О.Цэцэнцэнгэл Парисын “Их дуулга”-аас алтан медаль хүртлээ
"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд яллаа.
Тэрбээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад мөн цэвэр ялав.
Хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.
Ингээд алтан медалийн төлөө "Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн анхны Монгол жүдоч боллоо.
Ийнхүү Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас 46 дахь медалиа хүртсэний ес дэх алтан медаль нь түүнийх байв.
Сэтгэгдэл байхгүй байна.