Төрийн жолоог согтуу барьвал…
"Сар бүрийн 1-нд архи хайгаад олдохгүй бол Төрийн ордныг зориорой” гэх явган яриа гардаг боллоо. Эрхэм түшээд чуулганы танхим, байнгын хорооны хурал дээр согтуу сууж, хэл ам нь ээдрэн хэрэлдэхийг үзсэн хүмүүсийн л гаргасан яриа байлгүй дээ. Эсвэл аль нэг сарын 1-ний өдөр Төрийн ордонд орж, архи уусан нөхрийн гаргасан яриа ч байж магадгүй.
Ямар ч байсан Төрийн ордноос ямар ч үед архи олддог гэдгийг дээрх явган яриа гэрчлээд байгаа юм. Ер нь аль ч үед хааяа хааяа манай эрхэм төрийн түшээд архи уучихсан согтуу үедээ чуулган дээр суугаад, элдэв юм ярьж байхыг үзэж л байлаа. Энэ парламентын үед бол цөөнгүй хэд гарсан. УИХ-ын дарга нь хүртэл согтуу байгааг нь сануулаад, харьж амрахыг зөвлөж байлаа. Байнгын хорооны хурал дээр "Машины жолоог согтуу барихаар эрхийг нь хасдаг юм билээ. Төрийн жолоог согтуу барихаар яадаг юм бол” гэж хоёр гишүүн нөгөөгийнхөө тухай жиг жуг ярьж, инээлдсэн талаар шар мэдээ саяхан хэвлэлээр гарч байв.
Энэ бүхэн цаашид үргэлжлээд, эрхэм гишүүд зурагтаар согтуу гараад байвал хүмүүс Төрийн ордонд архи зардаг юм байна гэж ойлгож ч магадгүй байна. Тийм болохоор ордны хамгаалалтын албаныханд согтуу эсэхийг шалгадаг төхөөрөмж өгмөөр байгаа юм. Тэгээд өглөө гишүүдийг ажилдаа ирэхэд нь үүдэнд шалгаад л.Чуулганы танхим руу ороход нь бас үнэртүүлдэг байвал яасан юм. Байнгын хорооны хуралд ороход нь ч ялгаагүй. Дээрээс нь манай ихэнх гишүүний өрөөнд янз бүрийн виски, дарс байдаг гэж байгаа. Тэр болгоныг нь хурааж авмаар байна. Тэгэхгүй болохоор өрөөндөө архи ууж сууж байгаад л чуулганы танхимд орж, элдэв юм ярьж байхгүй юу.
Нэг удаа өрөөгөөр нь ороод, согтууруулах ундаа болгоныг нь хурааж аваад, дараа нь гаднаас оруулахгүй бол тэгээд л болчихно шүү дээ. Тэгээд үүдэн дээрээ шалгаад, үнэртүүлээд байхад согтуу гишүүн чуулганы танхимд орохгүй байх. Гэхдээ нөхдүүд цонхоороо татаад авчихвал юмыг яаж мэдэхэв. Чуулган болоод байнгын хорооны хуралдааны танхимын өмнө үнэртүүлэгчтэй хамгаалалтын ажилтан байж байхад гэмгүй. Хэрвээ архи уусан байвал эрүүлжүүлэх рүү ачих нь ч хаашаа юм гэр рүү явуулах хэрэгтэй. Согтуу хүн хуралд суугаад, зөв үг хэлээд, зөв шийдвэр гаргана гэж юу байх вэ дээ. Тэгээд ч ер нь УИХ-ын гишүүн ажлын байран дээрээ архи уувал. Эсвэл архи уучихаад ажлын байран дээрээ буюу зөөлөн сандалдаа суугаад, элдэв юм яриад байвал хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
"Машины жолоог согтуу барьвал эрхийг нь хасдаг юм билээ. Төрийн жолоог согтуу барьвал яадаг юм бол” гэж гишүүд л хэлсэн болохоос үнэн үг шүү. Жолооч шиг эрхийг нь хасдаггүй юм гэхэд нэг сая төгрөгөөр торгодог юм уу, яадаг ч байсан арга хэмжээ авдаг л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөхдүүд санаа амар согтуугаар төрийн жолоо бариад. Ингэж байж том "осол” гаргавал яана. Улс орондоо ашиггүй гэрээ хийхээс авахуулаад л. Ер нь өнөөдөр Тавантолгой, Оюутолгойг толгойтой бүхэн яриад байгаа. Арай согтуугаар төрийн жолоо барьж байгаад хийчихсэн юм биш биз дээ. Бодох л асуудлын нэг. За тэгээд согтуу жолооч бол хааз болон тоормосоо андуурч дараад, осол гаргаж, машинаа эвдэх, цаашлаад бусдын эд хөрөнгийг сүйдлэх магадлал өндөр. Харин согтуу түшээ товчлуураа андуурч дараад улсаа ч худалдах магадлалтай шүү дээ.
Тэгэхээр согтуугаар төрийн жолоо барих нь хамаагүй аюултай зүйл болж таараад байгаа юм. Тийм болохоор тооцох хариуцлага нь ч өндөр байх ёстой. Жолоочтой адилхан сая төгрөг гэвэл дэндүү багадах юм байна.Тэгэхээр 10 саяар торгодог байх хэрэгтэй. Ордны үүдэн дээр үнэртүүлээд, өрөөнд байгаа архийг нь хураачихаад байхад л уучихаад байвал ингэж торгохоос биш яалтай билээ. Эсвэл нөгөө нэг эмнэлэг рүү…
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.