Солонгос савангийн дууриудын солиорол үргэлжилсээр байх уу...
Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад олон жилийн нүүрийг үзэж байна. ТВ нэртэй бүхэн солонгос сериалаар өрсөлдөж, "онцгой эрх"-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үзчихдэг л байсан. Хоолны мастер Де Жангүм, зодооны гайхамшиг Ким Ду Хан гээд л нэрлээд байх биз. Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд асуудал үүдсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин шаналал, бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гээд бүх муу муухай бүхэн Солонгос сериалуудад багтан дүрслэгдчихнэ. Гэтэл тэр бүхэнд дурлан, тахин шүтэгчид нэмэгдээд байх нь харамсалтай. Ийм л цаг үе дор монгол охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж, ухаан санааг нь эзэмдээд байгаа тэрхүү "СОНИРХОЛТОЙ" сериалуудаас үүдсэн бодлоо энд дурдсу.
Хүний нэр хэлэх дургүй хүмүүс...
Таны тэгтлээ дурлан үзээд байдаг солонгос кинонуудад хэн нэгний найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л бол оо. Болдоогийн найз аа, Үрлээгийн ах аа гээд л заншчихвал зүгээр ч юм уу. Ихэнх кинонд зарим нэг хүний нэр байнга давтаастай. Үнжээ, Ду Хан, Ён Жу гэх мэт... Нэг гэрийн ханилсан хосууд хань ижлээ Кимийн ааваа, Ён жугийн ээжээ гээд дуудах нь байнга. Монголд муу нэртэй амьдарснаас Солонгост нэрээ дуудуулахгүй амьдар гэж зөвлүүштэй...
Хэтэрхий өш санамтгай хүмүүс...
Монголын телевизүүдээр гарч байгаа Солонгосын олон ангит бүх кинонд "Би заавал өшөөгөө авна" гэсэн үг байнга давтаастай. Сайн болоод саар дүрийн бүх баатрууд нь "Баригдашгүй өшөө авагчид" аятай аяглана даа. Хөмхийгөө зууж байгаад л эхэлнэ шүү дээ. Гол дүрийн баатрууд нь "Би хэзээ ч өршөөхгүй” гэдэг үгийг кино болгон дээр тоть шиг давтана. Солонгосын сериал бүгдэд шингэсэн энэ дүр зураг нь тэднийг их өс санамтгай хүмүүс гэх бодлыг заавал төрүүлдэг нь гарцаагүй үнэн. Монгол хүн ийм үед "За за, орхи цаашаа" гэх вий.
Хэл ярианы баялаг дутуу юу эсвэл...
Суваг бүр дээр гарах сериал болгон дээр нь нэгэн зүйл ажиглагдана. Нэгэндээ итгэдэггүй юм уу, эсвэл чихэндээ итгэдэггүй ч юм уу бүү мэд... Нэгнийхээ яриаг сонсож сонсож эцэст нь "Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээд асууна даа. Тэгээд бас кино болгонд нь бүтэлгүй, мэдрэл муутай эрэгтэй хүн заавал гарна. Бүтэлгүй, бүтэлгүй гэхэд дэндүү бүтэлгүй, бас маанаг юм шиг тэгээд нүүр амаа жигтэй сонин болгож хувиргах нь байнга. Киногоо хөгжилтэй, марзан болгох гэсэн санаа гэхэд АРАЙ Л байх юм.
Танхай балмад, харгис хэрцгийгийн түгээмэл жишээ...
Солонгосын хот, гудамж бүхэнд "САЙН ЭРС" байдаг бололтой юм... Муухай хашгирч, цохиур мод, төмөр хоолойгоор зэвсэглэсэн бүлэг хүмүүс Солонгосын орчин цагийн үйл явдал бүхий бүх кинонд түгээмэл дүрслэл. Хэрээ мэдэхгүй томорч нэг нь зодуулна. Нөгөөдүүл нь балбаж өгнө. Эсвэл нэг танхай зодоонч нөгөө хэсэг бүлэг хүмүүсээ ганцаараа зодчихно. Нэгийг нь ч үлдээхгүй шүү... Тархи нь хагарч, гар нь хугарч, хавирга нь гэмтдэггүй солонгос зодоончдын "ГАЙХАМШИГ"-ийг та солонгосын олон ангит кинонуудаас ханатлаа үзэж болно.
Эцэст нь хэлэхэд...
Юугаа үзэж, цагаа яаж үрэн таран хийх нь хувь хүний эрх ч зарим нэг санууштай зүйлийг хэлсү. Бага насны хүүхдэд тэр л Солонгос солиорлуудыг үзүүлэх хэрэггүй. Багаас нь "Би хэзээ ч өршөөхгүй” гэх үгээр тархийг нь цэнэглээд хэрэггүй биз. Өвчин зовлон нь хорт хавдраас өөр байдаггүй жаргалын диваажин Солонгос биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Эцэст нь тэсвэр тэвчээрийн түгжээ нь мултарсан нэгэн хүмүүний бичсэн шүлгийг уншихад илүүдэхгүй буй заа.
Солонгос кино үзээд байсан чинь
Согтуу хүүхэн үүрч явмаар ч юм шиг
Сөжү шил шилээр нь уумаар ч юм шиг
Довон дээр гарч чанга орилмоор ч юм шиг
Духаараа юм мөргөж ой санамжаа алдаж
Донгио болмоор ч юм шиг
Хэн нэгнээс өшөө авмаар ч юм шиг
Хамаатантайгаа гэрлэмээр ч юм шиг
Хан мөрөн лүү үсэрмээр ч юм шиг
Хайрынхаа төлөө аав ээжтэйгээ тэмцэлдмээр ч юм шиг
Хамаагүй дурлавал хавдартай болчих ч юм шиг
Том грүүпийн хүргэн бэр болмоор ч юм шиг
Төрсөн дүүдээ дурламаар ч юм шиг
Хэн нэгэнтэй солигдмоор ч юм шиг
Хүргэн бэрээ дарамталмаар ч юм шиг
Ганцаараа гарч олон залуусыг зодмоор ч юм шиг
Гурвалжин дөрвөлжин хайрууд үүсгэмээр ч юм шиг
Гараа бариулахаар цочмоор ч юм шиг
Гутал хувцастайгаа орондоо ормоор ч юм шиг
Осолд ормоор ч юм шиг
Найзынхаа эхнэр нөхрийг булаамаар ч юм шиг
Шилэн хүзүүгээ дараад нүдээ онийлгоод ширээ түшээд унамаар ч юм шиг... гэсэн байхав дээ...