С.Мөнгөнчимэг: Ирэх оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон

0

С.Мөнгөнчимэг: Ирэх оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон

Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийн төслөө өргөн барьсан. Тиймээс 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийн гол онцлог юу байх вэ?

-Өнгөрсөн 2020, 2021 оны төсвүүд ерөнхийдөө ковидын нөхцөл байдалтай, түүнд зориулсан байсан. Харин ноднин жилийнх бол "Шинэ сэргэлтийн бодлого” буюу боомтын сэргэлт, экспортыг нэмэгдүүлэх тал руу чиглэж хийгдсэн бол энэ оны төсөв илүү ил тод байх. Ялангуяа уул уурхайг дагасан далд эдийн засгийг ил болгох дээр ажиллаж, нэлээд үр дүнд хүрч, төсвийн орлогын нэмэгдэл маань 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нэмэгдлийг төсвийн тодотгол хийж долоодугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн онцлогтой төсөв болсон. Тэгвэл ирэх оны төсвийг хот, хөдөөгийн тэнцвэр буюу орон нутаг руу хандсан онцлогтой төсөв болсон гэж хэлж болно. Үүн дээр нэмдээ боловсруулах, баяжуулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, аж үйлдвэржилтийг дэмжих бодлогуудыг төсөв дээрээ оруулаад явж байгаа. Төсвийн ерөнхий аргачлал дээр бол ил тод, үр ашигтай байх гэсэн үндсэн зарчим дээрээ явж байгаа. Мөн төсвийн шинэчлэлийн хүрээнд үр ашгийг нь нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй төсөв дээр гол анхаарал хандуулсан. Хөрөнгө оруулалтын хувьд гэвэл ногоон хөрөнгө оруулалт буюу аль болохоор эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг түлхүү хийх зохицуулалт, аргачлалыг оруулж өгсөн төсөв болж чадсан гэж харж байгаа.

-Иргэдийн оролцоотой төсөв боллоо гэж ярьж байгаа. Ерөнхий сайд орон нутгаар явж, иргэдээр асуудлыг нь эрэмблүүлээд түүнийх нь дагуу ирэх олны төсөвт тусгаж өгөх тухай ярьсан. Гэтэл нөгөө талдаа сонгуулийн жил таарч байгаа учраас хэт их амлалтын шинжтэй боллоо гэх нь ч байна.

-Ирэх оны төсвийн нэг гол онцлог бол яах ч арга байхгүй иргэдийн оролцоог түлхүү хангаж өгсөн. Иргэдийн оролцоог бий болгож өгснөөрөө хүсэж байгаа хөрөнгө оруулалтыг үр ашигтайгаар төсвийн бодлогоор дэмжиж өгөх нь гол зорилгын нэг. Энэ хүрээндээ энэ жилээс эхлэн төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн саналыг түхлүү тусгах байдлаар явсан. Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын гишүүдээс бүрдсэн баг бүрэлдэхүүн төсвийн өмнөхөн 16 аймагт ажилласан. Тухайн орон нутгийн иргэд маань яг юуг хүсэж байгаа юм. Ямар бодлого шийдвэр орон нутагт хэрэгтэй юм, хөрөнгө оруулалтуудыг иргэд маань яаж эрэмбэлж байгаа вэ гэдгийг харсан. Түүнээс биш хүссэн болгоныг нь төсвт тавих боломж, бололцоо байхгүй. Төсөв өөрөө хязгаарлагдмал зүйл. Тиймээс асуудлуудыг нь тодорхой байдлаар эрэмблүүлсэн. Үүнийхээ дагуу хөрөнгө оруулалтуудыг ирэх оныхоо төсөв тавьж өгсөн. Энэ оны хувьд бол шинэ хөрөнгө оруулалт тавилгүйгээр хуучин хөрөнгө оруулалтуудыг дуусгая гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Харин оны төсөв дээр яах ч арга байхгүй шинэ хөрөнгө оруулалтыг тавих зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд тухайн орон нутагт амьдарч байгаа хүн бүрд эрэмбэлэх бололцоог олгосноороо харьцангуй хөрөнгө оруулалтын бодлого маань зөв шударга болсон. Иргэд маань санал хүсэлтээ тавьчихсан, буцаад хяналт тавих талаасаа ч эерэг үзүүлэлт үзүүлнэ гэж бодож байна. Өмнө нь бол нэг суманд бүтээн байгуулалт нь давхацлаа ч гэдэг юм уу шүүмжлэл гардаг байсан. Мөн Сангийн яамны зүгээс хөрөнгө оруулалтын бодлого дээр сүүлийн үед үр ашигтай байх, богино хугацаанд бүтээн байгуулдаг байхад илүү анхаарч байгаа. Тэгэхгүй болохоор олон жил сунжраад, төсөвт өртөг нь нэмэгдээд яваад байдаг нь гүйцэтгэж байгаа компани, Засгийн газартаа ч хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр энэ хүндрэлийг богино хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээд, чанартай бүтээн байгуулдаг байх хэрэгтэй. Ирэх оны төсөв дээр хөрөнгө оруулалтыг хамгийн дээд тал нь гурван жил байхаар тусгасан. Төсвийн тухай хуульд ч ингэж өөрчилж оруулсан. Санхүүжилтийн дүнг нь гурван жилдээ тэнцүү хуваагаад төсөвт суулгаж өгнө. Тийм ч учраас ирэх онд шинээр санхүүжих хөрөнгө оруулалтуудыг гурав хуваасны нэгийг нь тавиад өгчихсөн гэсэн үг. Өмнө нь бол гурван тэрбумын цэцэрлэгийн барилгыг 50, 100 сая төгрөгөөр дөнгөж эхлүүлээд яваад байдаг байсан. Нийтдээ 1050 хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд ирэх онд эхлэхээр байгаа. Үүний 498 нь шинэ, 550орчим нь шилжих хөрөнгө оруулалт байна. Шинэ хөрөнгө оруулалтуудаа бол бид гурван жилдээ багтаан бүтээн байгуулна. Төсөв гэдэг тодорхой зарчим, хуулийн хүрээнд зохиогддог учраас ямар нэгэн байдлаар хуулиас гажих, сонгууль руу чиглэсэн төсөв батлах боломжгүй. Магадгүй бид сонгууль руу чиглэсэн гэх юм бол шинээр эхэлж байгаа хөрөнгө оруулалтуудыг гурав тэнцүү санхүүжилтийг нь өгөх биш олон төсөл хөтөлбөрүүдийг бага, бага дүнгээр санхүүжүүлэх байх л даа. Гэхдээ бид зарчмынхаа дагуу л явж байгаа.

-Төсвийн зарлагын хувьд хэр байгаа вэ?

-Зарлагын өсөлт тодорхой хэмжээгээр өндөр байгаа. Яагаад ингэж өсөж байгаа юм бэ гэдгийг дөрвөн том зарлагыг харахад л ойлгомжтой болж байгаа юм. Нэгдүгээрт, долоодугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Төсөв маань хагас жилээр 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсан учраас энэ боломжийг хамгийн түрүүнд хүмүүсийн гар дээр хүргэхийн тулд цалин, тэтгэврийг нэмэх нь чухал гэж үзсэн. Өнгөрсөн 2020 оноос хойш цалин, тэтгэврийг тэр бүр нэмж чадаагүй. Ингээд тодотгол хийж 1.6 их наяд төгрөгөөр цалин, тэтгэврийг нэмсэн. Тэгэхээр ирэх онд энэ ачаалал маань хоёр дахин нэмэгдэж буюу 3.2 их наяд төгрөг болоод ирж байгаа юм. Мөн ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс инфляцтай уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Нийтлэг үйлчилгээнийхний цалин 20, бусад төрийн албан хаагчдынх 10, тэтгэвэр, тэтгэмж 10 хувиар тус тус нэмэгдэнэ. Энэ нэмэгдэлд 881 тэрбум төгрөгийг нэмж тусгаж байгаа. Хугацааг нь яагаад дөрөвдүгээр сарын 1 гэж тооцсон гэхээр инфляцийг хөөрөгдөхгүй, шингээх нь чухал гэж үзээд энэ хугацааг тооцож гаргасан. Хоёрдугаарт, гарсан хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэх зайлшгүй үүрэг хүлээсэн байдаг. Тийм болохоор Боловсолын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль гэсэн хоёр хууль дээр нийтдээ 600 тэрбум төгрөгийн нөлөөлөл орж ирж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа асран хамгаалагчийн нийгмийн даатгалыг улсаас 10 хувь дааж байгаа. Тэтгэврийг долоон жилээр боддог байсныг тав болгож бууруулсан. Мөн нас барсан иргэний тэтгэврийн 20 хувийг ар гэрт нь өвлүүлдэг болсон гээд нөлөөллүүд бий. Боловсролын хууль дээр гэхэд л багш нарын гурва, таван жилийн нэмэгдэл, багшийн мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлэг гээд нэмэгдэл гарч байгаа. Гуравдугаарт, ирэх онд нэг удаагийн зардлууд нэлээн хэд гарна. Сонгууль, олимпийн зардал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговорын зардал, төрийн байгууллагуудын норм норматив шинэчлэгдэж байгаа, геологи хайгуулын зардалд 40 тэрбум төгрөг зэрэг зардлууд гарна. Мөн өмнө нь орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авдаг байсан. Хорин хувийн эл нэмэгдэл дээр нь тухайн аймаг нь давсан орлого, боломжоосоо хамаараад 100 хувь хүртэл нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн. Энэ хүрээнд нийт найман аймаг, хамгийн дээд тал нь 80 хүртэл хувиар нэмэгдүүлээд явж байгаа. Тэгвэл ирэх оноос зөвхөн төрийн захиргааны албан хаагчид биш нийтлэг үйлчилгээ гээд орон нутагт ажиллаж байгаа бүх хүн дээр аймгийн төвд 20 хувь, суманд 40 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Үүнд тодорхой зардлууд гарч, зайлшгүй нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд УИХ-аас тогтоол гарсан. Барилгын төсөвт өртөг, нэмэгдлийг аудитын байгууллагаар аудитлагдаад түүнийг нь ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр болсон. Энэ хүрээнд 214 төсөл, хөтөлбөрийн 560 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн нэмэгдлийг ирэх оны төсөв дээр бас нэмж оруулж өгсөн. Эдгээр зардлууд багцлагдаад ирэхээр ирэх оны төсвийн зарлага дээр тодорхой хэмжээний өсөлтийг бий болгож өгч байгаа.

-Төсвийн алдагдлыг хэд байхаар тооцсон бэ?

-Ирэх оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар харж байгаа. Энэ нь манай Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэнэ. Харин 2.1 их наядын 1.3 нь эх үүсвэртэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл, тусламжийн ашиглалт гэсэн үг. Үлдсэнийг нь Тогтворжуулалтын сан, Засгийн газрын дотоод бонд гаргаж байж санхүүжүүлнэ гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй тооцооллыг гаргасан. Төсвийн төсөл дээр эдийн засагчид маань илүү анхаарал хандуулдаг. Яг төсвийн гүйцэтгэл маань хэр байгаа дээр тэр бүр анхаараад байдаггүй. Төсвийн төслөө гүйцэтгэл дээрээ харьцангуй сайжирч гарах болов уу гэж бид харж байна. Сүүлийн 2-3 жил төсвийн төсөл яг гүйцэтгэл дээрээ нэлээн сайжирч гарч байгаа. Ноднин жил бол төсвийн алдагдал 2.8 их наяд төгрөг байсан бол гүйцэтгэл дээрээ нэг их наяд болж гарсан. Гүйцэтгэлээрээ 1.8 их наядыг илүү сайжруулж чадсан. Яг иймэрхүү байдлаар гүйцэтгэл маань илүү их чухал. Дээр нь энэ гүйцэтгэл дээрээ суурилаад дараа жилийн төсвийн төслүүдийн бэлтгэл ажлууд явдаг. Энэ оны төсвийн төсөлд орлогоо давж биелэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Нийтдээ 22.9 их наядын буюу төлөвлөснөөсөө нэг их наядаар илүү орлого олох юм байна гэж харж байна. Яагаад гэхээр бид энэ жил 50 сая тонн нүүрс гаргана гээд төлөвлөсөн бол одоогийн байдлаар 47.9 сая тонныг гаргасан байна. Энэ эрчээрээ явах юм бол 52 сая тонныг гаргана. Үүнээс ч илүүг гаргах боломж байна гэж үзэж байгаа.

-Ирэх онд 60 сая тонн нүүрс гаргана гэж тооцсон байсан. Манай төсвийн орлогыг уул уурхайгаас хэт хамааралтай гэж ярьдаг. Тэгвэл уул уурхайгаас бусад салбараас олох орлогоо хэрхэн харж байгаа вэ?

-Манай эдийн засаг яах ч аргагүй л уул уурхайгаас хамааралтай болчихоод байгаа юм. Тиймээс эдийн засгаа солонгоруулах гэдэг бодлого маань байнга л явж байдаг. Гэхдээ энэ бол тийм хурдан ирэх шилжилт биш. Тодорхой цаг хугацаа орох асуудал. Ирэх онд уул уурхайгаас гадна тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүд хөдөө аж ахуй, аялал жуулчлалаас орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь манай дараагийн бололцоо нөөцтэй хоёр салбар бол энэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогоор ч гэсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дэмжсэн. Засгийн газраас аялал жуулчлалын жилүүд зарласан бол Ерөнхийлөгчийн санаачилсан ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын хүрээнд энэ талд нэлээд анхаарал хандуулж байгаа. Үүний хүрээнд энэ намрын хувьд улаанбуудай, төмс, ургамлыг тосыг 100 хувь, хүнсний ногооны 83 хувийг дотоодоосоо хангах юм байна гэсэн урьдчилсан блансын мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргаж байгаа. Тэгэхээр энэ мэтчилэн тодорхой үр дүн, нөөц бололцоонууд гарч байна. Нэмээд мах, арьс ширний боловсруулах тал дээр тодорхой дэмжлэгүүд бий. Ирэх онд аж үйлдвэрийн паркууд, уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд дээр татварын бодлого хэрэгжиж байгаа. Тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг 100 хувь чөлөөлж, гаалийн НӨАТ-ыг нь нэг удаад дөрвөн жилээр хойшлуулах зохицуулалт хийгдэнэ.

-Ипотекийн зээлийн асуудал хэрхэх вэ. Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт мөн энэ зээлийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа байх?

-Ипотекийн зээл маань Монголбанк, арилжааны банкууд хамтран 2013 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр. Өмнө нь 2006 оноос эхэлсэн ч тухайн үед арилжааны банкууд зах зээлийнхээ дагуу хүүгээр явдаг байсан. Ингээд 2013 оноос найм, дараа нь 2018 оноос зургаан хувь болоод явж байна. Ноднин жилээс эхлэн орон нутаг дахь нь гурван хувь болсон. Орон сууцжуулах энэ хөтөлбөр дээр ирэх оноос Засгийн газраас Монголбанк, арилжааны банкуудтайгаа ярьж байгаа нэлээд далайцтай, хүчийг нь нэмэгдүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Орон нутагт барилгын компаниуд байшин бариад түүнийгээ борлуулсан орлогынх нь 90 хувиас татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улаанбаатар хотын захын гурван дүүрэг, Дархан, Эрдэнэтэд 50, бусад аймгууд дээр 90 хувиас хөнгөлөлт үзүүлнэ. Мөн түрээсийн орлогоос нь ч гэсэн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Засгийн газрын зүгээс Монголбанктай орон нутагт худалдан авалтыг дэмжих тал дээр ярьж байна. Санхүүжилтын эх үүсвэрийнх нь 20 хувь нь орон нутаг руу явдаг байсан бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувийг нь орон нутагт явуулахаар болсон. Цаашлаад энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх байдлаар зохицуулалтыг нь хийж байна. Орон нутгийн гурван хувийн хөнгөлөлтийг 4200 өрхөд өгөхөөр тооцож, төсөвт 16 тэрбум төгрөгийг суулгасан. Мэдээж орон нутгийг орон сууцжуулахад дэд бүтцийг нь улсын төсвөөс зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд ирэх оны төсвөөс 10 аймагт Дулааны цахилгаан станц, дэд бүтцийг нь татах хөрөнгө оруулалтыг гаргана. Бид улсын хэмжээнд хэдэн сум нь дэд бүтцийн бололцоотой, хэд нь боломжгүй юм гэдэг судалгааг хийсэн. Дэд бүтцийн боломжтой аймаг, суманд барилгын компаниудаа дэмжиж, иргэдээ ипотекийн зээлээр нь дэмжиж өгөөд дэд бүтэцгүй сумдад улсын төсвийн хөрөнгөөр үүнийг нь шийдэх шаардлага байна гэж үзсэн. Гэхдээ үе шаттайгаар хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Дээрээс нь ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтад бид ногоон хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн. Ингэхдээ туршилтаар хоёр цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг тусгасан. Одоо байгаа адилхан хүчин чадалтай, уламжлалт барилга байгууламжаас 70-80 хувийн бага урсгал зардал гардаг гэсэн тооцоо гарсан. Дэлхийн чиг хандлага ч өөрөө ийшээ явж байна. Тиймээс энэ чиглэлийн барилгын компаниудтайгаа хамтарч ажиллах, компаниуд маань илүү туршлагажих боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Ирэх оноос үндэсний хэмжээний томоохон эмнэлгүүдийн ажлыг эхлүүлнэ гэсэн. Ер нь ирэх жил ямар, ямар томоохон бүтээн байгуулалтуудыг хийх вэ?

-Эд, эс, эрхтэн шилжүүлэх болон Зүрх судасны, Халдвартын гэсэн гурван эмнэлгийн ажлыг ирэх жил эхлүүлнэ. Эд, эс, эрхтэн шилжүүлэх эмнэдэг бол 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, ирэх жил 40 тэрбум төгрөгийн санхүүжилтыг нь гаргаад бүтээн байгуулалтыг нь эхлээд явна. Нөгөө хоёр эмнэлгийн хувьд эхлээд дэд бүтцийг нь 16 орчим тэрбум төгрөгөөр хийнэ. Үүнээс гадна "Шинэ сэргэлийн бодлого”-ын хүрээнд хийгдэх тодорхой бүтээн байгуулалтууд ч бий. Мөн ирэх жил замын их засварт нэлээд анхаарал хандуулна. Дорнод, Дундговь зэрэг аймгуудын замын засварт 300 орчим тэрбум төгрөгөөр засахаар тусгаж өгсөн. Мэдээж нийгмийн чиглэлийн эмнэлэг, сургууль зэргийн хөрөнгө оруулалтууд ч гэсэн ороод явж байгаа.                  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.