Мах 2800₮ ... зах зээл гэдэг чинь энэ дээ
Эрт дээр үеэс таван хошуу малынхаа махыг зооглож ирсэн монголчууд бид сүүлийн хэдэн жил өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд дарлуулж, мах биш ногоо идэх дээрээ тулж байсан үе саяхан. Тэгвэл энэ жилийн хувьд махны үнэ буурч, нийслэлчүүд хямд мах худалдан авах боломж бүржээ. Нэг талаас, энэ сайхан мэдээ. Гэвч, хүйтэнд хөрж, халуунд халж, дөрвөн улирлын хатуу бэрхэд нухлагдан амьдрах малчдын хувьд эдийн засгийн хямрал болон мичин жилийн зуднаас урьтаж, малынхаа тоо толгойг цөөлж, чанаржуулах гэсэн сонирхолтой холбоотойгоор махны үнэ буурсан бололтой.
Ямартай ч, жил жилийн намрын улиралд махны үнэ буурдаг нь бичигдээгүй хууль бөгөөд энэ улиралд ихэвчлэн монголчууд өвлийн идшээ базаадагтай ч холбоотой байж болох. Тиймээс манай сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод махны борлуулалт хийдэг томоохон зах, супермаркет, дэлгүүрүүдээр орж, махны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.
Махны нийлүүлэлт 30 хувиар өссөн гэв
Манай сурвалжлах хэсгийн хамгийн түрүүнд зорин очсон газар бол "Хүчит шонхор” зах. Хэдийгээр ажлын өдөр байсан авч, тус зах дээр бум бужигнаж, түм түжигнэж байна. Махны үнэ буурсан гэсэн сургаар хэдэн сарынхаа хэрэглээг бэлдэхээр очсон нийслэлчүүд болон малчдаас авсан махаа худалдаалах гэсэн ченжүүдийн хөлд зах дарагджээ. "Хүчит шонхор” захын хашаанд портер, микро, бүр жижиг оврын приус автомашины ачааны тэвшинд хүртэл мах худалдаалах аж. Хонь, ямааны гулууз, адуу, үхрийн өрөөл махыг ченжүүд энд борлуулдаг.
Харин тэднээс өрхийн хэрэгцээнд болон жижиглэнгээр худалдаа хийх хүмүүс худалдан авдаг байна. Хувь хүмүүс ч гэсэн худалдан авалт хийж байгаа харагдсан. Хонины нэг гулууз мах хамгийн багадаа 16 кг байх бөгөөд хамгийн ихдээ 25 кг хүрдэг байна. Үнийн хувьд энэ намрын байдлаар нэг кг нь 3200-3500 төгрөгөөр худалдаалагдаж буй аж. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Энэ жил ихэнх нутгуудад ган гачиг болсон, мөн мичин жилийн зуднаас урьтаж малаа цөөлөх гэсэн сонирхолтой малчид их байгаатай холбоотойгоор малын нийлүүлэлт 30 орчим хувиар нэмэгдсэн гэдгийг ченжүүд хэлж байлаа. Гэхдээ махны үнэ буурсан ч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байгааг тэд учирлаж байсан юм.
Ченжүүд малчны хотонд очиж, худалдан авалт хийдэг үе өнгөрчээ
Хэдэн жилийн өмнө махны ченжүүд өөрсдөө малчдын хотонд очиж, үнэ цохин мал худалдан авдаг байсан бол одоо малчид өөрсдөө ирж, ченжүүдэд маш хямдаар малын махаа бөөндөн худалддаг болжээ. "Хүчит шонхор” зах дээр портер, бонго, микро машинтай мах худалдаж буй хүмүүс бол бүгд л махны ченжүүд. Тэд өглөө эрт зах дээр ирэхэд л хангалттай бөгөөд малчдаас махыг нь бөөндөн худалдан авдаг. Нэг үгээр хэлбэл тэд бензин тос гарздан хөдөөг зорих шаардлагагүй болжээ. Бид махны ченж С.Отгонбаттай уулзаж, махны нийлүүлэлт ихэссэн шалтгаан болон хүмүүсийн худалдан авах чадвар хэр байгаа талаар сонирхсон юм.
Харин тэрбээр "Иргэдийн худалдан авах чадвар туйлын муу байна. Малчдад мөнгө алга. Тэд малынхаа л ашиг шимээр амьдарч байгаа учир малаа зарж л мөнгөтэй болдог. Малчдын хотонд очоод, газар дээрээс нь авахад төлөг 50, эр хонь 100, эр ямаа 80 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэвч малчдаас ийм үнээр аваад нядлаад зарахад авсан үнэдээ хүрдэггүй. Жишээлбэл, ямааны мах энд нэг кг нь 3000-тай байгаа. Гэтэл ямааны нэг гулууз мах 20 гаруй кг жинтэй. Ингэж тооцвол 60000 болно. Үүнээс л мал, махны үнэ хэр хэмжээнд хүртлээ унасныг харж болно. Өмнө нь эр ямааны мах багаар бодоход л 100 мянгад хүрдэг байсан. Малаа цөөлөх сонирхолтой малчид олширсноор ченжүүд малчны хотонд очиж, худалдан авалт хийдэг хөг өнгөрсөн.
Малчид өөрсдөө өглөө эрт "Хүчит шонхор” зах дээр ирээд, ченжүүдэд тушаадаг юм. Харин бид бөөндөж авсан махаа ширхэглэн зардаг. Хүмүүсийн худалдан авах чадвар их муудсан. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд хонины мах 2800 төгрөг хүртлээ уналаа шүү дээ. Тухайн үед мах худалдаалдаг машинууд нь хашаандаа багтахгүй болтлоо дүүрсэн. Нийлүүлэлт нь ихсэх тусам үнэ буурдаг зах зээлийн хуулийн дагуу л үнэ нь унасан даа” хэмээн хуучилсан юм. Үүний дараа бид портер машины тэвшин дээр үхрийн мах худалдаалж буй М.Үнэнцэцэг гэх хижээл насны эгчтэй уулзав.
Түүний хэлж буйгаар ч гэсэн махны үнэ буурсан ч, хүмүүсийн худалдан авах чадвар дээшлэхгүй байгаа гэнэ. Тухайлбал, үхрийн мах гулуузаараа кг нь 4000-4200 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр буурсан байна. Худалдан авагчдын ихэнх нь махыг жижиглэнгээр буюу килограммаар худалдан авах сонирхолтой байдаг аж. Түүний хэлснээр үхрийн мах бүхлээр нь худалдан авах хүн одоо бараг байхгүй гэнэ. Нэмж хэлэхэд, энд ихэвчлэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малын мах худалдаалагддаг юм байна.
Малчид эм малын махыг ихээр худалдаж байна
Махны ченж С.Отгонбатын хэлсэнчлэн малчид өглөө эрт "Хүчит шонхор” зах дээр ирж малаа мөнгө болгодог юм билээ. Манай сурвалжлах хэсгийг очиход хэдийнэ 10.00 цаг болсон байсан тул малаа борлуулахаар ирсэн малчид аль хэдийнэ явж оджээ. Тэд өглөө эрт 04.00-06.00 цагийн хооронд ирээд малын махаа тушаачихаад явдаг аж. Гэхдээ азаар ч гэх үү, Өвөрхангай аймгаас малаа муулан авчирч, хувийн приус маркийн машиныхаа ачааны тэвшин дээр худалдаалж буй гэр бүлийн хоёртой таарсан юм.
Тэд бидэнд нэрээ хэлэхийг хүсээгүй ч, хэрэгтэй мэдээллийг цааргалалгүй хэлж өгсөн. Гаднаас нь харахад 40 шүргэж яваа болов уу гэж таамагламаар тэр гэр бүлийн нөхөр нь бидэнд ийн хуучилсан. "...Хүчит шонхор зах дээр мах хямдарсан сургаар хүмүүс хувиараа ирж мах их авч байна. Ах нь байнга зогсоод байддаггүй. Өвөрхангай аймгаас дөнгөж ирээд л хувийн жижиг машинтайгаа хэдэн хонио нядалж авчираад зарж байна. Нэг килограммыг нь 3500 төгрөгөөр борлуулж байна. Эдийн засгийн хямралаас гадна мичин жилийн зуднаас урьтаж, малаа шилж, эм голдуу малаа л малчид бид борлуулж байна.
Ерөнхийдөө энд эр хонины мах зарж байгаа малчин ховор. Дандаа л эм хонины мах зарж байгаа. Тийм учраас нэг гулууз махны жин 16-20 орчим л болно” гэж ний нуугүй ярьж байлаа. Эм мал эрийгээ бодвол бие жижигтэй, туранхай байдаг тул ирэх жилийн хахирган өвөлд бэлтгэж буй малчид малаа чанаржуулах үүднээс онд мэнд орж чадна гэсэн тарга тэвээрэг сайтай эр малаа авч үлдээд, туранхай эм малаа ихэвчлэн борлуулж байгаа нь анзаарагдаж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Үхрийн цул мах 4800 төгрөгийн үнэтэй
Махны бөөний үнэ хямдарсан хэдий ч иргэд тэр бүр гулуузаар нь худалдан авч чаддаггүй байна. Тиймээс жижиглэнгийн лангуунаас килограммаар нь худалдан авалт хийдэг аж. "Хүчит шонхор” зах дээр үхэр, адууны махны жижиглэнгийн худалдаа хийдэг тасаг болон богийн махны худалдаа хийдэг тасаг нь тусдаа юм билээ. Ийм тул бид эхлээд үхрийн махны жижиглэнгийн тасагт очсон. Тэнд үхрийн мах 4500-4800 төгрөгийн үнэтэй байв. Худалдагч "Ястай нь 4800, цул нь 4500. Уг нь 6000 төгрөгөөр худалдаалж байсан юм.
Хямдруулчихаад байж байна. Авбал ав” гэж байна. Харин адууны цул мах 4700, ястай нь 4500 төгрөгийн үнэтэй байна. Тус танхимаас гарч, хонины махны тасагт очвол, гадаа талбайд бөөний үнэ нь 3200-3500 төгрөгийн үнэтэй байсан мах энд 4200-4500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ тасгийн орох хаалганы дэргэдэх ганцхан лангуун дээр л ямааны мах зардаг юм билээ. Тэнд ямааны ястай мах 3800, харин цул нь 4200 гэсэн. Арга ч үгүй биз дээ. Энэ тасгийн худалдагч нар махны ченжүүдийн гараас худалдан авалт хийдэг хойно. Ямартай ч, иргэд жижиглэнгийн лангуунаас кг тутамдаа 1000 төгрөгийн илүү үнэтэй махыг хэрэглэж байна.
Дайвар бүтээгдэхүүний борлуулалт багассан гэв
"Хүчит шонхор” зах дотор дайвар бүтээгдэхүүний худалдаа явуулдаг тасаг бий. Энэ тасгийн үүдээр ормогц л цэнхэр хувцас, малгай өмссөн худалдагч нар "юу авах вэ” гэж бие биеэсээ өрсөн асуух аж. Тэдний ажил ч мундахгүй их юм. Малын дотор гэдсийг энд худалдаалдаг болохоор ч тэр үү худалдагч нарт цэвэрлэгээний ажил их бололтой. Эндхийн худалдагч нар ч өглөө эртлэн ирж, ченжүүдээс дайвар бүтээгдэхүүнийг бөөндөн худалдан авч, хэрэглэгчдэд граммлан худалдаалдаг байна.
Энд хонины элэг нэг ширхэг нь 500, уушги, бөөр тус бүр нь 200, үхрийн зүрх 2500, үхрийн гургалдай 3000, адууны умс, хитай 4000-4500, цагаан гүзээ 2000 төгрөгийн үнэтэй байв. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 500-1000 төгрөгөөр үнэ нь буурсан байна. Мөн боруулалт ч багассан гэдгийг хэлж байлаа. Үнэ буурч, борлуулалт багассан шалтгааныг тэд махны үнэ буурч, хэрэглэгчид дайвар бүтээгдэхүүн гэхээсээ илүү малын мах худалдан авахыг илүүд үзэх болсонтой холбон тайлбарлаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу. Гэхдээ дайвар бүтээгдэхүүн дундаа хамгийн сайн борлуулалттай байдаг нь зүрх болон 300 төгрөгийн үнэтэй жижиглэн гэнэ. Жижиглэнд уушги, элэг, зүрх, хужирхайг жижгээр хувааж нэгэн жигд хэмжээтэй ууталж худалддаг юм байна. 300 төгрөгийн жижиглэнг ихэвчлэн амьдралын төвшин доогуур хүмүүс оройн хоолондоо зориулан худалдан авдаг бол амьдрал гайгүй зарим нь нохойн хоолонд зориулж авдаг гэсэн.
Харин зүрхийг мөн л бага, дунд орлоготой иргэд худалдан авч, оройн хоолондоо зооглодог байна. Зөвхөн "Хүчит шонхор” захаас л хонины шинэхэн цустай гэдэс худалдан авч чадна гээд хэлчихэд хилсдэхгүй. Учир нь нийслэлчүүдийн хэн өглөө эрт босч чадсан нь шинэхэн, сайтар цэвэрлэсэн гэдсийг худалдан авч чадах юм билээ. Цэвэрлэсэн гүзээн дотор хийсэн хонины цустай дотор гэдэс "Хүчит шонхор” зах дээр 8000 төгрөгөөр зарагдаж байна. Гүйлгээ сайтай гэдгийг ч худалдагчид нь хэлж байсан. Өнгөрсөн жилийн энэ үед гэдэс 9000-10000 төгрөгийн үнэтэй байсан гэнэ билээ.
Гэр хорооллын дэлгүүр махыг кг-аар бус граммаар зардаг
Малчдаас махны ченж, ченжээс жижиглэнгийн худалдаачид хүртэлх шат дамжлага бүрт махны үнэ өссөөр гэр хорооллын дэлгүүр хүрэхэд хонины нэг кг мах 6000 төгрөг болжээ. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэнгэ-Наран-1” гэх дэлгүүрт хонины мах нэг кг нь 6000 төгрөг байна. Гэхдээ эндээс иргэд махыг кг-аар бус граммаар худалдан авдаг аж. Жижиг, жижиг хэсэг болгон хувааж, уутаар ороосон мах дэлгүүрийн хөргөгчинд байх аж. Энд худалдаалагдаж буй махнууд ойролцоогоор 200-300 грамм жинтэй гэнэ. Худалдагчийн хэлж буйгаар борлуулалт сайн гэсэн.
Өдөртөө 4-5 кг махыг яг ийм байдлаар борлуулдаг юм байна. Гэр хорооллын дэлгүүрт зөвхөн махнаас гадна дотор махан таташ гүйлгээ сайтай байдаг аж. Граммын мах хамгийн их борлуулагддаг үе нь ажил тарах үе гэнэ билээ. Сарын хэрэглээгээ бэлдэж чадахгүй өдрийн хоолоо арайхийн аргацааж буй иргэд цөөнгүй байдгийн нэг тод томруун жишээ энэ биз.
Иргэд орой ажлаасаа тарах үедээ нэг жижиг махыг граммлуулан худалдан авч гэртээ харьдаг аж. Бид явсаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнхийн давалгаа” гэх хүнсний дэлгүүрт орж, жижиглэсэн махны үнийг сонирхлоо. Дэлгүүрт жижиглэн хуваасан махны гялгар уутан дээр үнэ бичсэн цаас наасан байх бөгөөд үнийн хувьд 3200-3500 төгрөгийн хооронд байлаа. "Хүчит шонхор” захад нэг кг махыг 3200-3500 төгрөгөөр бөөндөж байхад энд хэдхэн грамм махыг ийм үнээр авч, оройн хоолондоо хэрэглэх гэр хорооллынхон олон байдаг юм байна. Автобусны буудлуудын дэргэдэх супермаркетад мах бүр ч өндөр үнэтэй байдаг юм билээ.
Баянзүрх, Бөмбөгөр захад махыг 5500-8500 төгрөгөөр худалдаалж байна
Манай сурвалжлах хэсэг "Хүчит шонхор” захаас гарч, хотын төвийн захууд болох "Баянзүрх”, "Бөмбөгөр” худалдааны төвийг зорьсон юм. "Бөмбөгөр” худалдааны төвийн махны тасагт худалдан авагчид цөөхөн харагдаж байлаа. Мөн худалдагч нар "Хүмүүс мах худалдаж авахгүй байна. Ард иргэдийн худалдан авах чадвар муу байна” хэмээж байсан юм. Тус худалдааны төвд хонины цул махыг 4000-5500, хонины ястай махыг 5000 төгрөгөөр худалдаж байв.
Харин үхрийн цул мах 6500-8500, үхрийн ястай мах 6500 төгрөгийн ханштай байлаа. Мөн адууны цул болон ястай мах 5500, адууны гэдэс дотор 5800 төгрөг гэж байв. Харин хонины хуйхалсан толгой 3500, хонины элэг, зүрхийг 4800 төгрөгөөр иргэдэд худалдаж байсан юм. Тэгвэл "Баянзүрх” захын махны тасаг "Бөмбөгөр” худалдааны төвийг бодвол хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Иргэн Т.Баярсайхан "Супермаркетуудыг бодвол зах дээр мах харьцангуй хямд байна. Өвлийн идшээ бэлтгэх болоогүй болохоор махаа багаар авч байна. Гэхдээ хямдарсан дээр нь махаа ахиухан нөөцөлж авна гэж бодож байгаа.
Тэгэхгүй бол энэ жил зуд болно гээд байгаа шүү дээ. Зуд болчихвол мах эргээд үнэд орох байх” гэв. Харин тус захад үхрийн сээр нурууны мах 6800, үхрийн ястай мах 5500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол үхрийн цул мах 6500 төгрөгийн ханштай байв. Харин үхрийн гуяны мах 7500 төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн хонины ястай махыг 4000-4500, хонины цул мах 5500 төгрөг байсан юм. Харин хонины гулууз мах киллограммыг нь 4200 төгрөгөөр иргэдэд худалдаж байлаа. Энэ тэндгүй "Мах аваарай. Сайхан хонины шинэ мах байна шүү” хэмээн хажуугаараа өнгөрөх хүнийг алгасалгүй хэлэх махны худалдагч нар л олон байв. Хүмүүс дуудсан болгон руу очилгүй үнийг нь сонсон дараачийн худалдагч руу алхана. "Баянзүрх” захын махны худалдагч н.Эрдэнэ-Оюун "Махаа "Хүчит шонхор” захаас худалдаж авдаг. Махны үнэ хямдарсан хэдий ч хүмүүс мах авахгүй байна.
Иргэдийн худалдан авалт их муу байна. Махны үнийг сонсоод л яваад өгдөг. Махны үнийн хувьд том, жижиг малын махнаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байгаа” гэв. Махны үнэ хямдарсан дээр нь махаа авъя гэх иргэд таарч байхад малаар баян орны иргэн байж махаа худалдаж авч байгаа нь харамсалтай байна гэх хүмүүс ч таарч байсан юм.
"Меркури”, "Номин”-д бол махны үнэ "тэнгэрт хаджээ”
Цааш явсаар тансаг зэрэглэлийн хүмүүсийн үйлчлүүлдэг гэх "Меркури” худалдааны төвийн махны тасаг дээр очлоо. Тэнд үйлчлүүлэгч цөөн байх агаад тэдгээр хүмүүсийг худалдагч нар "Нааш ир, шинэ мах хямдруулаад ав” хэмээн тал бүрээс нь дуудна. Энд бас л махны худалдагч нар авсан махаа яаж ийгээд борлуулчих санаатай арга ядаж байх юм. Махыг борлуулах үнэ тухайн худалдааны төвийн байршил, түрээс, худалдагч нарын авдаг үнэ зэргээс шалтгаалан өсдөг бололтой. Энэ жилийн мах нийлүүлэлт, иргэдийн худалдан авалт хэрхэн өөрчлөгдөж буй талаар "Меркури” худалдааны төвийн махны худалдагч Ж.Ганболдоос асуухад "Иргэдийн дунд энэ өвөл зуд тохиож магадгүй гэх таамаглал их бий. Тиймээс малчид малаа ихээр худалдаалж, ашиг олохыг эрмэлзэх болсон нь мах нийлүүлэлтээс ажиглагдаж байна.
Ер нь хүмүүс махаа малчдаас шууд худалдан авах сонирхол их байх шиг байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад орлого мэдэгдэхүйц хэмжээнд багассан шүү” хэмээн ярьж байлаа. Биднийг ярилцаж байх зуур тус лангуун дээр зарагдаж буй махны чанарыг тодорхойлох бичиг байгаа эсэх, түүнийг харах хүсэлтэй байгаагаа нэгэн үйлчлүүлэгч илэрхийллээ. Үүний хариуд махны худалдагч шинжилгээний бичгийг үзүүлж "Манайх "Хүчит шонхор” захын шинжилгээний лабораториор аюулгүй, хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн дүгнэлт гаргасан махыг авч, худалдаанд нийлүүлдэг” хэмээн тайлбарлаж байсан юм. Түүнчлэн мах авах гэж буй хүнд махны худалдагч нэлээд дэлгэрэнгүй тайлбар өгч байгаа харагдсан. Ярианаас нь сонсоход энд "Хонины цул мах 10000, ястай мах 9500, үхэр болон үхрийн хэл мөн адил үнэтэй. Адууны мах 8500, ямааны мах 8200, шулсан мах нь 9000, ямааны махан таташ 6500 төгрөг” гэнэ.
Мөн "Хүчит шонхор” зах дээр 300 төгрөгөөр зарагдаж байсан жижиглэн буюу таван цул энд 1200 төгрөг гэнэ. Харин 500 төгрөгөөр худалдаалагдаж байсан хонь, ямааны элгийг килограммыг нь 3200 төгрөгөөр "дамлаж” байв. Энд мөн хуйхалсан хонины толгойг 3000 төгрөгөөр зарж байгаа аж. "Меркури” худалдааны төв дэх махны худалдаа эрхлэгч нар "Хүчит шонхор” худалдааны төвөөс болон ямар нэгэн халдварт өвчний нян илрээгүй гэсэн шинжилгээний бичигтэй махыг хувь хүнээс худалдан авч борлуулдаг болохоо онцолж байсан юм. Харин УИД-ийн ойролцоох "Номин” худалдааны төвд хонины мах 8990, ямааны махыг 7890 төгрөгөөр худалдаалж байсан юм. Эндээс харьцуулан харахад гэр хорооллын иргэд мах хямдарсанд баярлаж байхад тансаг хотхоны иргэдэд тийм ч их нөлөө үзүүлэхгүй байгаа бололтой. Ямартай ч худалдаа эрхлэгчид махыг "Хүчит шонхор” худалдааны төвөөс нэг л үнээр авч, харин зарахдаа иргэдэд янз бүрийн үнээр хүргэж байна. Статистикаас үзвэл, манай улс нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг.
Гэвч хүн ардын хүнсний хэрэглээнд мах хамгийн үнэтэй бүтээгдэхүүн хэвээр байгаа нь гэр хорооллын дэлгүүрийн лангуун дээрх махны үнээс харагдаж байгаа юм. Монгол Улс 20 гаруй сая толгой малтай байхдаа мах бэлтгэх нэгдсэн системийн ачаар нэг кг махыг 1000 гаруй төгрөгөөр худалдан авч иддэг байжээ. Харин эдүгээ мал сүрэг маань 60 сая хүртлээ өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч, махны үнийг бизнес эрхлэгчид л тогтоож байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л нэг үеэ бодвол махны үнэ хямдарч, иргэдийн магнай тэнийж байна. Зах зээл гэдэг чинь энэ дээ.
Бэлтгэсэн Б.ДАВААХҮҮ, Н.БАТЗАЯА, Т.АРИУНБАЯР
Сэтгэгдэл байхгүй байна.