Улсаа нураах өрийн чимээ
Дахиад л шинэ өрийн сураг. Сайдгүй сар гаруй болсон Сангийн яамныхан олон улсын зах зээлд бонд гаргаж, төсвийн цоорхойг цойлдох төлөвлөгөө зохиожээ. Энэ тухай дэд сайд нь ярьж байсан, одоо шинэ сайд нь эрчимжүүлэх биз. Зардлаа танаж, бүсээ чангалж хямралыг давдаг байснаа больж, өр тавьж өнөөдрөө аргацаадаг арга руу улстөрчид шилжиж байгаа нь энэ гэлтэй. Шалтгаан нь юу вэ гэж үү.
Монгол Улс өнөөдөр үндсэндээ мөнгөгүй болсон. Эдийн засаг нь эргэлдэх цусгүй, улсын төсөв нь улайсан данстай шахуу байна. Ерөнхий сайд нь төсвийн алдагдал 630 тэрбумд хүрснийг хэлж, дэлхийн хөрөнгийн биржүүд Монголын экспортын голлох түүхий эдийн ханш навс унасныг л зарлаж байна. Гурав хүрэхтэй үгүйтэй байгаа эдийн засгийн өсөлтөө л өсөлт гэж онгирдоггүй юм бол манай эдийн засагт гэрэлтэй юм нэгээхэн ч алга.
Саяхан 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт, тэрбум тэрбумаараа цутгаж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, долларын эсрэг чангарч байсан төгрөгийн ханшийн аль аль нь өнөөдөр бараа сураггүй болжээ.
Эсрэгээрээ гуравхан хувийн өсөлт, 500-хан саяын хөрөнгө оруулалт, нэг нь 2000 төгрөгтэй тэнцэтлээ чангарсан ам.доллартай л болов. Тиймээс улстөрчид, бүр тодорхой хэлбэл эрх баригч АН-ынхан (засагт хамтарсан МАХН, МҮАН-ынхан ч багтана) Монголын ирээдүйг барьцаалан өр тавих замаар дахин нэг алхаад үзье гэж тохирсон бололтой. Тэдний тохироо ёсоор шинэ өрийн хэмжээ нь нэг тэрбум ам.доллар байх нь!!!
ЯАГААД ӨР ТАВЬЖ БОЛОХГүЙ ВЭ?
"Бонд бол өр огтоос биш ээ”. Энэ үгийг бонд гаргах шийдвэр гаргасан, гаргахад оролцож явсан, гаргахыг дэмжсэн бүх улстөрч хэлдэг. Хөгжлийн банкны 580 саяын бондыг гаргахад ч, "Чингис” бондыг арилжаалахад ч, "Самурай”-г худалдахад ч, "Дим Сам”-ыг танилцуулахдаа ч ингэж л хэлсэн, нийгэм итгэсэн. Гэтэл үнэндээ энэ бүгд өөрийн гэсэн хүүтэй, буцаан төлөх хугацаатай, Монгол Улсын нэр дээр бичигдсэн өр. Төлөх хугацаа нь ч хаяанд ирчихсэн зүйл.
Одоо авчихсан байгаа энэ олон бондын зөвхөн хүүг нь төлөхөд зориулж "Зээлийн үйлчилгээний төлбөр” нэрээр 2015 оны улсын төсөвт 717 тэрбум төгрөг суулгаад байгааг сануулъя. Бага мөнгө биш шүү. Нэг цэцэрлэг барих өртөг хоёр тэрбум төгрөг гэж тооцоход л нийт 350 цэцэрлэгийн мөнгийг бид хүүнд төлж байгаа ард түмэн. Нэмж зээлэх нь байтугай одоо байгаа өр нь л ийм өндөр хүүтэй, бас хугацаа нь тулчихсан байгааг дахин сануулах үүднээс доорх мэдээллийг жагсаалаа.
Наад тал нь жил гаруй, цаад тал нь зургаан жилийн дараа төлөгдөх Монгол Улсын гадаад бондын өр ийм байна. Дээр нь дотоодод гаргасан бонд, улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээлийн өр зэргийг бичвэл энэ жагсаалт маш урт болно. Лав л хуульд заасан өрийн хязгаар болох ДНБ-ий 58.3 хувьдаа тулчихсан, түүнийгээ давчихсан яваа гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Тэдний тооцоогоор 2017-2023 оны хооронд Монгол Улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй улсын хувьд түүнийхээ бараг талыг энэ жилүүдэд зөвхөн өрөнд төлөхөөр байгаа. Үүнийг төлөх эдийн засгийн чадамж одоогийн төрхөөр бол монголчуудад алга. Тийм байж дахин бонд гаргана гэдгийг амиа хорлохтой л адилтгаж болох юм даа.
Бидний өр хязгаараас давсныг, чадамжаасаа хэтэрснийг дэлхий нийтээрээ анхааруулж байгааг үл анзаарч болохгүй. Дэлхийн банкны 2015 оны эхний хагасын тайланд бичсэнээр Монгол Улсын гадаад өр сэрэмжлүүлэх хэмжээнд хэдийнэ тулж очжээ. Араас нь "Jubilee Debt Campain” олон улсын судалгааны байгууллагын дүгнэлт гарав. Тэд тун удахгүй Грекийн араас өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй 14 улсыг зарласны нэг нь бас л Монгол байлаа. Ялихгүй алдаа гаргахад эдийн засаг нь сүйрэх эрсдэлтэй 14 орны нэг нь Монгол болчихжээ. Энэ бол "Яагаад өр нэмж тавьж болохгүй вэ” гэсэн асуултын хангалттай хариулт.
Дахин өр тавих нь дампуурлаа зарлаж байгаатай адилхан сонсогдох болсон манай улсын хувьд өр тавих нь хүртэл өөрөө хэцүү болчихсон гэдгийг нотлох тоонууд ч байна. 2012 оны үеийнхтэй харьцуулахад бидний нэр хүнд, биднээс бонд худалдан авагчдын итгэл хоёр адилхан унажээ. Олон улсын зах зээл дэх судалгаа, эдийн засагчдын гаргаж буй прогнозоор Монгол Улсын Засгийн газар бонд гаргалаа гэхэд тэр нь "Чингис” бондын үеийнхээс өндөр хүүтэй, богино хугацаатай байх нь. Өөрөөр хэлбэл, бид "Чингис” бондыг 4.125-5.125 хувийн хүүтэй арилжаалж байсан бол шинэ бонд гаргалаа гэхэд хүү нь дор хаяж 10 орчим хувьтай байх бололтой. Үүнийг бондын өгөөжөөр тайлбарласан байна лээ. Тухайн улсын Засгийн газар шинээр бонд гаргаж, санхүүжилт татах тохиолдолд ямар хэмжээний хүү төлөхийг хэлж өгдөг энэ үзүүлэлтээс харахад Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 8-9 хувь, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар гаргасан бондууд ойролцоогоор 10 орчим хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа юм. Тэгэхээр ийм өндөр хүүтэй, тэгсэн хэрнээ богино хугацаатай бонд гаргавал Монгол Улс өрийн дарамтад, улмаар эдийн засгийн гүнзгий хямралд орох өндөр эрсдэлтэй байгаа юм.
Дээр нь өр төлөх ёстой 2017 онд манай улсын валютын нөөц хүрэлцэхгүй байх магадлал өндөр байгааг "Moody’s” агентлаг анхааруулсан байсан. Энэ нь өрөө төлж чадахгүйн зэрэгцээ өнөөдөр 2000 төгрөгт хүрчихсэн ам.долларын ханш дахин өснө л гэсэн үг.
ЯАГААД ӨР ТАВИХ ГЭЭД БАЙГАА ВЭ?
Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед хөрөнгө татахгүй л бол хямрал цаашаа улам гүнзгийрнэ. Одоогийн нөхцөл байдлыг үнэлэхдээ эдийн засагч Ч.Хашчулуун "Энэ бол хямралын эцсийн цэг биш” гэж анхааруулсан байна лээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг улам л дордох хандлагатай байна. Үүнийг өдөр ирэх тусам унаж буй дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш, зуу, зуун тэрбумаараа тасарч байгаа төсвийн орлогоос бэлхэн харж болохоор байгаа. Тиймээс яаралтай хөрөнгө татах хэрэгтэйг олон улсын шинжээчид зөвлөж буй. Харин энэ зөвлөгөөг нь эдийн засагчид нэг янзаар, АН бас нэг янзаар ойлгож уншаад байгаа юм. Эдийн засагчид өр тавьж мөнгө босгох биш, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь илүү эрсдэлгүй гэж үзэж байгаа бол АН-ынхан эсрэгээр нь ойлгоод байх шиг. Өөрөөр хэлбэл, одоо байгаа өрөө ч дааж чадахгүй яваа улсын хувьд нэмж зээл тавихын оронд том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг сайжруулах нь илүү эрсдэлгүй, найдвартай арга. Жишээ нь, Тавантолгой төслийг эргэлтэд оруулахад л 450 сая ам.доллар эдийн засагт шууд орж ирнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэж байсан. Үүн шиг том төслүүдээ хөдөлгөх нь монголчуудад л ашигтай. Харамсалтай нь, хоосон улстөржилтөөсөө болоод энэ боломжоо алдсаар байгаа нь АН-тай холбоотой юм. Үүний жишээ бол хөрөнгө оруулалт татахын оронд тэрбум ам.долларын өр тавих нь дээр гэж үзэж байгаа АН-ын өнөөдрийн алхамаас харагдаж байна. Дотоод зөрчил, фракцуудынх нь үл ойлголцлоос болж гацаад байгаа Тавантолгойг хөдөлгөхийн оронд дахиад өр тавьсан нь ашигтай гэж байгааг нь өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй билээ.
Удахгүй хийхээр төлөвлөж буй 2015 оны төсвийн тодотгол, улмаар үргэлжлээд хэлэлцэх 2016 оны улсын төсөв зэрэгт эдийн засгийг хумих л бодлого барина. Угаасаа нөхцөл байдал үүнийг шаардаж байгаа.
Эдийн засаг улам муудаж, иргэд улам л ядуурах нь АН-ын нэр хүндэд, гол нь 2016 оны сонгуульд нь халтай. Гэхдээ энэ нь бонд гаргаж өр тавих шалтгаан биш. Жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүй биз дээ. Харамсалтай нь, АН-ынхан бонд гаргаад 2016 оны сонгууль дуустал унагачихсан эдийн засгийг түр аргацаая гэж бодоод байх шиг. Түүнээс бонд гаргаж өр тавих нь Монгол Улсын эрх ашиг биш гэдгийг эдийн засагчид анхааруулж, дээрх баримтууд ч баталж байна шүү дээ. Ийм үед дахин тэрбум ам.долларын бонд гаргах нь амлалтаа биелүүлсэн болж харагдахад нь, ажил хийсэн дүр үзүүлэхэд нь, ядаж л сонгууль дуустал эдийн засгийг аргацаахад нь АН-д хэрэгтэй байж мэдэх юм. Гэхдээ л АН-ын 2016 оны сонгууль хүртэл шоудах зардал нь монголчуудын нуруун дээр тэрбум ам.долларын өр болж буух нь арай л хэтрэх юм шиг санагдаад байна.