ОХУ: Пепси болон Кока Колаг хориглох саналыг хүлээж авсангүй
АНУ-аас импортоор орж ирж буй Кока Кола болон Пепси ундааг хориглох саналыг хөдөө аж ахуйн яам Евразийн эдийн засгийн холбооны дүрэмтэй харшилдана гэсэн шалтгаанаар хүлээн зөвшөөрсөнгүй.
АНУ-с хэт чихэрлэг ус болон ундааны төрлийг импортлохгүй байх хийгээд өөрийн эх орны үйлдвэрт, дотооддоо үйлдвэрлэсэн материалаар Кола болон Пепси ундааг үйлдвэрлэх саналыг төрийн думын гишүүн Игорь Зотов засгийн газарт өнгөрөгч зургаадугаар сард өргөн барьсан юм.
Тэрбээр ерөнхий сайд Дмитрий Медведевт хаягласан захидалдаа АНУ-н Оросын эсрэг үзэлтнүүдэд хөрөнгө оруулалт хийж буй эдгээр ундааг хориглосноор дотоодын ундаа үйлдвэрчдийг дэмжиж буй томоохон алхам болно гэсэн юм.
Хөдөө аж ахуйн орлогч сайд Дмитрий Левин энэ тухай хариу бичгээр өгсөн мэдэгдэлдээ: ОХУ-ын хууль ёсоор тодорхой улс орны, тодорхой нэр төрлийн барааг хориглож болно. Харин тухайлсан брэнд болон тухайлсан компанийн бараа бүтээгдэхүүнийг хориглох заалт байхгүй хэмээв.
Өмнө нь Зотов гадны орны түргэн хоолны компаниудын татварыг нэмэх талаар санал засгийн газарт хүргүүлж байсан юм. McDonald’s, Burger King, KFC, Subway, Starbucks, Papa John's зэрэг компаниудын татварыг нэмж, улсын санд төвлөрсөн мөнгөөр нь ард иргэдийн зөв хооллолтын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна гэж байжээ. Гэвч уг хуулийн төслийг мөн хүлээн аваагүй ажээ.
Мөн нэг жилийн өмнө импортоор орж ирж буй архи тамхийг хориглох санал тавьж байсан бөгөөд мөн чихрийн агууламж бүхий ундаанд нэмэлт татвар тавих тухай саналыг засгийн газарт хүргүүлж байсан аж.
Украйн улсын хямралтай холбоотойгоор 2014 оны наймдугаар сараас эхлэн Москвад АНУ, Европын холбооны улсууд, Австрали, Канад, Норвеги зэрэг орнуудаас мах, шувуу, загас, бяслаг, сүү, ногоо зэргийг импортлохыг хориглоод байгаа юм. Хориг энэ оны сүүлээр дуусах ёстой байсан боловч 2016 оны наймдугаар сар хүртэл сунгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.