"Хашааныхаа хаалгыг таглуулчхаад бие давхар охиноо эмнэлэгт ч хүргэж чадахгүй байна"
Сонгинохайрхан дүүргийн 35-р хороо 63 гудамжны хоёр айлын хашааг хааж, түр орц гарц гаргаж өгөлгүй авто замын ажил хийж байна гэх дуудлага редакцын утсанд ирэв.
Уг гомдлын дагуу бид СХД-ийн Нарангийн голын хуучин эцсийг зорилоо. Биднийг тус газар очиход овоолсон шороо, нүх ухагч экскаватор байрлуулжээ. 63-р гудамжны үзүүрт буюу 19, 23-р тоотын айлын хашааны урд үерийн далангийн суурь тавигдсан байв.
Бид тус айлууд руу очихын тулд хашаа, үерийн далангийн хоорондын маш давчуу зайгаар хүрч очлоо. Хоёр айлын хашааны хаалганаас 10 метр хүрэхгүй зайтай авто замын ажил үргэлжилж байсан бөгөөд 63-р гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл урт нүх ухжээ. Гэвч автомашин гарч, орох байтугай хүн явах ч орц гарц харагдсангүй.
"Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайн ч иргэний ая тухтай байх эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ядаж гэрийнхээ хашаанаас гарах эрхийг маань зөрчиж байна. Наад захын хэрэгцээ усаа авч чадахгүй байгаад бухимдаж байгааг" 23-р тоот айлын гэрийн эзэн С.Батхуяг учирлав.
Тэрээр "Энэ хавьд үерийн далан, авто зам барьж байгаа нь сайн хэрэг, маш их баяртай байна. Гэхдээ бидэнд мэдэгдэлгүй, мэдээлэл өгөлгүй гэнэт л нүх ухаад, орц гарцыг маань хаагаад ажлаа хийж болохгүй шүү дээ. Бид автомашинаа гаргаад хүүхдээ ч сургууль, цэцэрлэгт хүргэж өгөлгүй явганаар алхсаар хичээл амарлаа.
Бие давхар охиноо ч эмнэлэгт хүргэж өгч, авч чадахгүй, хүний машин гуйна. Яг энэ байдлаараа 15 хоног болж байна. Эхлээд бухимдаж байсан ч сүүлдээ аргагүй замын компаниас нь түр орц, гарц гаргаж өгөхийг гуйсан. Гэтэл инженер гэх залуу нь өөдөөс уурлаж хэн чамайг замын хажууд амьдар гээв гэж хэлэх юм.
Бид 35-р хороондоо өргөдөл өгөөд СХД-ийн Засаг даргын Тамгын газарт гомдол өгсөн ч шийдвэрлэж өгнө гээд алга болчихсон. Манай залгаа урд талын айлыг газарт оруулахаар зөвшилцөлд хүрсэн. Гэхдээ манай хоёр айлыг газарт оруулахгүйгээр ажил явагдах боломжтой юм байна гэж ойлгосон.
Ямар компани барьж байгаа, авто замын ажил нь хэзээ дуусах эсэх мэдээллээ бидэнд огт өгөөгүй. Бидний харж байгаачлан орц, гарц хийх зөндөө боломж байгаа. Гэтэл замын компани нь бид ажлаа л хийж байна. Орц гарцаа Сонгинохайрхан дүүрэгтэйгээ ярь, бид тендерт нь ялчхаад ажиллаж байна гэдэг” гэв.
Бид ойр тойрныг ажихад ямар компани уг ажлыг хийж байгаа, хэзээ дуусах он, сар, өдрийн талаарх мэдээллийн самбарыг байршуулаагүй байв.
Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн ТӨҮГ-аас тодруулахад "Монгол Улс олон улсын авто замын жишиг стандартыг даган мөрддөг. Шинээр авто зам, үерийн далан байгуулж буй бол тухайн газрын иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Мөн тухайн замын барьж эхлэх болон дуусах хугацааг тэмдэглэсэн мэдээллийн самбарыг байршуулсан байна гэж заасан” гэлээ.
Бид учир байдалтай танилцсаны дараа СХД-ийн 35-р хорооны Засаг даргатай уулзахаар явав. Биднийг тус хорооны байранд очиход "дарга дүүрэг дээр хуралтай байгаа” гэх хариултыг авлаа. Тиймээс бид Засаг дарга Д.Баярсайхантай утсаар холбогдож дараах зүйлсийг тодруулав.
-63-р гудамжны урд баригдаж байгаа авто замын захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын талаар мэдээлэл өгөөч?
-Уг ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас захиалж хийлгэж байгаа. Тус замын ажлыг Экспресс зам ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байна.
-Айлуудын орц, гарцыг хаасан талаар иргэд гомдол гаргаж өргөдөл өгсөн байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Айлуудын орц, гарцыг хаасан асуудалд би газар дээр нь очиж ажиллах гэж байна. Өргөдлийг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагуудад дамжуулан өгсөн.
"Экспресс зам" ХХК-ийн инженерээс уг асуудлын талаар утсаар тодруулахад "Бид ажлаа хийж байна. Иргэдийнх нь гомдлын дагуу орцыг нь шийдээд өгчихсөн. Өөр орц, гарцны асуудлыг Сонгинохайрхан дүүрэгтэйгээ ярь” гэж хэлэн утсаа таслав.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.