“Нээлттэй Хөвсгөл-2023” маргааш, нөгөөдөр Сүхбаатарын талбайд болно
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран "Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа аж. Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцох бөгөөд "Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, "Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, "Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, "Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, "Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, "Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, "Хөх сувдын орон” урлагийн тоглолт, "Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, "3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэжээ зохион байгуулагдах юм байна.
Тус үйл ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг "Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийн хүрээнд 12 төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаа аймгаараа ажиллаж, аялж байхад төрсөн. Энэ зун манай аймагт томоохон баяр наадам, эвент арга хэмжээнүүд олноор болсон "Сарлагийн фестиваль”, "Алунгоо хатны баяр”, Монгол бөхийн шүтээн”, "Хийморь цогцолбор” барьж байгуулсны баяр гээд бүх арга хэмжээнд нь бид оролцсон. Манай монголчуудын нэг нийтлэг уламжлал нь нутагтаа очих, нутгийнхаа аливаа арга хэмжээнд оролцож анги хамт олонтойгоо уулзаж холбоотой байя гэсэн сэдэл, эрмэлзэл хүн бүрд байна. Харин баяр ёслол бүгдээс ажиглагдсан нэг зүйл гэвэл ажил хэрэгч уур амьсгал энэ үеэр бүрддэггүй юм шиг санагдсан. Тиймээс зөв зүйтэй тодорхой зүйлд ажил хэрэгч хандлага хэрэгтэй. Энэ хандлага руу бид чиглүүлэх нь цаг үеэ олох юм шиг санагдсан. Ялангуяа Улаанбаатар хотынхонд цаашлаад дэлхийд Хөвсгөлийнхнөө зөвөөр таниулах,салбар, салбарын төлөөллийг танилцуулахажил хэрэгч уулзалт чухал санагдсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо бусадтайгаа хуваалцах, бараа солилцоо яагаад хийж болохгүй гэж. Нутаг дотроо, ах дүү дотроо яагаад бид ажил хэрэгч санал тавьж уулзалт хийж болохгүй гэж. Тиймээс Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр л зорьсон” гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.