Европын шигшээ финалд шалгарлаа
3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй шайбтай хоккейн Дэлхийн цомын тэмцээний шигшээд өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Эхний эрхийг 2004 оны Дэлхийн цомын аварга Канадын шигшээ баг аваад байсан. Алдарт дасгалжуулагч М.Бэбкокоор удирдуулсан С.Кросби, Ж.Торнтон, К.Перри, Й.Тэйвз, Ж.Таварес ...тэргүүтэй ҮХЛ-н шилдэг одуудаас бүрдсэн "Агч мод”-ны орон буюу Канадын шигшээ баг хагас шигшээд П.Дацюк, А.Овечкин, Е.Малкин тэргүүтэй "Улаан машин” Оросуудыг 5-3 харьцаагаар буулгаж авсан.
Тэгвэл нөгөө талд "Гурван Титэмт” Шведийн шигшээ баг Европын шигшээ багтай тоглосон. Тус тоглолтонд нийт 5 гоол орсон бөгөөд тун өрсөлдөөнтэй, ширүүн болж нэмэлт цагт ялагч тодорсон. Ингэхдээ Шведүүд биш харин Европын шигшээ ялалт байгуулсан. Тоглолтын 1-р үед гоол ороогүй бөгөөд 2-р үед Шведийн шигшээ багаас Л.Бекстрём гоол оруулсан. Гэвч энэ өдөр Европын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх Словак залуус гайхалтай тоглож, М.Габорик тоглолтын 2-р үед тэнцээний гоолыг оруулсан бол Т.Татар 3-р үед болон нэмэлт цагт гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн.
- Швед 2-3 OT Европын шигшээ (гоол: Л.Бекстрём, Э.Карлссон, М.Габорик, Т.Татар, нэмэлт цагт Т.Татар)
Тэмцээний өмнө Герман дасгалжуулагч Р.Крюгерээр удирдуулсан Европын шигшээ багийг шигшээд шалгарна хэмээн зоригтой хэлэх хүн байгаагүй л болов уу? Ялангуяа энэ удаагийн Дэлхийн цомд оролцож буй 8 багаас хамгийн ахмад тоглогчидтой баг. Европын шигшээ багийн 23 тоглогчийн 13 нь 30-аас дээш насных. Хамгаалагчдаас З.Хара гэхэд 39 настай, мөн М.Штрайт 28, Д.Зайдеберг 35 настай. Довтлогчдоос М.Хосса 37 настай ... гээд нэрлээд байвал 30-аас дээш настай тоглогчид багийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа. Дээр нь 8 өөр улсын тамирчдаас бүрдсэн. Магадгүй хэлний бэрхшээлээс эхлүүлээд соёлын ялгаатай ч байж болох юм. Гэхдээ энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд хэрхэн нэгдэж, нэг баг болж чаддагийг харуулж, мөн Герман дасгалжуулагч эдгээр 23 тамирчдыг яаж нэгтгэж чадаж байгааг хоккей сонирхогч нарт харуулж чадлаа. Шигшээд шалгараад байгаа Европын шигшээ багийг финалын цуврал тоглолтонд хожигдоход хэн ч гайхахгүй, хэн ч буруутгахгүй. Магадгүй тэдний гайхамшиг үргэлжлэх ч юм билүү? Зөвхөн харах л үлдлээ. Шигшээ тоглолт цуврал 3 тоглолтоор явагдах бөгөөд аль түрүүлж 2 хожсон нь алтан медалийн эзэн болно.
Шигшээ тоглолтын хуваарь: Улаанбаатарын цагаар
- 9.28-ны Лхагва гарагт 08:00 цагаас
- 9.30-ны Баасан гарагт 08:00 цагаас
- 10.02-ны Ням гарагт 07:00 цагаас
Сэтгэгдэл байхгүй байна.