"Төр засаг минь Орос шиг байгаач" гэвэл яана
Түүнээс гадна орон нутагт ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэж байгаа сайн үр дүн байна. Ерөнхийдөө аймаг, сумд "Сум хөгжүүлэх сан”-ийн мөнгөө хамгийн үр өгөөжтэй гэсэн төсөлд өгч, зээлийн эргэн төлөлтөө дахин өөр төсөл хэрэгжүүлж байгаа хүнд зээлснээр хөрөнгө оруулалт тасралтгүй үргэлжлэх боломжийг үүсгэж байгаа. Үүгээрээ давуу талтай юм. Мэдээж олон сум, суурин газар жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэж, зээлийн эргэн төлөлт ч боломжийн байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ердөө л сумын удирдлагын эрх мэдлийн хэмжээнд мөнгө зарцуулагдаж, танил талын хүрээнд зээл олгогдох байдал ч бас байгаа. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, АТГ-тай хамтраад аймаг, суманд шалгалт хийж, Сум хөгжүүлэх сангийн мөнгөө хэрхэн зарцуулж байгааг тандсан. Тэгэхэд олон зөрчил илэрч, зөвхөн сум хөгжүүлэх сан төдийгүй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд нэлээн олон сангуудын журмуудыг шинэчлэх, тодорхой болгох чиглэлээр ажиллахаар болсон тухай холбогдох хүмүүс нь ярьж байсан.
Гэвч энэ бүхэн үнэхээр ажил хэрэг болж чадсан уу. Ердөө л ганц нэгхэн жишээ авахад, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод Сум хөгжүүлэх сангаас зээл авчихаад, эргүүлж төлөөгүй тохиолдол хэд хэд байна. Өнгөрсөн есдүгээр сард тус суманд очиход удирдлагууд нь энэ талаар ярьж, тулгамдсан асуудал болчихоод байгааг хэлж байсан. Цэвэр усны үйлдвэр байгуулна хэмээн зээл авсан нөхөр зээлээ төлөхгүй байгаа гэх. Үйлдвэр байгуулсан нь үнэн, гэхдээ ашиг орлого байхгүй. Зээлээ төлөх мөнгөгүй гээд суучихдаг. Шүүх цагдаа дээрээ тулбал байгуулсан үйлдвэрээ өгөхөөс өөр аргагүй гэх маягийн юм яриад сууж байдаг гэсэн. Мөн тус суманд 100 машинтай оёдлын үйлдвэр байгуулна гээд 100 гаруй сая төгрөгийн зээл авсан хүн ч байна билээ. Оёдлын үйлдвэр байгуулсан уу гэвэл тийм. Харамсалтай нь 100 машинтай биш, сайндаа л 40-50 машинтай үйлдвэр байна билээ. Хамгийн гол нь зээлийн эргэн төлөлт гэж нэг ч төгрөг тушаагаагүй гэж байгаа.
Асуудлаа яаж шийдвэрлэх вэ гээд асуухаар сумын удирдлагуудтай ярилцана даа гэж хариулах жишээтэй. Ерөнхийдөө сураг сонсоход, сумын өмнөх удирдлагууд лоббидож байгаад нөхөрт олон сая төгрөгийн зээл өгүүлчихсэн байх жишээтэй. Ганцхан сумын жишээ татахад л ийм байна. Өөр хэчнээн суманд, ямар хэмжээний зээл авчихаад, нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй нөхөр сууж байгааг судлах хэрэгтэй байх. Хэрвээ энэ мэт зээл авсан нөхдүүд үйлдвэрээ буцааж өгнө, эсвэл шорондоо орно доо гээд байж байвал яах вэ. Үгүй бол "Төр засаг минь Орос шиг л байгаач дээ. Бидний өрийг тэглэчих” гэвэл яах вэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Мэдээж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь маш чухал. Гэхдээ үнэхээр юм хийх гэж байгаа, үйлдвэрлэлээ өргөтгөх хүсэлтэй хүмүүст нь зээл олдохгүй байна. Түүний оронд танил талаараа дулдуйдаж, өч төчнөөн сая төгрөг авч байгаа гүйх нохойнд саад хийгсэд олон байна. Энэ мэт асуудлаа төр засаг, салбар яам зассан шиг засч, шийдэхгүй бол Орос шиг байхад хэцүү л болов уу.
Н.Пунцагболд