АНУ-ЫН ХОЛБООНЫ ТӨМӨР ЗАМЫН ЗАХИРГАА “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦАНА
/2023.04.25/ Энэ өдөр "Монголын төмөр зам” ТӨХК АНУ-ын Холбооны төмөр замын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад АНУ-ын Тээврийн Яамны Олон улсын тээвэр, худалдааны албаны Ази, Номхон далайн ахлах менежер Жозеф Трэйни, Холбооны төмөр замын захиргааны Олон улсын хөтөлбөрийн захирал Барбара К.Барр, Холбооны төмөр замын захиргааны Судалгаа хөгжил, технологийн албаны Судалгааны хөтөлбөрийн менежер Мелисса Шурланд, Холбооны төмөр замын захиргааны Төмөр замын аюулгүй байдлын албаны системийн инженер Фредерик Ж.Моттли тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргааны Аюулгүй байдлын албаны мэргэжлийн чиг үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын хяналт шалгалтууд болон хяналт шалгалтыг хаана хэрхэн хийхийг шийдэх эрсдэлийн үнэлгээ, төмөр замын замын аюулгүй байдал, төмөр замын зохицуулалтын процесс сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийж, санал солилцлоо. Мөн төлөөлөгчдийн зүгээс цаашид "Монголын төмөр зам” ТӨХК-тай вебинар хэлбэрээр тогтмол хамтран ажиллах, техник туслалцааны хүрээнд харилцан туршлага солилцох сонирхолтой байгаагаа онцолж байв. Төлөөлөгчид ирэх өдрүүдэд "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай танилцах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.