Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!
Шинэ сайдууд томилогдож, төрийн алба буух эзэн, буцах хаягтай боллоо. Удтал хүлээлгэсэн зургаан сайдын орыг залган М.Зоригт, З.Баянсэлэнгэ, Б.Болор, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, Г.Баярсайхан гишүүд томилогдож Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газар сая нэг юм "элэг бүтэн" болох нь тэр.
Сайдууд үүрэгт ажлаа хүлээж аваад 72 цаг өнгөрлөө. Зарим нэг нь зах зухаасаа ажил албаа эхлүүлж байна. Өчигдөр гэхэд л Зам тээврийн сайд, сошиал ертөнцөд хамгийн алдартай М.Зоригт яамныхаа ажилтан албан хаагчдын сошиалд холбогдох "утсыг" нь тасалж ажлаа эхлүүлсэн.Г.Баярсайхан сайд салбарынхаа мэрэгжилтнүүдтэй уулзаж харагдсан. З.Баянсэлэнгэ сайд тамгаа гардаж авсан сурагтай.
Тэгвэл эдгээр хүмүүсээс хамгийн хүнд нөхцөл байдал руу орсон хүн нь Б.Болор гишүүн. Сангийн яам гэдэг бол өнөө цагийн "шүдний өвчин". Гал дунд орлоо гэхэд болно. Эдийн засгийн нөхцөл байдал улам л дордох тийшээ хандлаа. Төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр үлгэн салган цагтаа бууж байгаа ч гэсэн зарим хувийн хэвшлийнхэн цалингийн бараа харалгүй хоёр, гурван сарыг үдлээ.
Сангийн сайд хэлэхдээ "Хамгийн түрүүнд төсвийн тодотголыг хийнэ" гэсэн. Хийхээс ч өөр аргагүй байдалд хүрчихсэн байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийнэ гэдэг нь тийм ч сайхан зүйл биш юм. Тодотгол гэдэг зүйл нь "нэмнэ эсвэл хасна" гэдэг хоёр л өнцөгтэй. Харин энэ удаа хасна гэдэг ганц л "журам" үйлчилнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр төсвийн орлогын биелэлт 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэлтийн биелэлт эхний хагас жилийн байдлаар 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байгаа. "Шийдлийн" Засгийн газар гарч ирээд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоолыг УИХ-аар батлуулсан. Тэр нь өнөөдөр хэрэгжиж ч байгаа юм уу, үгүй ч юм уу бүү мэд.Сүүлийн үед эдийн засагчид болон улс төрчдийг айлгаж буй нэг айдас бол дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт унаж буй түүхий эдийн үнэ. Нөгөө бидний хамгийн том эдийн засгийн орлогыг бүрдүүлэгчид болох нүүрс, алт, зэсийн үнэ сүүлийн саруудад тогтмол уналаа. Цаашдаа ч нөхцөл байдал хэцүүдэх төлөвтэй гэж мэргэжлтнүүд дүгнэж байна. Ч.Сайханбилэгийн засгийн газар төсвийг тултал нь танасан. Гэвч өнөөдөр тэдний тооцол дахиад салхинд хийсчихлээ. Манай улсын импортын хувь хэмжээ буурч, гааль дээрээс олох татварын алдагдал асар багаслаа. Энэ бол эдийн засаг агшиж буйгийн хамгийн том дохио. Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Тэгээд өмч хувьчлалын үзэл баримтлал УИХ-аар баталсаны дараагаар дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар боллоо. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нэлээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол монголчууд бид бүсээ чангална гэсэн үг. Нэгэнт тултал нь чангалчихсан байгаа бүсийг нь нэмж чангалж байгаад ард түмнийхээ "голыг" нь тасдах вий дээ.
Г.Ган