Арьс нь таны дотоод эрхтний толь мөн
Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие махбодид олон чухал үүргийг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно.
Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1.5–2.0 мкв талбайг, биеийн жингийн 5%, өөхөн давхрагаа оруулбал 15% хүртэлх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зураглал хээтэй байдаг. Хувь хүн бүрийн арьсны зураглал хээ давтагдашгүй өөр өөр байна.
Энэ аргыг ашиглаж хөгжсөн шинжлэх ухаан ч байна. Үүнээс гадна арьс нь бүх биеийг хучиж байдаг хамгаалалтын даавуун бүрхүүл биш бөгөөд организмд олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
Үүнд: Хамгаалах, амьсгалах /хүний нийт амьсгалын 2% нь арьсаар явагддаг/, бодисын солилцоонд оролцох, дулааныг зохицуулах, мэдрэх үүрэг гүйцэтгэх, арьс өөрөө өөрийгөө цэвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Арьсан дотор маш олон тооны тос, хөлсний булчирхайнууд байрлана. Арьс байнга гуужиж шинэ залуу эсүүдээр солигдож байдаг.
Арьс нь дэлүү шиг цус хадгалах нөөц эрхтэн болдог ба ус,эрдэс менералууд, лимфийн шингэнүүдийн ихэнх хувь нь арьсанд хадгалагддаг ажээ. Арьсанд ойролцоогоор 1 л орчим цус байдаг ба энергийн эх үүсвэр эрхтэн юм. Арьс нь бүх эрхтэн системтэй холбоотой байхаас гадна дотор эрхтэнтэй нягт уялдаа холбоотой байдаг. Ийм ч учраас арьс, үс, хумс нь хүний нүдэнд ил байдгийн хувьд эрүүл мэндийн байдлыг илэрхийлж байдаг толь гэсэн үг.
Одоо тэгвэл дотоод эрхтэн систем, бодисын солилцооны үйл ажиллагааны хямралаас хамаарч арьсан дээр хэрхэн "Анхааруулах шинж тэмдэг” илэрдэгийг авч үзье.
Нэг. Дотоод шүүрлийн олон булчирхай хүний гадаад өнгө үзэмжийг тодорхойлдог байна. Самототропин гэдэг Өсөлтийн гормон нь биеийн галбир төрх, булчингийн бүтэц хөгжил, өөхөн давхрагын тэнцвэрийг тогтоон барьж байдаг ба энэ гормон дутагдвал арьс цонхийж цайрах, хуурайших, хөлс, тосны булчирхайн ялгаралт алдагдаж арьсанд наснаас эрт үрчлээ үүсч эхэлдэг байна.
Бөөрний дээд булчирхайн болон бэлгийн булчирхайн үйл ажиллагааны хямралтай холбоотой үсэрхэг шинж илрэх, үс оройноосоо эхлэн халцрах шинж илэрч болно. Бэлгийн стеройд гормоны бодисын солилцооны нэг гол газар нь арьс юм. Түүний үйлчилгээ нь эпидермис, үсний фолликул, тослогийн булчирхай, фибробластууд зэрэгт байрлах тусгай андрогены рецепторуудаараа дамжин явагддаг байна.
Бамбай булчирхай нь тааварлахын аргагүй сонирхолтой үйл ажиллагаатай эрхтэн бөгөөд эрдэс, менерал, өөх тос, нүүрс усны солилцоонд оролцдог, үйл ажиллагаа алдагдаж /дутагдаж/ эхэлбэл салстын хаван үүсч, арьс хуурайшин, барзгартаж, хогжруутан үс унаж эхэлдэг. Харин ихэсвэл хөлрөмтгий болох зүрх дэлсэх шинжүүд гарна.
Сахарын шижин өвчний үед арьс цонхигор цайвар болж нүүрээрх цусны судаснууд тодрон өргөсөж, хөмсөгөөр шар толбонууд үүсэх, гүвдрүү туурах, идээт голомтууд үүсэх, хатигших зэрэг шинж эхэлдэг байна. Бэлгийн булчирхайн гормоны алдагдлын үед батгаших, үс унах, эсвэл нүүр, мөчөөр хэт их үс ургах байдал илэрдэг.
Хоёр. Ходоод, элэг, цөс, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт арьсан дээр илэрч гардаг .
ОХУлсад хийсэн судалгаагаар Архаг экзематай өвчтөнийг шинжлэхэд 40.1 – 80.8% нь ходоодны архаг үрэвсэл, шүүс ялгаралтын эмгэгтэй, 48.1%-д нь бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, 51.4 -64.9%-д нь цусны эргэлтийн архаг дутагдал, 70 – 80%-д нь төв мэдрэлийн системийн талаас ямар нэг өөрчлөлттэй болох нь тогтоогдож байсан байна.
Энэхүү баримтаас харахад арьсны өвчин дотор эрхтэн системтэйгээ харилцан холбоотойгоор өвчилдөг болох нь харагдаж байна. Таны арьс хуурайшиж, гуужин, бараан өнгийн буюу шаргал нөсөө үүсэх, үрэлт, бариу хувцас өмсөх, маажих үед амархан улайх, гарын алганы нугалаас нөсөөжих, завьж цуурах, хэлний салст өнгөртөж шүлс өтгөрөх, хумс хугарамхай болох, цээжний ба хэвлийн өмнө хэсгээр улаан ягаан өнгөтэй цэгэн тууралт гараад дарахад арилахгүй, буйлнаас цусархаг шинж илрээд байвал ходоод, 12 хуруу гэдэс, нойр булчирхайн эмгэг байх магадлалтай.
Арьс тасралтгүй загатнаж хуурайшиж шаргалтан шаргал буюу бор өнгийн нөсөө тогтох, арьсан дээр цусархаг тууралт гарах, гарын алга улайх, хумс тэжээлээ алдаж амархан хугарах, хуудсарч цуурах, орой хувцас тайлах, хурц хоол идсэний дараа загатнах шинж илрэх нь элэг, цөсний замын эмгэг үүсч байгааг илтгэнэ.
Харин арьс хуурайшин хувцас тайлах үед цагаан хогжруу унах, үс шингэрч халцрах, хумс хугарамтгай, нимгэн болж гялалзсан өнгө нь алдагдах, амны салстаар шархалж буйлнаас амархан цус гарах зэрэг шинж илрээд байвал нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт байж болзошгүй. Ийнхүү арьс нь дотор эрхтэн системийн эмгэг үйл ажиллагааны өнгө төрхийг илтгэдэг байна.