Хөдөлмөрийн баатар Б.Баастын "Ус хаа ч адилхан" үзэсгэлэн гарч байна
Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Б.Баастын мэндэлсний 100, 101 насны ойг тохиолдуулж "Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэн, "Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”-1, 2 боть номын нээлт болжээ. Зохиолч Б.Бааст нь утга зохиолоос гадна баримтат гэрэл зураг авч, хальсаа гар аргаар боловсруулж байсныг гэрчлэх 300 гаруй хальс хувийн архивт нь хадгалагдан үлджээ.
Түүний архивт Дэлхийн хоёрдугаар дайны дараах Герман улсын бүтээн байгуулалт, Монголд өрнөсөн дайныг эсэргүүцэх жагсаал, Америк Вьетнамын дайны аж байдал, Хятадын соёлын хувьсгалын өмнөх үе, монголчуудын ахуй амьдрал, хөрөг зураг, тэр дундаа хүүхдүүдийн төрхийг бодитой, уран сайхантайгаар илэрхийлж ХХ зууны монголчууд болоод дэлхий нийтийн өнгө төрхийг нэвт шингээсэн түүхийн онцгой судалбар үлджээ.
Тэдгээр гэрэл зургийн бүтээлийг түүний өвийг залгамжлагч гэр бүл, үр хүүхдүүд нь нээн илрүүлж, зохиолчийн өөрийн амьд ахуйдаа гэрээслэн үлдээсэн хэвлэн нийтлэх зөвшөөрлөөр мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтран гэрэл зургийн "Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”: Нэгдүгээр боть-"Ус хаа ч адилхан”, хоёрдугаар боть-"Бидэнд даарах зав байсангүй” хэмээх хоёр боть бүтээсэн байна. Мөн энэхүү ном, үзэсгэлэнд дэлгэгдэж буй 1956-1980 он хүртэлх гэрэл зургийн бүтээлүүдийн тайлбарыг зохиолчийн өдрийн тэмдэглэл, шүлэг зохиолоос нь эмхэтгэн бүтээжээ. Үзэсгэлэн "MN" арт галерейд энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
http://eagle.mn/r/106566
Сэтгэгдэл байхгүй байна.