Таны зүрх хэдэн настай вэ

1023 4117

 

Эрдэмтэд хүний зүрх хэдэн настайг тогтоодог энгийн тест зохиожээ. Энэ тестийн тусламжтайгаар таны зүрх биологийн наснаас тань хөгшин эсвэл залуу байна уу гэдгийг тогтоох боломжтой аж. Түүнчлэн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчин тусахгүйгээр хэдэн жил эрүүл энх амьдарч болохыг мэдэж болох гэнэ.

 

Үүний тулд та нас, хүйс, өндөр жин, одоо болон өнгөрсөн өвчний түүх, гэр бүлийн өвчний түүх, амьдралын хэв маяг, тамхи татдаг эсэх зэрэг энгийн 16 асуултад хариулах ёстой. Гол онцлог нь тестийг 30-аас дээш насныхан туршиж үзэх боломжтой юм байна.

 

Хэрэв таны зүрх биологийн настай чинь ойролцоо эсвэл бага байвал харьцангуй эрүүл зүрхтэй гэж үзэх бөгөөд ойрын 10 жилд зүрхний шигдээс тусах болон цус харвах магадлал бага гэнэ.

 

Дашрамд, ДЭМБ-аас мэдээлснээр зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдал, зүрхний хавдар, зүрх судасны өвчин нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаан болсоор байгаа аж. Зөвхөн 2012 онд л гэхэд 17.5 сая хүн зүрх судастай холбоотой өвчнөөр нас баржээ.

 

Сорил: Таны зүрх хэдэн настай вэ?

 

Линкийг дарахад үндсэн сорилын хэсэг рүү нэвтрэх бөгөөд баруун дээд буланд байрлах "Translate" хэсгийг дарж монгол хэлийг сонгон, мэдээллийг орчуулах боломжтой.

 

-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам-

 

Сорилын төгсгөлд эмч нар зүрх судасны өвчлөлд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлийг нэрлэж, тэдгээрийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгсөн байна.

Зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйлд цусны даралт ихсэх, тамхи татах, цусан дахь холестерины хэмжээ их байх, чихрийн шижин, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, гэр бүлийн удамшилт өвчин зэрэг багтдаг.

 

  • "Чимээгүй алуурчин” гэгддэг цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд түгээмэл байдаг. Энэ нь эрт нас баралт, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг эрсдэлт үр дагаварт хүргэх аюултай. Цусны даралт 130 / 80 mmHg байвал хэвийн гэж үздэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барьж байхын тулд нэн тэргүүнд амьдралын хэв маягаа өөрчилж, жингээ хасах, хоол хүнсэндээ хэрэглэх давсны хэмжээг багасгах, тогтмол дасгал сургуулилалт хийх, архи, кофеины хэрэглээг бууруулах шаардлагатай.
  • Хүний бие махбодид холестерин шаардлагатай байдаг ч цусан дахь холестерины хэмжээ ихэсвэл судасны хананд хуримтлагдаж улмаар зүрх, тархи болон бусад бие эрхтэнд очих цусны урсгалыг хязгаарлаж эхэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл хоолны дэглэм баримтлах, бие махбодийн байнгын идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй.
  • Илүүдэл жин нь зүрх судасны өвчин төдийгүй чихрийн шижин, зарим нэг хорт хавдар тусах ноцтой эрсдэл дагуулж байдаг.
  • Зүрх судас болон уушгины гол дайсан нь тамхи юм. Хэрэв та тамхиа хаявал найман цагийн дараа цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн болно. Хоёр хоногийн дараа амт болон үнэр мэдрэх чадвар хүчтэй болно, долоо хоногийн дараа арьсны өнгө сайжирч, амьсгалах үед гарах таагүй үнэр алга болно. Түүнчлэн нэг сарын дараа амьсгалахад хялбар болж, толгойн өвдөлт арилж, ханиалгахаа болино. Нэг жилийн дараа гэхэд зүрхний шигдээс болох магадлал 50 хувиар багасна.
  • Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг глюкоз буюу чихрийн нэгэн төрөл болгон хувиргадаг. Харин инсулин глюкозыг цуснаас эс рүү орох боломж олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Тэгвэл бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чадахгүйд хүрч глюкоз биеийн эсэд шингэхийн оронд цусан хуримтлагдахыг чихрийн шижин буюу сахарын диабет гэдэг. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээх аюултай.
  • Зүрх судасны өвчин удамших магадлалтай байдаг. Хэрэв аав болон ах нь 55 наснаасаа өмнө, ээж болон эгч нь 65 наснаасаа өмнө зүрх судасны өвчтэй гэж оношлогдож байсан бол тухайн гэр бүлийн удамшилт өвчний тоонд зүрх судасны өвчин багтана.
  • Дээрх хүчин зүйлсээс гадна хүйс, хооллох зуршил, согтууруулах ундааны хэрэглээ, стресс бухимдал зэрэг нь зүрх судасны өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг.

 

Б.Саруул

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
1023 сэтгэгдэл