Залуу жүдочид хүч түрж, жүдогийн домог зодог тайлсан улсын аварга
Монголын үндэсний бөхийн өргөө гурван өдрийн турш үзэгчдээр дүүрэн байлаа.Танхим руу ороход үзэгчдийн уухайн дуу цуурайтаж, Учир нь энэ өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн найман жинд амжилттай болж, аваргуудаа шалгаруулсан юм. Тэмцээнд хот, хөдөөгийн 34, сургалтын төвийн 280 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн УАШТ-ий тухай гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох "Олимп болоход нэг жил дутуу байна. Энэ жилийн улсын аварга олимпын наадмын эрхийн өмнөх буюу олон улсын тэмцээнүүдэд хэн оролцох вэ гэдгээ шалгаруулах хариуцлагатай тэмцээн. Тиймээс барилдаан бүр өрсөлдөөнтэй болж байна. Тамирчдын хувьд ихэвчлэн залуу жүдочид өрсөлдлөө” гэсэн юм. Тэмцээнийг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн бол тэмцээний ивээн тэтгэгч "Монретранс” группын зөвлөх, Андрей Черних "Манай групп энэхүү тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохиож байгаадаа баяртай байна. Монголчууд жүдо бөхдөө ямар хайртай болохыг энд цугласан та бүхнээс харж байна. Шинэ оны анхны тэмцээн дараагийн тэмцээний суурь болдог. Бид жүдогийн спортыг илүү өндөрт мандуулахын төлөө хичээж ажиллах болно” гэж хэлснээр энэ удаагийн тэмцээн албан ёсоор нээсэн юм.
М.ИЧИНХОРЛОО АВАРГАА ХАМГААЛЖ, БУСАД НЬ ЧАДСАНГҮЙ
Энэ удаагийн улсын аваргын тэмцээний ерөнхий шүүгчээр 2020 оны олимпын наадмыг дэнсэлсэн Т.Энхцэцэг ажиллав. Түүний хувьд өнгөрсөн онд болсон "Улаанбаатар их дуулга-2022” болон Гранд сламын медалийн төлөөх барилдаануудыг шүүсэн. Харин түүнээс гадна дэвжээн дээр 12 шүүгч ажилласан юм. Эхний өдрийн барилдаанд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулсан бол хоёр дахь өдрийн барилдаан хөнгөн жингийн тамирчдын хооронд өрнөсөн юм. Тус барилдаан зургаан жингийн хооронд болж улсын аваргууд тодров. Тэмцээний эхний өдрийн барилдаанд 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Пунцагцэрэн, 100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар түрүүлсэн бол 57 кг-д М.Ичинхорлоо юм. Харин 70 кг-д Б.Баасанжаргал, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Д.Номинзул нар анх удаа түрүүлсэн билээ. Энэ өдрийн онцлох барилдаан Ө.Дүүрэнбаяр болон О.Цэцэнцэнгэл нарын хооронд болсон. Ө.Дүүрэнбаярын хувьд Токио-2020 наадмын тугчаар оролцож, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол О.Цэцэнцэнгэл Парисын Гранд сламын аварга болж байв. Хүчтэй хоёр жүдоч гал гарсан, чамгүй өрсөлдөөнийг үзүүлж Ө.Дүүрэнбаярын ялалтаар өндөрлөлаа. Энэ өдрийн барилдаануудыг дүгнэхэд өмнөх жилийн аваргуудаас М.Ичинхорлоо л улсын аваргаа хамгаалж, алтан медаль хүртжээ. Харин бусад жинд залуу жүдочид тэргүүлсэн, онцлогтой өдөр болж өндөрлөв.
Х.ЦАГААНБААТАР 22 ЖИЛИЙН СПОРТЫН ЗАМНАЛДАА ЦЭГ ТАВИВ
Энэ жилийн улсын аваргын тэмцээний сэтгэл догдлуулж, жүдо сонирхогчдыг огшуулсан нэгэн үйл явдап нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлсан явлал байв. Түүний хувьд 90 кг-ийн хүрэл медалийн төлөө барилдах үеэрээ дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, зодог тайлах болсноо зарласан юм. Тэрбээр "22 жилийн золтой өдрүүдийн хором бүрт хамт байж, дээлийн минь захыг мушгиж уухайлсан дэндүү өгөөмөр ард түмэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр албан ёсоор дэвжээндээ хүндэтгэл үзүүлж санаа амарлаа. Миний хувьд 2002 онд анх энэ өргөөний дэвжээн дээр барилдаж эхэлсэн. Энэ жил сүүлийн удаа дэвжээнд гарч тоогоо тэгшлэн өөрийн барилдаанаа дуусгая гэж бодсон. Одоо шавь нараа бэлтгэх ажил эхэллээ. Өөрөө гаргаагүй амжилтаа шавь нараараа гаргуулахыг хүсэж байна” гэв. Өдгөө 38 настай түүний хувьд 2004 оны Афины олимпоос мөнгө, 2009 оны Роттердамын дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан билээ. Х.Цагаанбаатар Монголын жүдо бөхийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд олонтоо дуурсгаж явсан энэ цаг үеийн шилдэг жүдоч билээ.
"ЭНЭ ЖИЛ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ САЙН БАЙСАН УЧИР ДУТУУГАА ГҮЙЦЭЭЛЭЭ”
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)
Сэтгэгдэл байхгүй байна.