Тогооны хэрүүлээ болиод том асуудлаа шийд
Улс орны хөгжлийн томоохон бодлогыг атгаж суугаа гадаад хэргийн яам, үндсэн ажлаа хийх эрмэлзэл дутуу байна.
Тогоон дотроо албан тушаал сандал ширээний хэрүүл хийсээр, эдийн засгийн ач холбогдолтой томоохон ажлынхаа гадна үлдэж байгааг хуучин сайд нь шүүмжилж байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ яамны ажлыг урагш нь биш хойш нь ухраах үзэгдэл гарч байгаа нь олон асуудлаар илэрч байна.
Саяхан УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр тус яамны экс сайд УИХ-ын гишүүн Л.Болд, одоогийн сайд Л.Пүрэвсүрэнд хандаж олон шүүмжлэлтэй асуудлыг хөндсөн. Ихэвчлэн хаалттай хуралддаг энэ байнгын хорооны хаалганы цаана өрнөж байгаа асуудал тэр бүр олон нийтэд хүрээд байдаггүй. Шинэчлэлийн засгийн газраас хойш гадаад хэргийн яам болж хувирсан энэ салбарын чадвар чансаа суларч байгааг Л.Болд гишүүн шүүмжиллээ.
Уг нь гадаад харилцаагаа сайн мэдэх ёстой Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх хүн энэ салбарын сайдаар томилогдоод хагас жил гаран болж байна. Дээр нь эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгахад эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээ зэрэг бодлогын чиг үүргийн ажлуудыг нь гадаад хэргийн яаманд шилжүүлсэн. Гэтэл экс сайд нь энэ яамны ажилд сэтгэл дундуур нь өмнөөс нь ичээд явж байхыг бодоход сахил хүртээд шал дордов гэдэг зүйл болсон бололтой.
Л.Пүрэвсүрэн сайд Оюу толгой, Таван Толгой гэсэн улс орны хөгжлийн томоохон төслүүдийн гадна үлдчихээд харин гадаадад суугаа консулуудаа шалгалт шүүлэг нэрийдлээр эргэж буцаж татаж суугаа. Нэг үгээр тогоондоо албан тушаал, сандал суудлын хэрүүл хийсээр жинхэнэ чиг үүргээ умартаж байгааг Л.Болд гишүүн шүүмжилсэн. Л.Пүрэвсүрэн сайд шинэ жилийн өмнөх өдөр 36 хүнийг халсан. Гадаадад суугаад 43 хүнийг дуудсан гэх гомдол маргаанууд эцэс төгсгөлгүй үргэлжилж байгааг сануулсан юм.
Дотоодын матаасаар нэгнийгээ халж сольдог байсан монголын төр, өнөөдөр гадныхны матаасаар тэнд суугаа консулуудаа хугацаанаас нь өмнө татах, солих асуудал гарч байгаа нь улам буруу гольдролд орж байна гэж УИХ-ын гишүүн Болд бухимдаж байна. Гэтэл оронд нь мэргэжлийн хүмүүс томилоо гэж сүржин мэдэгдсэн ч одоог хэрнэ, ажлынхаа байранд очоогүй байна. Наад зах нь Малайз зэрэг гэмт хэрэг, хар тамхины уул уурхай болсон орнуудад монголын иргэд халдлаганд өртөж, байхад тэнд монголын талаас ямар ч хараа хяналтгүй одоог хүртэл консулын газаргүй. Энэ мэт гадаад ертөнцөд анхаарах ёстой олон асуудал бий гэдгийг сануулж байгаа. Дээр нь энэ яам эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслийнхөө гадна хаягдсан.
Дубайд Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурж байхад гадаад хэргийн яам байр сууриа илэрхийлээгүй. Тэд мэдээ ч үгүй. Оролцоо ч үгүй. Зөвхөн бэлэн болсон гэрээг гарын үсэг зурахын өмнөх өдөр нь л тамга дарахыг шахсан гэж байгаа. Таван Толгойг тойрсон асуудал мөн адил гадаад хэргийн яамны гадна үлдсэн. БНЧУ-тай Мон-Чех компани байгуулж ураны салбарт хамтрах асуудалд ч гадаад хэргийн яам таг дуугүй. Олон улсын хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой арга хэмжээгээ ч зохион байгуулж чадахаа байсан зэрэг шүүмжлэл гадаад хэргийн яаманд хаяглагдаж байна. Өмнөх сайд нь өсгөж явсан энэ яамыг өнөөдөр тогоондоо зууралдаад таардаг яам болгочихлоо гэсэн шүүмжлэлтэй асуудал ийнхүү өмнөх ба одоогийн сайдын хооронд өрнөлөө.
Сэтгэгдэл байхгүй байна.