Цагаан ноёны домог
Нэг өдөр хүү мал хариулан явахад нь Чингис хаан түүгээр авлан явж байгаад учирчээ. Тэр хөвгүүн малгайгаа газар тавьж сөгдөн мөргөж байв. Чингис энэ байдлыг харж ихэд гайхан юунд малгайндаа мөргөж байгааг асуухад хөвгүүн өгүүлрүүн:
- Ганцаар байхад малгай ах болохын тулд ийнхүү хүндэлж байна. Хоёулаа явбал би насаар ах хүнийг хүндэлнэ. Одоо би ганцаар байгаа тул малгайгаа ийнхүү хүндэлж байна. Манай энд их хүн ирнэ гэж сонсоод, төр ёсонд суралцаж байна гэж хариулав.
Чингис хаан тэр хүүхдийг хатандаа авчирч өгч асруулжээ. Тэр хөвгүүнийг Цагаан гэж нэрийдэв. Мөн хонгирад аймгийн нэгэн охиныг гэргий болгон өгөв.
Цагаан нэгэн өдөр хээр явж байгаад алжаан ногоон дээр хэвтээд унтжээ. Нэгэн ууль шувуу дэргэд нь ирээд донгодоход Цагаан түүнийг жигшиж гутлаараа цохив. Гэтэл гутал дотроос нэг могой гарч иржээ. Цагаан гэртээ ирээд энэ тухай Чингис хаанд айлтгав. Хаан түүнийг сонсоод "Уулийг хүн бүхэн жигшдэг билээ. Гэтэл чамд ач тус хүргэжээ. Чи хойч үр ачдаа уулийг бүү алагтун гэж захигтун” гэсэн юм гэдэг.
Цагаан хожмоо хишигтэн цэрэгт багтаж, Чингисийн аялан явсан газар бүхэнд түүнд бараа болон явжээ. Монголын цэрэг улаагчин нохой жилийн орчим /1226 он/ Кан Чоу хотыг авахаар ирэхэд дарга нь өнөөх татвар эм авсан Цагааны эцэг байжээ.
Чингис үүнийг мэдэх тул Цагааныг явуулж бууж өгөхийг шаардуулав. Цагаан Чингисийн зарлиг дор бууж өгөхийг тулган шаардсан бичгийг суманд уяж, хотын хэрэм рүү харвав. Хотын дарга Монголын элч төлөөлөгчидтэй учран бууж өгөх талаар болзлыг хэлэлцэн эхлэхэд хотын орлогч дарга үүнийг мэдээд, хотын дарга ба түүний бага хөвгүүнийг Монголын элчийн хамт алж, гучин таван цэргийн дарга нарын хамт хотыг бууж өгөхгүй гэж зарлан мэдэгдэв.
Чингис хаан сарын турш маш ширүүн байлдан Кан Чоуг эзлэн авчээ. Чингис хотын бүх хүмүүсийг хүйс тэмтрэхийг тушаахад Цагаан Чингис хааныг "Зөвхөн хотын орлогч даргатай нийлсэн хүмүүс буруутай буй заа. Хотын бусад гэмгүй номхон хүний амийг уучлан хэлтрүүлэх болов уу” хэмээн хүчлэн ятгасанд Чингис түүний гуйсан ёсоор болгосон гэдэг.
Эх сурвалж: Түүхч, судлаач С.Оч "Хөх хууч" номоос
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62227.shtml#sthash.mCtECV3g.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.