УСЭЙН БОЛТ 100 МЕТРИЙН УРАЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ
Ямайкийн гүйгч дэлхийн хамгийн хүрдан хүн Усэйн Болт дэлхийн аваргын 9 дэх алтан медалиа хүртлээ. Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн хамгийн сонирхолтой төрөл эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлт байсан бөгөөд Ямайкын Усэйн Болт 9.79 секунд гүйж түрүүлсэн.
АНУ-ын Жастин Гэтлин (9.80), Трайвон Бромелл (9.92) нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Бямба гаригт болсон урьдчилсан гүйлтэнд АНУ-ын Жастин Гэтлин 9,83 секундын амжилтыг үзүүлж, тэргүүлээд байсан бол Усэйн Болт (9.96) V байрт бичигдсэн.
Гэвч өчигдөр болсон шийдвэрлэх уралдаанд Болт илүү байж, өөрийн гол өрсөлдөгч болох Гэтлинийг ардаа орхилоо. Энэ удаагийн ДАШТ-ий 47 төрлийн тэмцээн, уралдаанаас хамгийн сонирхолтой нь эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан байсан.
Тэр дундаа олимп, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй Ямайкын Усэйн Болт, допингийн асуудлаас болж тэмцээнд оролцох эрхээ хоёр ч удаа хасуулаад байсан АНУ-ын Жастин Гэтлин нар олны анхааралд байлаа. Учир нь Болтыг ганц зогсоох хүн Гэтлин.
Тэрбээр он гарснаас хойш Алмазан лигийн Доха, Лозанн, Ромын цувралд оролцохдоо 9.74, 9.75, 9.78 секундын амжилтаар түрүүлсэн юм. Усэйн Болт өнгөрсөн жил зүүн хөлдөө мэс засал хийлгэснээс хойш нэг хэсэг тэмцээнд оролцоогүй.
Хэдийгээр гэмтлээс эргэж ирээд удаагүй байгаа ч өнөө цагийн хамгийн хурдан хүн гэдгээ дахин нотоллоо. Энэ сарын 21-ний өдөр 29 нас хүрсэн Усэйн Болт дэлхийн аваргын 9 дэх алтан медалиа хүртсэн нь энэ.
Олимпийн 6 алтан медальт тэрээр 2009 оны ДАШТ-д 9,58 секунд хурдалж, дэлхийн рекордыг шинэчилж байсан юм. Дэлхийн аваргын хоёр дахь өдрийн дараах байдлаар Их Британи 2 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол АНУ(1+1+2), Герман(1+1+0), Ямайк(1+0+1), Польш(1+0+1) улс II-V байрт бичигдэж байна.
14 орон ямар нэгэн медаль хүртсэнээс БНХАУ хоёр мөнгөн медаль авсан амжилтаар VIII байрт жагсаж байна.