Э.Бадар-Ууган: Айлд бүл нэмж, аз жаргалын гүүр болж байгаадаа баяртай байна

0
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы санаачлан байгуулсан "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд салбар хариуцсан дарга нар, доктор, профессоруудаас гадна урлаг, соёл, спортын одууд хүрэлцэн ирсэн харагдав. Ингээд төвийн нээлтийн арга хэмжээний үеэр аварга Э.Бадар-Уугантай цөөн хором ярилцав. 

-Үр хүүхэдгүй айл гэрт аз жаргал бэлэглэхээр шийдэн буянтай сайхан эмнэлгийн үүдийг нээж байгаа танай гэр бүлд баяр хүргэе. Спортын хүн ямар учраас анагаахын салбар руу "урвах” болсон нь анхаарал татаж байна.
-Баярлалаа. Би үр шилжүүлэн суулгах төв байгуулах санааг нэлээд олон жил бодож явсан. Зургаан жил бодож, төлөвлөж байж өнөөдөр энэ төвийг нээлээ. Анх 2008 онд Олимпийн аварга болчихоод эх орондоо хэрэгтэй юу хийх вэ гэж нэлээд бодсон. Ингэж байтал "Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” гэдэг шиг 2009 онд Д.Дагвадорж аварга маань намайг Японд урьсан. 

Тэр үеэр үр суулган шилжүүлэх мэс ажилбараараа дэлхийд тэргүүлдэг "Kato Ladies Clinic” эмнэлгийн удирдлагуудтай намайг танилцуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Японы  "Kato Ladies Clinic” эмнэлгийнхэнтэй холбоотой ажиллаж, боловсон хүчнээ тэнд бэлтгэсэн юм. Манай эмнэлэгт япон мэргэжилтнүүд ажиллахаас гадна манай монгол эмч нар ч ажиллах болно. Бид бүх боловсон хүчнээ Японд мэргэшүүлсэн. АШУҮИС-ийн суурь бааз дээр түшиглэж байгуулсан энэхүү төв нь Япон Улсын эмч, мэргэжилтэн, техник технологи дээр тулгуурласан гэдгээрээ онцлог.

-Манайхан гадаадад, тэр дундаа Солонгост очиж үр суулгуулдаг. Гэтэл Монголдоо үр суулгуулна гэдэг гадагшаа явах зардал мөнгөнөөс өгсүүлээд хэмнэлттэй болж байх шиг байна. Нууц биш бол хэдий хэр өртгөөр эмнэлгээ босгов?
-Энэ төрлийн эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж нэлээд үнэтэй юм билээ. Иймд Япон талын "Kato Ladies Clinic” эмнэлгийнхэн зарим тоног төхөөрөмжийг бэлэглэж, би өөрөө тодорхой хэмжээний хөрөнгийг хувиасаа гаргасан. Эмнэлгийн байрны хувьд АШУҮИС-ийн "Сувилахуй”-н сургуулийн бааз дээр түшиглэж байгуулсан. Манай төв АШУҮИС-тай хамтарч гарааны компани байгуулсан. Иймд энэ сургуулийн байрыг 3-5 жилийн хугацаанд ашиглахаар болсон.

-Жилд хэдэн хүнд үр шилжүүлэн суулгана гэсэн тооцоо судалгаа байгаа вэ?
-Манай төв жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Захиалгаа аваад, эхнээсээ эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Манайхан гадаад руу явж энэ төрлийн үйлчилгээг бүрэн төгс хийлгэдэг байсан. Тэгвэл өнөөдөр эх орондоо энэ үйлчилгээг авахад бэлэн боллоо. Бас нэг баяртай мэдээ дуулгахад, хэдхэн хоногийн өмнө манай үйлчүүлэгч анхны хатгалтаар жирэмсэн болсон байгаа. Нэг айлд бүл нэмж, аз жаргал бэлэглэх гүүр нь болж байгаадаа баяртай байна. Цаашдаа нэлээд олон айлд аз жаргал бэлэглэнэ гэж бодож байгаа. 

-Үргүйдлийг эмчлэх, үр суулгуулах иргэд маань хэдэн төгрөгөөр үйлчлүүлж болох уу? Үртэй болох хэдэн хувийн магадлалтай вэ?
-Ерөнхийдөө 80 хувийн магадлалтай. Үнэ өртөгийн хувьд гадаадад үр шилжүүлэн суулгаснаас даруй хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөг болно оо.

-Танай гэргий Х.Азжаргал эмнэлгийнхээ үйл ажиллагааг цаашид хариуцаж ажиллана гэсэн үү?
-Тийм ээ. Манай хүн эмнэлгийн салбарын хүн биш. Гэхдээ энэ салбарын чиглэлээр цаашид суралцахаар болж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62225.shtml#sthash.zpkmXtet.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.