Төв шугамд 20-30 жил засвар хийхгүй гэв
Улаанбаатар хотод энэ жил инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм.
Энхтайваны өргөн чөлөөний инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилнэ. Учир нь нийслэлийн инженерийн төв шугам 1959 онд анх тавигдсан. Түүнээс хойш 56 жилийн хугацаанд нэг ч их засварын ажил хийгээгүй өдийг хүрчээ. Иймээс хуучин шгамын насжилт дууссан гэж үзэн нийслэлийн удирдлагууд уг шугамыг бүрэн шинэчлэхээр болсон юм.
Ажлын гүйцэтгэгчээр дотоодын гурван компани шалгарч энэ сарын 6-ны өдрөөс эхлэн засвар, шинэчлэлтийн ажлаа эхлүүлжээ.
Харин төв магистераль шугамын засварын ажилтай холбогдуулан төв замын хөдөлгөөнийг энэ сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 16 өдөр хүртэл Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэл гурван үе шаттайгаар хаах юм. "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженерийн албаны дарга Э.Батмөнх "Хэрвээ энэ шугам засварын ажил төлөвлөгөөт хугацаандаа баталгаатай хийгдчихвэл 20-30 жилийн дотор дахин энэ чиглэлийн инженерийн шугам сүлжээний засвар гэж ярихгүй” гэдгийг ярилаа. Мөн дээрх засварын ажлын явцад хөндлөнгийн хяналтыг УБДС ТӨХК-ийн инженерүүд болоод Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас давхар хийж байгаа юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ