Төрийн нэрийг барьж хувийн хэвшлийнхнийг бас л дарамталжээ
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт "Да” хүрээ захад үйл ажиллагаа явуулж буй автомашины бизнес эрхлэгчдийг цагдаагийн хүч ашиглан эмх замбараагүй байдал үүсгэсэнд олон нийт одоо ч маш ихээр дургүйцлээ илэрхийлсээр байгаа.
Тэгвэл яг ийм үйл явцыг Сүхбаатар дүүргийн газрын албаныхан гаргасан юм. Тэд 100 айл дахь 24 чингэлгийг хууль бусаар зөөж иргэдийг хохироосон.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо буюу 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн баруун талд байршуулсан чингэлгүүдийг албадан нүүлгэх ажил явагдаж эхэлснээр багагүй үймээн дэгдсэн юм. Уг байршилд нийтдээ 65 чингэлэг байдаг. Тэдгээр нь бүгд 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн эздийн эзэмшлийнх.
Чингэлгийн эзэд тус газар бараа материалаа хадгалж, худалдаа наймаа эрхэлсээр 10 гаруй жилийг үдэхдээ иймэрхүү асуудалтай огт тулгарч байгаагүй гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд талбайн түрээс гэж сар бүр 75-150 мянган төгрөгийг СӨХ-нд тушаадаг байна.
Гэтэл гэнэт л нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө гэх шийдвэрээр Сүхбаатар дүүргийн газрын албаныхан очиж, том оврын машин авч ирж чингэлгүүдийг зөөж, иргэдийн нэлээд өрөнд оруулсан байна. Өөрөөр хэлбэл дээрх чингэлгүүдийг журмын хашаа руу зөөвөрлөн, байршуулсны төлбөрийг эзэмшигчдээс нь гаргуулах гэнэ.
Чингэлэг зөөх энэхүү шийдвэр нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн гаргасан нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх захирамжтай холбоотой аж.
Хамгийн гол нь тус дүүргийн газрын албаныхан чингэлгийн эздэд мэдэгдэлгүйгээр, шаардах хуудас наасан өдрөө чингэлгүүдийг зөөжээ.
Сүхбаатар дүүргийн газрын албаныхныг шүүхэд өгнө
Энэ талаар "Гэгээ-9” СӨХ-ныхон хэлэхдээ "Шүүхийн шийдвэргүйгээр чингэлгүүдийг зөөсөн учраас бид дүүргийн газрын албаныхныг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаа. Уг нь энэ газрыг бид хуулийн дагуу эзэмших бүрэн эрх нь бий. Гэтэл төрийн нэрийг барьж олон нийтийг ингэж хохироож болохгүй.
Тухайлбал, газрын албаныхан чингэлгийн эздэд 500-700 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ хүмүүс яаж ийм хэмжээний мөнгийг төлөх юм бэ. Хүний эд хөрөнгөд хууль бусаар халдахад чингэлэгт байсан бараа, материал эвдэрч, сүйдсэн учраас хохирлыг барагдуулж, чингэлгүүдийг байсан газарт нь буцаан авч ирэхийг бид шаардаж байна. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Тиймээс гомдлын хариуг өгөхгүй бол бид дүүргийн газрын албаныхныг шүүхэд өгч хохирлоо төлүүлэх болно” гэв.
Хэдийгээр энэ нь бодлогоор хэрэгжүүлж буй ажил ч иргэдэд хоног хугацаа төдийгүй боломж олгох ёстой гэдгийг хүн бүр л хэлж байгаа. Энд хамгийн сонирхолтой нь 100 айл орчмын газрыг "Гэгээ-9” СӨХ хуулийн дагуу эзэмших эрхтэй байдаг аж. Тэгэхээр тус газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй этгээд байсаар байтал хүний өмчид зөвшөөрөлгүйгээр халдсан тул энэ нь өөрөө гэмт хэрэг гэж хохирогчид үзэж байна.. Тэд нүүлгэх хугацаа өгсөн бол иргэд өөрсдөө машин техник олж нэг тийш нь ачуулах бүрэн боломж байсан гэдгийг ч онцлон хэлж байсан.
Гэтэл тэдэнд хугацаа ч өгөлгүйгээр, аль хэдийнэ ачиж журмын хашаанд тавьж, мөнгөө төлөөд ав хэмээн 500-700 мянган төгрөг нэхээд сууж байгаа юм.
Түүнчлэн зарим иргэн бүтэн жилээр нь газрын түрээсээ СӨХ-ндоо өгсөн байна. Тэд 10 гаруй жилийн турш мөнгөө төлөөд явж байхад иймэрхүү асуудал огт гарч байгаагүй учраас газрын түрээсийн мөнгийг дүүргийн Газрын албаны данс руу ордог гэж бодож байсан аж.
Өчнөөн жилийн дараа ийм асуудал дэгдсэнд чингэлгийн эзэд ихэд гайхаж СӨХ-гоо хардахад ч хүрчээ. Дээрх хохирогчид 10 гаруй жилийн турш улсад их хэмжээний татвар төлж худалдаа үйлчилгээ явуулж байсан нь ойлгомжтой.
Гэтэл төрийн нэрийг барьсан албан хаагчид иргэдийг ингэж хохироож байгаа нь төр, хувийн хэвшил хоёрын хооронд нэлээд том ан цав үүсэх нөхцөл байдал аль хэдийнэ үүссэн байна.
Өглөөний сонин
Р.Саруул