани 122 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Найман нэрээс, уул уурхай хүртэл том жижиг бүх бизнесийг атгасан. Сумаас эхлээд улсын тендерийг хуу хамдаг гэх алдарт "Эм Си Эс” групп 385 тэрбумын зээлийг хөгжлийн банкнаас авчээ. Үүнд боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан, Япон улсын Осака хотноо суугаа консул Л.Элдэв-Очир нарын нөлөө орсон гэж саарал ордны тамхины цэгээр ярьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.