Н.Алтанхуягийн фракци МоАХ-ны задралыг эхлүүлэв
Ингээд нэгэнт айлын тогоо өнгийхөөр шийдсэн Ш.Түвдэндорж, Ж.Равдандорж нарын энэ байдал "Алтангадас”-ын ах нарын хараанаас хэрхэн мултрах билээ. Н.Алтанхуяг, Г.Батхүү нартаа үүрэг өгсний дагуу тэднийг уруу татаж, МоАХ-ны хүчийг тарамдуулах ажиллагаа эхэлсэн гэж эх сурвалж хэллээ. Товчхондоо, "Женко”-гийн фракцийн эрчийг сулруулж, хүчгүй болгох хэрэгтэйг сануулжээ. Тэр ч бүү хэл, фракцийнхаа босс, Ерөнхий сайдын аман зөвшөөрөл бүхий албан тушаалыг ч мэр сэр дуулгасан юм байх. Энэ нөхцлөөс харвал өнөөдрийн өөхийг илүүд үзэж байгаа МоАХ-ны зарим нөхөд "Алтангадас”-т уруу татагдах магадлал өндөр болжээ.
Тухайлбал, Ш.Түвдэндоржид сайдын суудал өгчихсөн. Хэрвээ одоо бүтцийн өөрчлөлт хийвэл нэг дэд сайдын суудал, 2-3 хэлтэс, газрын дарга оноож өгөх тохироо явж байгаа бололтой. Үүнийг дагасан бичил МоАХ-ны сүрэг "Алтангадас”-ын сүүдэр дор амьдарч, тогоог нь өнгийх нь. Яахав, улстөрд бол байдаг л тохироо. Хамгийн гол нь, зарим нэг нөхөд цаашдынхаа улстөрийн карьерыг Н.Алтанхуягтай хамт булшлах нь гэсэн хардлага хэнд ч төрөх байх. Гэхдээ л "Бухын доодхыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэрээр Х.Баттулгыг харж бүсээ чангалж суухаар хэсэг зуур ч гэсэн цатгалан яваад дуусахыг бодож байгаа хүмүүс МоАХ-нд олон байгааг үгүйсгэх хэрэггүй.
Х.Баттулга хэзээ ч засаг толгойлж, тэд бялуу хүртээ билээ. Тэр хэзээ Ц.Элбэгдорж шиг Ерөнхийлөгч болж, засаглалд давуу байдлаа ашиглаа билээ. Бас л зарим нэг нөхдийн боддог л бодол. Н.Алтанхуягийн Засгийн газар уначихгүй дараагийн сонгуульд үзнэ гэвэл МоАХ-ны тогоо өнгийгчдөд боломж зөндөө гарна. Ер нь зургаан сар болсон ч бор ходоодоо борлуулж л таарна. Яаж ч бодсон МоАХ-нд өлөн гэдсээ чанга бүсэлж, хий мөрөөдөлд автаж суухаас хавьгүй дээр дээ. Яг өнөөдрийн байдлаар Х.Баттулгыг авралт бурханаа гэж харахаас Н.Алтанхуягийг ийн харсан нь зүйд нийцнэ. Ингэхээр Ерөнхий сайдын суудалтайгаа зууралдаж 2016 оны нүүрийг үзэх гэсэн Н.Алтанхуягийн нэг ч болов дайсан дарагдаж байгаа нь энэ. Түүнээс биш энэ засаглалд халгаатай нөхдийн тоонд Х.Баттулга дээгүүр эрэмбэ эдэлж байв. Юутай ч тэвчээр нь барагдсан дээрхи нөхдүүдийг өмнөө түрж, "алтангадасчууд” МоАХ-ны задралыг эхлүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.