Хаос хийгээд улс мөхөөх технологи

974 4202

 

Өмнөх өгүүлэл "Сионы мэргэдийн сургааль” номноос авсан эд. Үүнийг яахав, дээр үеийн "хоцрогдсон юм” гэж үзье, хамаа алга. Тэгвэл орчин үеийн онол номноос үзсэн ч бас л адилхан. Би орчин үеийн "онолыг” ийн ойлгуулах оролдлого маш эртнээс олон удаа хийж ирсэн. Монголын сэхээтэн нэрт мулгуунууд тухай бүр үл тоох буюу бөөрөлхөн над руу дайрах. Тэгээд нийгэм нь ор тас мартах. Үр дүн нь ердөө л энэ…Жишээлбэл, энэ өгүүллийг бичсэний төлөө намайг золтой л "бариад идчих” шахаж билээ. Манай монголчууд юмыг "их хожуу ойлгодог” гэж би олон удаа хэлж байсан. 2011 оны 3 дугаар сарын 20-нд бичсэн энэ өгүүллийг одоо л жинхэнэ унших цаг гэж би бодож байна. Гэхдээ өнөөдөрт тохируулан ганц нэгхэн өгүүлбэр нэмэв. Хэр их өөрчлөлт орсныг энэхүү гарчиг, он сар, өдрөөр хайгаад харьцуулаад үзэх боломжтой. Миний блогт өмнөх өгүүлэл нь байж л байгаа. Яагаад ингээд байна гэхээр би "өдөр болгон” үзэл бодлоо өөрчлөөд, дахин дахин хувираад байдаг хүн биш гэдгээ нотлох гэсэн юм. Одоо бол монголын "сэхээтэн нэртүүд” арай ахиад "бариад идчихгүй” биз гэж найдана…


1. Динамик (хөдлөнги) хаос


Манайхны олонхи эдүгээ болж буй олон гаж тэнэг үйл явцын шүтэн барилдлага, шалтгаацлыг төдийлөн сайн олж чаддаггүй юм. Хэдий ийм боловч монголчууд бид дэлхийн түвшинд сэтгэж үйлдэх цаг болсон. Энэ бол шинэ үеийн шаардлага юм. Энд би ямар нэг нэр ус дурдаагүй, мөн манай нөхцөлтэй шууд холбон тайлбарлаагүй. Гэхдээ л Та тодорхой хүн болон байгууллагыг хялбархан оноож, шалтгаацлын үрийг олж чадна…
Хаос бол маш эртний ойлголт бөгөөд XIX зууны үеэс статик (дулааны) хаосыг олж, эдүгээ шалтгаацсан систем дэх динамик (хөдлөнги) хаос, нийлмэлийн онол дахь когнитив хаосын онол болтлоо хөгжжээ. Ямар ч хувьслын үйл явц дэг журам хийгээд хаос гэсэн хоёр эсрэгцлийн дунд байдаг. Энэ тухай Нобелийн шагналт И.Пригожин болон И.Стенгерс нарын "Хаосаас гарах дэг журам. Хүн байгалийн шинэ харилцаа” ном 1979 онд баруунд гарснаар олон нийт илүү сайн мэдэж авсан юм.
Энэхүү бүтээлд орчин үеийн физик, химийн ололтод тулгуурлан хаосыг нарийн нийлмэл системийн динамик тогтворгүй байдлын үр дагавар гэж үзэх гүн ухааны ноцтой үндэслэл гаргаж иржээ. Харин хаос бол дан ганц эвдэн сүйтгэгч биш, харин дэг журмын эх сурвалж болж болно гэдгийг онолын хувьд үндэслэсэн байна.
Асар удалгүй динамик хоасын ойлголтыг нийгэмд хэрэглэх болжээ. Хаосыг шугаман бус өөрчлөлт, бифуркацийн системийн бүтэцжилт гэж үзэх болсноор нийгмийн хөгжлийн чиг шугамыг жолоодох боломжтой болжээ.


Хаосыг удирдахуй


Өнгөрсөн зууны 70-аад оноос Дэлхийн шинэ дэг журам бий болгоход чиглэсэн үйл явцыг бүрдүүлж эхэлжээ. Энд Римийн клуб, Гурван талт Комисс, Билдербургийн клуб, "Рэнд корпорейшн” маягийн сэтгэлгээний фабрик, Санта Фе Институт зэргийг дурдаж болно. Энд дурдсан байгууллага тус бүрийг манай залуус сонирхвол тун сайнсан. Учир нь хаосын онол эндээс гардаг юм. Эндээс гарсан ерөнхий зарчмуудыг том том орнуудын Засгийн Газрууд хийгээд ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн Худалдааны Байгууллага зэргийн практикт өргөн хэрэгжүүлдэг.
Дэлхийн эдийн засаг, нийгмүүдэд удирдлагат хаосыг ашигласан шинэ маягийн дайн эдүгээ дэгдээд байна. Энэ дайны золиос болсон улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал хаос болон хувирч байна. Харин хаосыг удирдагчид энэ үйл явцыг дэлхийн шинэ дэг журам тогтоох тийш залан чиглүүлж байна.
Дайны энэхүү шинэ төрөл болох удирдлагат хаосыг дэлхийн бүх халуун цэгүүдэд олонтаа туршсан бөгөөд одоо ч гэсэн "өнгөт хувьсгал”, "лалын хувьсгал” мэтийг үүсгэх болон дарахад өргөн хэрэглэж байна.


Удирдлагат хаосыг практикт амжилттай хэрэглэгч хүмүүсийн нэг нь Стивен Манн хэмээх суут ухаантан бөлгөө. Дашрамд дурдахад С.Манн 1988 онд Монголд ирж хэсэг хугацаанд ажиллахдаа АНУ Элчин сайдын яамыг нээж, америкийн хэргийг түр хамаарч (Charge d’Affaires) байсан хүн юм. Яг энэ үеэр манайд ардчилсан хувьсгал гарсан нь санамсаргүй явдал биш ч байж магадгүй. Тэрбээр АНУ-ын үндэсний ашиг сонирхлын үүднээс "шүүмжлэлт чанарын мөлжлөгийг хүчтэй болгох”, "хаос бүтээх” тухай анх номлож практикт хэрэгжүүлсэн юм.


Би Стив Манныг суут хүн гэж санамсаргүй хэлээгүй. Тэр бол өөрийн төрдөө зүтгэж шинжлэх ухааны шинэ ололтыг практикт хэрэгжүүлдэг суут хүн юм. Стив Манн бол шугаман бус систем, конфликтологи, цэргийн урлагийн өндөр түвшний мэргэжилтэн бөгөөд түүнийг очсон газар болгонд шахам өнгөт хувьсгал гардаг "зүй тогтолтой” учраас түүнийг ирлээ гэвэл бараг бүгдээрээ "айн чичирдэг” юм. Стив Манн одоо ч гэсэн Украинд Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын (ОБСЕ)-гийн америкийн талын зохицуулагч хийж байгаа. Манайхан С.Маннын лекцүүдийг олж үзвэл сайн л юмсан. Практик нь нууц байдаг болохоос онол нь нууц байдаг юм биш л дээ. С.Манн аль ч улсад "хаос бүтээх” дараах хэрэгсэл байдаг гэж үзжээ. Үүнд:
• Либерал ардчиллыг дэмжих;
• Зах зээлийн шинэчлэлийг дэмжих;
• Хүн амын, юуны өмнө элитийн амьдралын стандартыг дээшлүүлэх
• Эрхэмлэл хийгээд үзэл суртлыг нь шахан зайлуулах зэрэг болно.
Эдүгээ манайд энэ нь нэгэнт хэрэгжсэн буюу хэрэгжиж буй гэж бодож байна. Төр улс хийгээд үндэстний соёлын уламжлал задарч, үндэсний үзэл санаа өрөвдөлтэй болсон өвөрмөц орчинд хэт онгирох бүхий л төрлийн хөдөлгөөн үүсдэг байна.


Үзэл сурталгүй болгох, үзэл санааны олон ургальч үзэл, эрхэмлэлийн системийг устгах, юуны өмнө элит хэсгийн материаллаг эрэлтийг эрс дээшлүүлэх зэрэг нь эдийн засгийн удирдлагыг алдагдуулах, "ардчиллын солиорол” үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр нь шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, санаатай, маш нарийн сонгон авч нэвтрүүлсэн удирдлагат хаос болно. Үүний гол зорилго нь эдүгээ оршин буй үндэсний төр, уламжлалт соёл болон иргэншлийг дахин засварлах явдал юм.
Үүний оронд түүхэн ой санамжгүй болсон хүмүүсээс бүрдсэн цоо, шинэ нийгэм бий болох бөгөөд үүнийг голчлон нийтийн мэдээллийн хэрэгсэл, боловсролын хүрээнд тусгай технологоор хийж гүйцэтгэдэг.


Удирдлагат хаосыг зохион байгуулахдаа мэдээлэл болон нийгэм-соёлын өндөр технологи хэрэглэж хүний оюун санааны бүхий л хүрээнд эрс чанд үйлчилж, ухамсар болон ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөн засварладаг байна. Үүнийг дэлхий дахины мэдээлэл-сэтгэл зүйн дайн хэмээн нэрлэж бүрнээ болно.
Энэ дайны үр дүнд соёлын эв нэгдэл эвдэрч, мөнгө шүтэх үзэл өргөн нэвтэрч, хүн болон нийгмийн тухай социал-дарвинист урьдач бодол ноёрхож, хүн амын олонхийн эсэргүүцэх, өөрөө зохион байгуулагдах, хөгжих чадвар эрс буурдаг байна.


Удирдлагат хаосын энэхүү технологийг бөөнөөр хөнөөх зэвсгийн төрөлтэй адилтгаж болох бөгөөд олон улсын байгууллагууд тэр бүр хянаж чаддаггүй. Удирдлагат хаосын технологи бол дэлхийн шинэ дэг журмын төлөө тэмцлийн гол зэвсэг мөн.
Удирдлагат хаосын үйчлэл нь гурван үндсэн зорилттой байдаг.


Нэг. Шинэ дэг журмыг бүтээгчдэд ашиггүй (?!) хүн амын тоог багасгах. Сексийн хувьсгал, ганц биеийн таашаал буюу гедонизм болон хэрэглээг сурталчлах, хэт аминч үзэл зэрэг неолиберал шинэчлэл нь хүн ам зүйн сүйрэлд хүргэдэг. Социал-дарвинизм болон гай гамшигт хэнэггүй хандах нь хүмүүсийн төрөлтийг бууруулж, үхлийг ихэсгэдэг. Гуйлгачид, орон гэргүй болон хараа хяналтгүй хүмүүсээс бүрдсэн нийгмийн асар том ёроол үүсгэж амиа хорлох зогсолтгүй механизм бий болгодог бөгөөд энэ бүлгийн хүмүүс маш хурдан үхэж үрэгддэг. Энэхүү аймшигт ёроол руу улам олон хүн татагдан орсоор байна.


Хоёр. Үндэсний төр улсыг сулруулах буюу эвдэх. Тэдгээр улсын удирдлагыг үндэстэн дамжсан корпораци, үндэстэн дамжсан гэмт хэргийн синдикат, үндэстнээс дээгүүрх байгууллагууд эзлэн авдаг бөгөөд эдгээр нь удирдлагат хаосыг нэвтрүүлэгчдийн хяналтад байдаг. Энэ зорилтыг шийдвэрлэхдээ удирдлагат хаосын "зөөлөн” хэлбэрээс эхлээд цэргийн шууд түрэмгийлэл хүртэлх олон аргыг хослуулан хэрэглэдэг.


Гурав. Улс орныг хөгжүүлэх, удирдах субъектгүй болгох. Эхний хоёр зорилтыг шийдсэний дараа хамгийн нууц, хамгийн чухал энэ зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон хамгийн чухал удирдах субъектгүй болж, улс нь улс биш болдог. Энэ нь өрсөлдөгчөө устгасантай дүйцэх стратегийн ялалт болно. Манайд төр байгаа, тэр нь удирдаж байгаа гэж сэтгэх нь зөөлөн хэлэхэд дэндүү тэнэг хэрэг болно.
Энэ бүхний үр дүнд удирдлагат хаосыг зохион байгуулагчид дэлхийн хамтын нийгэмлэгийн санхүү, цэрэг болон мэдээллийн бүхий л ресурсэд хяналт тавих боломжтой болдог.
Эдүгээ дэлхийн тэргүүлэх орнуудын эдийн засгийн өсөлт үйлдвэрлэлийн өсөлтөөс биш, харин хүчтэй хийгээд сул дорой орнуудын баялгийг дахин хуваарилснаас гардаг байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний төрийг байнгын өрийн занганд оруулах, өмч хувьчлах, ашигт малтмал зэрэг бүх төрлийн үндэсний ресурсыг худалдаж авах зэргээр үндэсний төр улсыг сул дорой, үхээнц болгодог.


Ийм байдалд орсон үндэсний төр олон улсын санхүүгийн институтын шахалтад орж, өмч хувьчлал явуулан нийгмийн хэрэгцээт зардлаа бууруулж, шинжлэх ухаан, соёл зэрэг үндэсний системээ тэтгэхээ болих буюу харь систем авдаг. Улмаар эдгээр улсууд ажиллах хүчээ гадагш нууцаар бөөнөөр нь гаргахад хүрдэг бөгөөд энэ нь тухайн үндэстнийг ямар ч эрх чөлөөгүй, маш хямд, нэр хүндгүй болгодог.
Удирдлагат хаос нь төр, нийгмийн байгууллагууд, институт зэрэг нийгмийн шинэчлэлд оролцогч бүхэнд зэрэг үйлчилдэг учраас хамгийн их хөнөөлтэй.


Энэ нь онолын хэллэгээр уламжлалт шинжлэх ухааны "субъект-объект” гэсэн бүдүүвчээс хожмын сонгодог бус "субъект- субъект” гэсэн шинэ бүдүүвчид орж буй хэрэг бөгөөд энэхүү холимог субъектын орчинд л хаосын удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой.


Аажмаар хөнөөх арга


Энд онол монол ярих шаардлагагүй байх, яриад ч манайхан тоох биш. Иймээс би зүгээр л аажмаар хөнөөх аргуудыг жагсаан бичиж байна. Удирдлагат хаосыг аль улс хэрэглэж байгаагаас үл хамааран дараах технологитой байдаг.


Нэг. Хөгжлийн зорилгогүй болгох


• Хэвшин тогтоод ажиллаж байсан улс орныг удирдах системийг эвдэх, үүнийг гардан гүйцэтгэх "боловсон хүчнийг” бий болгох
• Авилгыг хавтгайруулах, мөнгө шүтэх үзэл бий болгох
• Төрийн системийг улам нүсэр, хүнд сурталтай болгох
• Улс орны удирдлага, хөгжлийн асуудлаас шинжлэх ухааны нийгэмлэгийг зайлуулах
• Сахилга бат, зохион байгуулалтыг үгүйсгэж, гадаадыг шүтэх үзлийг бий болгох


Хоёр. Үйлдлийг саармагжуулах


• Явцуу бүлгийн болон шашны байгууллагуудыг бөөнөөр нь экспортлох
• Сонгуулийн кампанид үйлдэл саармагжуулах нууц технологи нэвтрүүлэх
• Нийтийн мэдээллийн хэрэгслийг зах зээлийн субъект болгох
• Нийтийн соёлын бүдүүлэг хэлбэрийг суулгах


Гурав. Нийгмийн харилцааг эвдэх


• Аминч үзлийг дэвэргэж, нийгмийг атомжуулах
• Нийгмийн ойрын хүрээллийн харилцааг эвдлэх, амьдралын чанарыг бууруулах
• Тээврийн дотоод сүлжээг замбараагүйдэлд оруулах
• Угсаатан, соёл, улс төрийн зэрэг бүхий л зөрчлийг дэвэргэх
• Нийгмийг харилцаанд саад болох үүднээс баян ядуугийн заагийг маш их болгох
• Үе хоорондын дайсагнал төрүүлэх


Дөрөв. Нөлөөллийн боломжийг хязгаарлах


• Сонгуулийн кампанид луйврын технологи өргөнөөр нэвтрүүлэх
• Хэт аминч үзэл суртал суулгаж, нийгмийг атомжуулах
• Мөнгө шүтэх үзэл, бүдүүлэг эрхэмлэлийн систем суулгах
• Бие даасан нийтийн мэдээллийн хэрэгслийг оргүй болгох
• Нийгэмд хавтгай авилга болон гэмт хэргийг далдуур өөгшүүлэх


Тав. Хөгжлийн боломжийг хязгаарлах


• Боловсрол, шинжлэх ухааны өөрийн гэсэн системийг устгах
• Үйлдвэржилтийг устгах, мэргэжлийн боловсон хүчний системийг эвдлэх
• Гадаад руу хийх хөрөнгө оруулалтад хаалт хяналт тавих
• Олон улсын санхүүгийн системээс өрийн хараат болгох
• Амин чухал салбаруудыг экспортоос хараат болгох
• Хөгжлийн тодорхой стратегигүйгээр шинэчлэн өөрчлөх "арга замыг” удирдагчдад зааж өгөх
• Улс орны хөгжилд иргэдийн идэвхитэй оролцоог саармагжуулах зэрэг болно.
Энд зарим "арга” давхцаж байгаа. Гэхдээ энэ нь ангилалд багтах ач холбогдлоос шалтгаалсан юм. Энэ технологийг ягштал хэрэгжүүлдэг улс төрийн "боловсон хүчин”, түүнийг номлодог "үзэл сурталчид” манайд аль эртнээс бий болсон. Одоо Монголчууд тэднийг нэр нэрээр нь мэддэг болсон…


Дүгнэлтийг Та л хийнэ


Эндээс Та бидэнд эрэгцүүлэн дүгнэх олон санаа гарна байх. Юуны өмнө дээр дурдсан удирдлагат хаосын технологийн жагсаалтыг сайтар үзэж, үүнийг хэн гардан гүйцэтгэдэг, хэн номлон сурталчилдаг, манай нийгмийн байдал ямар хэмжээнд хүртэл доройтсоныг ухааран ойлгоосой гэж Танаас хүсч байна. Зүгээр ч нэг ухаарах биш, яс махандаа тултал ойлгох ёстой байх. Энэ нь өнөөгийн нам, төрийн систем буюу хэдхэн хүний бусармаг үйлдэлтэй шууд холбоотойг надаар хэлүүлэх хэрэг юун…
Манайхан шиг "бүгдээрээ онолч” ард түмэн байхгүй гэж би баталгаатай хэлж чадах ч энэ хорлолтой онолыг огт мэдэхгүй гэж бас л бүрэн итгэлтэй хэлж чадна.
Үүний эсрэг суурь, язгуур онол Монголд мэдээж бий.
Гэхдээ тэр онолыг ард нийтээрээ хийдэггүй, бас энэ нь эрдмийн цол хэргэмийн дипломтнууд хийгээд дарга нарын хийж чаддаг ажил огт биш. Олон хүн эндээс ихээхэн гутранги дүгнэлт хийх нь гарцаагүй.


Гэхдээ монголчууд бид лабораторийн хулгана биш, олон мянганы түүхтэй суут үндэстний үр сад. Монгол хүний оюун сэтгэлгээ хэнээс ч дутахгүй. Энэ нь ч оргүй хоосон магтаал биш. Хэрэв хэн нэгний муу үйлийг мэдэж байгаа тохиолдолд түүнийг хариулах, хөнөөлөөс зайлсхийх бүрэн боломжтой…


Үүний тулд мэдээж ихээхэн зүйл хийх хэрэгтэй болно. Гэхдээ энэ төрийн хийж байгаагаас огт өөр цоо шинэ зүйл хийх ёстой нь мэдээжийн хэрэг.
Энэ үйлсийг зөвхөн оюун сэтгэлгээний маш өндөр түвшинд сэтгэж үйлдэж баймаажин бүтээх бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх Монгол залуус хангалттай олон байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна…


Монголчууд бид удирдлагат хаосын эргүүлэгт гүн шигдэж, түүнийг гардан хэрэгжүүлэгч болсон саяхан эрх мэдэлтэй байсан хийгээд одоо эрх мэдэлд буй цөөн хүмүүсийн гаж тэнэг өрсөлдөөний золиос биш.


Монголчууд бид хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн нэгэн төв болох шинэ Монголыг шинээр бүтээхийг зорин тэмүүлэх ёстой. Энэ бол Та бидний өөдрөг үзлийн үндэс болох нь гарцаагүй бөгөөд ийн үйлдэх онол хийгээд практик гарц хувилбарууд Монголчууд болон зарим Монгол хүнд байгаа нь ямар ч эргэлзээгүй…


Судлаач Д.Ганхуяг

 

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
974 сэтгэгдэл
:

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

: Yeezy Boost 350 Blue Tint

http://zamowienie-diagnoza.nowaera.pl/images/img/yeezyboost005/
Yeezy Boost 350 Blue Tint http://www.sohag-univ.edu.eg/sd/yeezy-boost-350-blue-tint-sale/