“BRICS”-ийн орнууд Хөгжлийн банк байгуулах гэрээг Хятадын Парламент хэлэлцэж эхэллээ
Хятадын Парламент Хөгжлийн банк байгуулах гэрээг эцэслэхээр хэлэлцэж эхэлснийг Синьхуа агентлаг, мэдээллээ. Тус банкийг дэлхийн хамгийн хүчирхэг хөгжиж буй орнууд хамтран байгуулж буй билээ.
Бриксийн банк гэдгээрээ олонд танигдсан Шинэ Хөгжлийн банк нь Хятад хүчтэй дэмжин байгуулахаар шамдаж буй олон улсын хоёр банкны нэг нь юм. Ингэснээр барууны Дэлхийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагуудыг орлох хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрүүд бий болох учиртай.
Хятадын Парламентийн толгой болох Ардын Их Хурдын байнгын хороо Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн банк байгуулах хамтын гэрээг хэлэлцэж эхэлснийг Хятадын Сангийн Дэд сайд Ши Яаобин Синьхуа агентлагт мэдээлжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ Хятадын Парламент тус гэрээг баталмагц Хятад улсын зүгээс 10 тэрбум ам.долларыг тус банкинд байршуулж, зузаатгал хийнэ гэлээ. Орос болон Энэтхэгийн хувьд гэрээг дөрөвдүгээр сард баталгаажуулсан юм.
Хятадын зүгээс нийт 41 тэрбум ам.долларыг Шинэ Хөгжлийнбанкинд байршуулах замаар хамгийн өндөр хувийн санал өгөх эрх буюу 39.5 хувийг эзэмшихээр болсон билээ. Тус банк эхний ээлжинд 50 тэрбум ам.долларын нийт эргэлтийн хөрөнгөтэй байхаар төлөвлөж байгаа билээ
Тус банкны төв нь Шанхайд байрших бөгөөд эхлээд Энэтхэг удирдах бол дараагаар нь Бразиль, Орос гэх мэтээр ээлжлэхээр тохиролцжээ.
Хятад улсын хувьд Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банкийг байгуулах ажлыг мөн тэргүүлж байгаа. Тус банк нь 57 гишүүн оронтой байх бөгөөд үүнд томоохон орнууд тухайлбал, Герман Их Британи зэрэг багтаж байна.
Б.Цэцэн
Сэтгэгдэл байхгүй байна.