Монголчууд эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс гарах боломжтой
Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний форум гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд сэдвийн доор
- Боловсрол, соёл, ШУ-ны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
- Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
- Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого
- Ахмал настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, ахмадын талаар төрөөс баримтлах бодлого,
- Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
- Ажилгүйдэл, ядуурлын нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө гэсэн салбар хуралдаануудаар ажилттай үргэлжиллээ.
Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам салбар хуралдаанд тус салбарын төлөөлөл оролцож санал бодлоо хэлэв.
Хуралдаанд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон, Д.Атармаа, Сумын эмч нарын холбооны тэргүүн Ц.Ганхүү, хүний их эмч Х.Бат-Ирээдүй нар илтгэл тавьсан юм.
Илтгэгчид эрүүл мэндийн салбарт даатгал, эмнэлэгийн хүрэлцээ, боловсон хүчин, эмийн санхүүжилтийн нэгдсэн бодлого байхгүйн улмаас олон асуудал үүсч байгааг хэлж хэрхэн шийдвэрлэх боломжит хувилбаруудыг санал болгож байлаа.
Тухайлбал, хувь хүн орлогынхоо 40 хувийг эрүүл мэнддээ зарцуулж байвал хүн амыг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлд орж байгаа гэсэн үг юм. Монголчуудын хувьд орлогынхоо 39-41 хувийг эрүүл мэнддээ зарцуулж байгаа нь эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлд орсныг илтгэж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаас хамгаалахын тулд:
- Хүн амыг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалахын тулд тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөх, урьдчилан бүрдүүлсэн санд хамрагдах хүн амын тоог нэмэгдүүлэх, албан болон албан бус төлбөрийн хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого явуулах;
Тусламж, үйлчилгээний багц нь юуны өмнө санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэх ёстой. Хувь хүний өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ өндөртэй тусламж үйлчилгээг аль болох багтаах замаар багцыг өргөтгөнө.
- Ядуу болон чинээлэг өрхийн аль алины нь хувьд өөрөөсөө төлөх төлбөрийн ихэнх хувийг эм худалдан авсан зардал эзэлж байгаа учраас амбулаторийн эмийн үнийг ЭМД-ын сангаас олгох нь чухал шийдэл юм. Одоогийн эмийн үнийг ЭМД-ын сангаас хөнгөлөх тогтолцоо нь эмийн сангуудад ашиггүй, эмч нарын жор бичилтийг урамшуулдаггүй, үйлчлүүлэгчдийн энэ талаархи мэдлэг дулимаг зэрэг шалтгаанаас сайн хэрэгжихгүй байгааг анхааран үзэх хэрэгтэй байна.
- Чинээлэг иргэдийг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс хамгаалахын үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэгчид итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нь юунаас чухал. Үүний тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахыг дэмжсэн санхүүгийн болон санхүүгийн бус хөшүүргийг улсын эмнэлгүүдэд хэрэглэх; Үүнд худалдан авах үүрэг бүхий эрүүл мэндийн даатгал чухал үүрэгтэй бөгөөд ингэснээр бусад бодлогуудыг хэрэгжүүлэхэд ч дэмжпэг үзүүлэгч болох юм. Мөн хүн ам хувийн эмнэлэгт төдийгүй гадаадын эмнэлэгт тусламж үйлчилгээ авахад зарцуулах зардлыг хянахад туслах болно гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийны газрын дарга асан Ц.Ганхүү хэлж байв.
Илтгэлүүдийн дараагаар хуралд оролцогчид саналаа хэлснээр өнөөдрийн салбар хуралдаан өндөрлөсөн юм.
А.Баярмаа