Тарваган тахлын вакциныг хийж эхэлсэн

0

olloo_mn_1437696721_tahalХовд аймгийн Булган суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон. Энэ талаар Зоонозын өвчин судлалын ундэсний төвийн дарга Н.Цогбадрахаас тодрууллаа.

-Ховд аймагт тарваган тахлаар хүн нас барж, хөл хорио тогтоосон. Одоо байдал ямар байна вэ?

-Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 11-нд 12 настай хүүхэд тарвага өвчиж, махнаас нь идсэн байгаа юм. Ингээд суганы булчирхай нь цочиж, өндөр халуурч 18-нд сумынхаа эмнэлэгт хэвтэж 21-ний шөнө нас барсан. Үүнийг тарваган тахал гэж шууд хэлэх боломжгүй. Учир нь одоогоор лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Тиймээс сэжигтэй тохиолдол гэж үзэж, тухайн бүс нутагт хөл хорио тогтоогоод байна. Мөн нэг, хоёрдугаар хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Одоогоор нэмж хүн өвчилсөн дуудлага ирээгүй. Өвчлөл гарсан голомттой нутаг нь сумын төвөөсөө 100 гаруй километрын зайтай учраас эхний ээлжийн эмч нар ирээгүй байна. Манай төвийн мэргэжилтнүүд лабораторийн өндөр нарийвчлал бүхий багаж хэрэгслээр үзлэг, шинжилгээ хийж байна. Өнөөдрөөс эхний хариу гарна

-Долдугаар сард тарваган тахлын вакцин хийдэг. Вакциныг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Иргэд яаж хамрагдах вэ?

-21 аймгийн Эрүүл мэндийн газраас эрсдэлт бүлгийн хүмүүсээ тарваган тахлын вакцинаар вакцинжуулахад хэр хэмжээний вакцин хэрэгтэй талаарх захиалгаа өмнөх онд өгдөг. Үүний дагуу вакциныг 21 аймагт нийлүүлдэг. Энэ жил 29800 тун вакциныг нийлүүлсэн. Вакциныг долдугаар сарын 15-наас хийж эхэлсэн. Вакцинд жолооч, малчид, хил гаалийн ажилтан, эмнэлгийн тодорхой мэргэжлийн эмч нар зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс хамрагддаг. Энэ талаарх мэдээллийг наймдугаар сарын 10- нд нийтэд мэдээлнэ. Вакциныг үнэ төлбөргүй хийдэг. Хөдөө явах гэж байгаа, тарваган тахлын вакцин хийлгэх шаардлагатай гэж бодож байгаа иргэд ХӨСҮТ-д хандаж сайн дураараа вакцинд хамрагдах боломжтой.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.