Ажилтай, орлоготой монголчууд нэмэгдсээр...
"Монгол хүн 2020-Өнөөдөр, маргааш...” сэдэвт бүсийн чуулган баруун, зүүн бүсүүдэд амжилттай зохион байгуулагдаж, энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хангайн бүсэд чуулах гэж байна. Ардчилсан намаас 2012 оны сонгуульд дэвшүүлсэн энэхүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой монгол хүн байх бололцоо хэрхэн хангагдаж байгаа талаар энэхүү чуулганаар намын удирдлагууд, гишүүд, төлөөлөгч, дэмжигчид нэгэн дор чуулж дүгнэж, цэгнэх юм.
Энэ хүрээнд хангайн бүсэд орших Өвөрхангай аймагт "Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.
Өвархангай аймаг нь Засгийн газрын шийдвэрээр 2014 онд шилдэг аймгаар шалгарсан бөгөөд ард иргэд, аймаг орон нутгийн удирдлага болон УИХ, Засгийн газрын гишүүдийн хамтын ажиллагааны үр дүнд "Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж болдгийг бодитоор харуулжээ.
НООСЫГ ЭКСПОРТОНД ГАРГАЖ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР БҮРЭН ХАНГАНА
Арвайхээр суманд "Ноос ирээдүй” компани нь "Чингис бонд”-оос 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, ноос үйдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус компани нь 2014 оноос ноосыг угаах, самнах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө хоногт 13-14 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Нийт 150 гаруй ажилтантай, орон нутгаасаа 100 хувь ажилчдаа бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг БНХАУ, ОХУ-д экспортлодог бөгөөд үлдсэн хувьд дотоодын 10 гаруй үйлдвэрийг түүхий эдээр хангаж байгаа юм.
Тус үйлдвэр нь Засгийн газраас хэрэгжиж буй хонины ноосоо үндэсний үйлдвэрлэгчид тушаасан малчин өрх бүрийг урамшуулах хөтөлбөрийн хүрээнд 3 тэрбум орчим төгрөгийн урамшууллыг малчдад олгуулаад байгаа аж. Мөн эко, хог хаягдалгүй үйл ажиллагаа явуулах зорилт тавьж, ноосноос гарч буй хог хаягдал буюу өтөг, бууц болон уурын зуухнаас гарсан үнс, хог зэргийг дотооддоо боловсруулаад хөнгөн блок үйлдвэрлэжээ. Энэ нь ахуйн хогноос өөр үйлдвэрийн хортой хог гаргадаггүй давуу талтайгаас гадна хашаа, талбай, ахуйн хэрэгцээндээ ашиглах ач холбогдолтой аж. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс үе шаттай төсөл хэрэгжүүлэн 2015 оноос угаах, самнах цехээс гадна ээрэх, сүлжих цехээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ.
"Ноос ирээдүй” ХХКомпани нь дотооддоо түүхий эдийг бүрэн боловсруулж, угаасан болон самнасан ноосыг экспортонд гаргаж, дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр бүрэн хангах зорилт тавьжээ. Ингэхдээ ажилчдынхаа эрүүл ахуй, аюулгүй ажиллагаанд ихээхэн анхаарч, байнгын сургалтад хамруулдаг талаар тус компанийн ХАБЭА-н инженер С.Рэнцэнбадгар хэллээ. Мөн тэрээр "Үйлдвэрийн ажилчид орон нутагтаа байнгын ажлын байртай болсондоо их сэтгэл хангалуун байдаг. Ирээдүйд энэхүү үйлдвэрээ дэлхийн түвшинд хүрсэн эко үйлдвэр болгох зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ 785 АЖИЛТАН БЭЛТГЭГДЖЭЭ
Ажилтай, орлоготой Монгол хүн мөрийн хөтөлбөрийн хүрээнд тус аймагт амжилттай хэрэгжсэн ажлын нэг бол Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-өөс 2012-2014 онд нийт 785 ажилтан бэлтгэгджээ. Аймгийн хэмжээнд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдээр элсэлт авч, ажил олгогчийн захиалгаар, мэргэжилтэй ажилтан бэлгэж, тэдгээрийг зуучилж, ажлын байртай болгох нь энэхүү хөтөлбөрийн онцлог байсан юм. Ингэснээр төгсөгчдийн 82 хувь нь ажлын байртай болсон байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоол үйлдвэрлэл болон барилгын бүх чиглэлээр мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэн ажлын байрандаа ажиллаж буй.
Өвөрхангай аймгийн МСҮТ нь нийт 24 мэргэжлээр жилд 1000-1200 оюутан сургаж, ажлын байраар хангадаг. Шинэчлэлийн болон Шийдлийн засгийн газраас Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийг тус аймгийн МСҮТ үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, Чанарын баталгааны тогтолцоог хэрэгжүүлэх, чадамжид суурилсан сургалт үнэлгээний тогтолцоо, сургалтын чанарыг дээшлүүлэх гэсэн олон ажлууд бүрэн хэрэгжиж байгаа талаар МСҮТ-ын захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Мөн 2013-2015 онуудад нийт 1,4 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны их засвар, хичээлийн лабораториудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон нь багш, сурагчдын сургалтын орчинд ихээхэн үр дүнгээ өгч байгаа юм байна.
Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн төгсөх ангийн оюутан Х.Энхжаргал "Би барилгын мэргэжлээр суралцаж байгаа. Маш их ирээдүйтэй мэргэжил гэж боддог. МСҮТ-д суралцах нь давуу тал ихтэй. Бидний үеийнхэн дөнгөж их, дээд сургуульд элсэн орж байхад бид мэргэжилтэй болчихоод ажлын байранд гарахад бэлэн болдог. Аливаа зүйлийг түрүүлж сурч, мэдэж авч байгаа нь илүү давуу талтай санагддаг. Ерөнхий эрдмийн хичээлээ судлахаас гадна мэргэжил эзэмшчихнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.