Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Бөх сонирхогчдын хүсэн хүлээж, шимтэн үздэг энэ барилдааныг 2011 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн өдөр зохиож байна.
Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Дорнод ХХК-ны бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, мөн аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ажнай" группийн бөх, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгаран үлдлээ.
Анхны буюу 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн бол 2013 онд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв. 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гарджээ. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.
Ч.БОЛОР
Сэтгэгдэл байхгүй байна.