- ХОМООЛТОЙ ЖАГСААЛААС АЙСАНДАА ХҮҮХДИЙН ЭРХИЙГ МАРТАВ, ТЭР-
Төв аймгаас морьтой хэдэн залуучууд ирж, төв талбайд хомоол хөглөрүүлэн хагас өдөр жагсаж, "хурдан морины хайран өв соёлоо хятадуудад алдлаа” гэж хэд хашхираад л Засгийн газрыг айлгачихдаг юм байна. Хомоолтой жагсаалаас нь айсан Засгийн газар "Хавар морио уралдуул, уралдуулах аймгийнхаа ИТХ-аас зөвшөөрлөө ав” гэж хүссэн шийдвэрийг нь гаргаж өгөв. Засгийн газрыг "заамдаж” байгаад зөвшөөрүүлж чадаж байгаа уяачдад аль нэг аймгийн ИТХ-аар зөвшөөрөл гаргуулах ямар амархан байх нь мэдээж. Тэгээд ч аймгийн ИТХ бол тухайн аймгийн мөнгөтэй уяачдын цугладаг л газар. Жишээ нь, хаврын уралдааныг 2019 онд хориглохоос өмнө хаврын баруун бүсийн уралдаан Хөвсгөлд голдуу зохиогддог байв. Тэгвэл одоо Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар Д.Пүрэвдорж гэгч ажилладаг. Гэтэл Д.Пүрэвдорж нь өөрөө Аймгийн алдарт цолтой уяач. Цаашлаад, Төв аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр нь уяачдын холбоогоо хамтран удирдаж ирсэн гэх мэтээр үргэлжилнэ. Товчхондоо, аймгуудын ИТХ-д уяач нар ноёлж буй нь нууц биш. Тэгэхээр хаврын уралдаан энэ цагаас хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг.
Гол асуудал нь, "Угаартаж үхлээ”, "Татварын нэмэгдэлд тэвчээр тасарлаа” гэж хөл, хацраа хайрагдтал хэдэн өдрөөр жагсахад хялайж ч хардаггүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагас өдрийн хомоолтой жагсаалаас айж, хүүхдийн эрхийг хөсөр хаян байж хаврын уралдааныг хүлээн зөвшөөрсний цаадах шалтгаан юу вэ. Хариулт нь, уяачид улс төр, бизнесийг эрхшээж, Засгийн газрыг заамдаж, захиргаадах хэмжээнд хүчирхэг байна. Тиймдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрд удаан оршин тогтнохын тулд уяач нарт тал засаж, энэхүү шийдвэрийг гаргалаа гэсэн үг.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлгах хэмжээнд хүчирхэгжсэн, аймаг, сум бүрд салбартай, 100 гаруй мянган гишүүнтэй ММСУХ-ныг удирдлагуудыг танилцуулъя.
ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж- "Тавантолгой транс” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан, алдарт "Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувь, хувьсгалын хамтрагч, хэтэвчний найз. Бас "Нүүрний хулгай”-н хэргийн гол дүр.
ММСУХ-ны өмнөх Ерөнхийлөгч Б.Нямжав- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх.
ММСУХ-ны өмнөх Ерөнхийлөгч Ц.Батсайхан- "Эрдэнэ монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад одоо "Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй. Түүний төрсөн ах нь УИХ-ын гишүүн асан Ц.Батаа бөгөөд М.Энхболдын 10 жилийн найз.
ММСУХ-ны өмнөх Ерөнхийлөгч М.Энхболд- Уяачдын холбоогоор дамжуулан уяачдыг хүчирхэгжүүлж, улс төр, бизнесийн бүлэглэл аятай болгож төгөлдөржүүлсэн автор нь. Эргэн санавал, М.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа П.Сэргэлэн тэргүүтэй уяачдын холбооныхоо тэргүүлэгчдийг төрд сайд, дарга болгосон.
ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Туваан- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд.
ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар- "Хөх чоно групп” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав, Сангийн сайд асан, АН-ын Дэд дарга С.Баярцогтын худ.
ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Улам-Өрнөх- УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн хүү.
ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнэ- УИХ-ын гишүүн Х.Баттулга болон "Херо” хочит Б.Баатарын хуурай дүү. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Х.Баттулгын багаас нэр дэвшиж явсан.
ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ- "Алтай констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал, Говь-Алтайн уугуул, улс төр, бизнесийн олон бүлэглэлд харьяалагддаг нэгэн.
ММСУХ-ны тэргүүлэгч Н.Батсүмбэрэл- УИХ-ын гишүүн.
ММСУХ-ны тэргүүлэгч П.Сэргэлэн- ХХААХҮ-ийн сайд асан, Кувейт Улсад суугаа Элчин сайд.
ММСУХ-ны тэргүүлэгч Б.Ганхөлөг- УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү.
ММСУХ-ны тэргүүлэгч Х.Бадамсүрэн- "Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал асан.
ММСУХ-ны тэргүүлэгч Б.Бадраа- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан.
ММСУХ-ны тэргүүлэгч Д.Гантулга- УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийн хуурай дүү.
ММСУХ-ны тэргүүлэгч Э.Анар- МАН-ын дарга асан М.Энхболдын хүү.
ММСУХ-ны тэргүүлэгч П.Батсайхан- "АПУ” ХХК-ийн Ерөнхий захирал.
ММСУХ-ны тэргүүлэгч Д.Цэрэнжигмэд- "Макс групп” ХХК-ийн Ерөнхий захирал.
ММСУХ-ны тэргүүлэгч Д.Хишигжаргал- "Моодун хаан групп” ХХК-ийн Ерөнхий захирал.
ММСУХ-ны тэргүүлэгч Н.Мөнхдаш- "Бурхан халдун групп” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн М.Сарнайгийн авга ах.
ММСУХ-ны тэргүүлэгч Г.Батболд- "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолтыг гүйцэтгэгч "Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хуурай дүү.
Эцэст нь сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түүний дүү нар нь ч хурдан морь, уяачдын холбоогоор "оролдож” эхлээд байгаа. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийг төрд орж ирсэн цагаас төрсөн дүү Б.Баярнэмэх нь хурдан морины хоббитой болж, "Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүний сэтэртэй болж, өнгөрсөн зун Хэнтий аймгийн 101 жилийн ойн баяр наадмаар Алдарт уяач цолоо гардаж авсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч болж, аймаг, сум бүрд салбар хороо байгуулан гүйж яваа.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.