Алтайн 500 залуус “ӨВЛИЙН ЦЭНЭГ”-ээ авлаа
Олон улсын хүүхдийн "Найрамдал” төвд зохион байгуулсан уг үйл ажиллагаанд Алтай нутгийн 18 сумын 500 залуус оролцож "Цагийн зөрүү”, "Хязгаараа тэл”, "Ээ дээ энэ Говь-Алтайхан уу”, "Good students”, "Сэтгэлийн хүчээ ирээдүйд”, "Түүчээ залуус”, "Өвлийн цэнэг” гэсэн долоон өртөөгөөр буухиалан аялж, мэдээлэл солилцон, бие биеэсээ суралцаж, цэвэр агаарт дуу хууртай, бүжиг наадамтай нэгэн өдрийг өнгөрүүлж "Өвлийн цэнэг”-ээ авлаа.
"Алтайчууд бид хөрсөндөө "АЛТ”-тай, хүн ард нь оюундаа "АЛТ”-тай ард түмэн. Тэдгээр оюунлаг Алтайчуудын асаасан амжилтын бамбарыг залуус үргэлжлүүлэн буухиалсаар явна” хэмээн "Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин онцлон хэлж, "Зулай цагаан алтай” дуугаа эгшиглүүлснээр "Өвлийн цэнэг” /winter charge/ үйл ажиллагаа эхэлсэн юм.
Өдөрлөгт тус холбооны тэргүүнээр ажиллаж байсан Б.Сүхбаатар, Т.Сайхнаа болоод дэд тэргүүн, бодлогын хорооны гишүүд, бодлогын хэрэгжилтийн хорооны залуус оролцлоо.
Тус холбоог 2008-2013 оны хооронд удирдаж байсан гурав дахь үеийн тэргүүн Б.Сүхбаатар 20 жилийн ойн хүрээнд тухайн үеийн баг хамт олныхоо нэрэмжит ажил болгон "Өвлийн цэнэг” үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэн оролцлоо.
Өдөрлөгийн үеэр холбооны зургаа дахь үеийн тэргүүн Т.Сайхнаагийн санаачилгаар хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийн хорооны дунд зохион байгуулсан "+100” хөтөлбөрийн эзэд тодорлоо. Бусдаасаа манлайлж, идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан залуусыг "Ирээдүй Алтай” холбооны Эрдэнэ сумын салбар зөвлөл тэргүүлж, Цогт, Баян-Уул, Төгрөг сум удаалж батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
"Ирээдүй Алтай" холбоо нь 10 дахь удаагийн "GOOD STUDENTS-2023” оюутны сургалтын тэтгэлэг олгосон бөгөөд авьяас чадвар, хувь хүний хөгжил, санаачилга, манлайллаараа тэргүүлэгч 20 оюутанд 30 сая төгрөгийн сантай сургалтын тэтгэлэг хөтөлбөрт шалгарсан батламжийг гардуулав.
Холбооны 2 дах үеийн тэргүүн Цэдэвийн Дашдорж агсны санаачилга, дэмжлэгээр "Good students” сургалтын тэтгэлэг олгогдож ирсэн бөгөөд Цэдэвийн Дашдорж агсны дүү "ББМНТ” ХХК-ийн захирал Ц.Баянмөнх ахынхаа гэгээн дурсгалд зориулж дээрх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, ивээн тэтгэсэн юм.
Ийнхүү 500 залуус долоон баг болж хуваагдан дээрх долоон өртөөгөөр буухиалан аялсан бол "Өвлийн цэнэг”-ээ авсан залууст мэндчилгээ дэвшүүлэхээр DJ Gezeg, Wolfizm, Rookie нар ая дуугаа өргөлөө.
"Ирээдүй Алтай” холбооны санаачлан, зохион байгуулсан "Өвлийн цэнэг” өдөрлөгт Сэтгэл зүрх, урам зоригоороо нэгдэн нийлсэн 500 залуусынхаа сурлагад өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна.