Итгэлт хамбын шарил галд өртөх шахжээ
Монголчуудын ихээр зорьдог Итгэлт хамбын шүтээн бие галд өртөх аюулд орсон байна. Буриадын нийслэл Улаан-Үд хотоос 36 км-ын зайтай Оросын бурхны шашины томоохон төвүүдийн нэг болох Иволгийн хийдийн дэргэдэх Буддын сургуулийн хоёр давхар байранд өнгөрсөн шөнө гал гарчээ. Хамба лам Дашдорж энэ талаар "Гал эрчтэй тархсан ч азаар Итгэлт хамбын занданшуулсан шарил байгаа сүмд хүрээгүй” хэмээн мэдээлжээ.
Хийдийн лам нар бүгд галаас гэмтэл, түлэгдэлгүй гарсан бөгөөд тэд гал сөнөөгч нарын ажилд чадлаараа туслажээ. Сүсэгтэн олон гал гарсан шалтгааны талаар ярихдаа, "Жуулчид хэт замбараагүй ирдэг болсон нь ийм байдалд хүргэлээ” хэмээж байгаа аж. Өмнө нь Буриадын Тамчин дацан шатсан үйл явдалтай уг гамшгийг адилтгах хүмүүс ч цөөнгүй байна. Уг дацанд олон нийтийн мөргөлийн дараа гэнэт гал гарч байсан юм.
Иволгийн хийдийн дэд хамба Дагва-Очир хэлэхдээ, "Гал гарсан шалтгааныг зохих байгууллагууд тогтооно. Бид сургуулийн байрнаас ном, судар, хэрэгслэлээ зөөж гаргасан" гэжээ.
Эх сурвалж: www.bataar.mn