"Мөсөн өргөө"-нд насан туршийн дурсамжаа бүтээсэн аав хүү хоёр
Монголын спорт сонирхогчид гуравдугаар сарыг шайбтай хоккейгоор амьсгалж өнгөрүүлсэн гэхэд хэтрүүлэг болохгүй. Ийм боломжийг "Стэп Арэна" буюу "Мөсөн өргөө" олгосон юм.
Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр "U18" насны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болоход манай хөвгүүд хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Хөвгүүдийн хүрэл медалийн цуурай намжиж амжаагүй байхад Монгол Улсын түүхэнд тод үсгээр бичигдэх IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, эхний тоглолтод Кувейтийг 8:0-ээр илүүрхэж хожсон манай шигшээ баг хоёр дахь өдөр нь Филиппинд нэмэлт цагт 6:7-гоор харамсалтайгаар хожигдож, сүүлийн өдөр Индонезийг 5:1-ээр буулган авснаар мөнгөн медаль хүртэж, Монголын өвлийн спортын түүхэнд тодоор бичигдэх шинэ хуудсыг нээсэн юм.
ДАШТ-ий хаалтын ёслолын үеэр Монголын шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэн зодог тайлах болсноо зарласан. Багийнхаа амжилтад зохих хувь нэмрээ оруулж, хамт олноо атгасан гар шиг нэгтгэж чадсан энэ хоккейчин ийнхүү зодог тайлах болсон нь ч бас учиртай. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д өөрийн хүүтэй хамт нэг баг болж, нэг цул болж мөсөн талбайд гарсан.Өөрөөр хэлбэл, Монголын шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн, түүний хүү Мишигсүрэнгийн Чинзолбоо нар дэлхийн аваргад хамтдаа мөсөн дээр мөр зэрэгцэн тоглож, медаль хүртсэн нь хоккейн төдийгүй Монголын спортод урьд өмнө байгаагүй ховорхон хувь тохиол болсон юм.
Н.Мишигсүрэн сүүлийн 20 гаруй жил Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Хангарьд” клубт үнэнчээр хүчин зүтгэсэн тамирчин. Харин энэ жил лигийн тэмцээнд өөрийн төрж өссөн, унаган баг Дархан-Уул аймгийн Шарын голоос тоглож мөнгөн медалийн эзэн болсон.
Тэрбээр 2006 онд анх Монголын хоккейн шигшээ багт, 2012 оноос хойш өнөөг хүртэл Монголын шигшээ багийн ахлагчаар тоглож, 2018 онд Филиппинд, 2019 онд Малайзад болсон "Challenge Cup” тэмцээнд түрүүлж, 2013, 2014, 2015, 2016 онд хүрэл медаль хүртэхэд бүгдэд нь гар бие оролцсон туршлагатай хоккейчин төдийгүй тоглолтын тоо, авсан оноогоороо Монгол Улсынхаа бүх цаг үеийн рекорд амжилтыг эзэмшдэг.
Өдгөө 40 настай түүний хувьд нутгийн "Мөсөн өргөө"-ндөө багийн ахлагч хүн ямар байдгийг, туршлага гэж юу байдгийг тоглолтоороо үлгэрлэн харуулж 2 шайб оруулснаас гадна дүү нартаа 4 гоолын боломжийг гаргаж өгч, багаа хэрхэн амжилтад хүргэснийг спорт сонирхогчид харсан гэдэгт итгэлтэй байна.
Ирэх наймдугаар сард 17 нас хүрэх түүний хүү Чинзолбоо хар багаасаа аавыгаа дагаж тэшүүр углаж, цохиуртай нөхөрлөж хоккейн спортыг сонгожээ. Орхон аймгийн IV дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч хүү гуравдугаар сарын 6-11-нд "Стэп Арена”-д болсон 18 хүртэлх насны Ази, Номхон далайн орнуудын "Challenge Cup” тэмцээнд шигшээ багт сонгогдож хүрэл медаль хүртэхэд багийн довтолгооны гол цөм байж, 9 гоол, 11 дамжуулалт өгч, нийт 20 оноо авч, мэргэн буучдын жагсаалтад аман хүзүүдсэн юм.
Монголын хоккейн ирээдүйг авч явах М.Чинзолбоо хүү IV дивизионы дэлхийн аваргад томчуудын багт зүгээр ч нэг сонгогдоогүй гэдгээ хоккей сонирхогчдод харуулж, 3 тоглолтод 4 гоол оруулж, 1 дамжуулалт өгч ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтад аавтайгаа хамт "Топ-10"-т багтжээ.Тэр бүү хэл, Филиппиний шигшээ багтай эн тэнцүү өрсөлдсөн, ёстой нөгөө спорт сонирхогчдын хэлдгээр "гал гарсан” тоглолтын үед аав, хүү хоёр тус бүр нэг гоол оруулж, "Мөсөн өргөө"-ний мөсөн талбайд насан туршийн дурсамжаа бүтээсэн юм.
https://montsame.mn/mn/read/316084
Сэтгэгдэл байхгүй байна.