"Дэлхийн Ирвэс хамгаалах сан"-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн эргэн тойронд олон таамаг үүсээд байгаа. Тэр дундаа түүний утаснаас олдсон бичлэг шуугиан тариад байна. Тэгвэл түүний амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тэдний өгч байгаа мэдээллээр Т.Лхагвасүмбэрэлийг алга болсон талаарх мэдээллийг 2015 оын арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ар гэрийнхэн нь цагдаагийн газар өгчээ. Мэдээлэл өгснөөс хойш зургаан хоногийн дараа машиныг нь олсон байна. Хэргийн газар үзлэг хийхэд 5-6 удаагийн камерын бичлэг үлдсэнийг цагдаагийнхан шалгасан байна.
Мөн Улсын Мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог "Автомашины үзлэгээр хоёр гар утас олдсон. Бичлэгтэй гар утас, мөн 0.5 литрийн хэмжээтэй сархад, ундаа байсан. Талийгаачийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Түүнийг живэлтийн улмаас нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн шинжилгээний хариу гарсан. Эхэлж хөнөөгөөд усанд хаясан биш живж нас барсан гэсэн задлан шинжилгээний хариу гарсан.
Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 16 аж ахуйн нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн цагдаагийн байгууллага гар утаснаас олдсон бичлэгийг дуу авианы шинжилгээгээр оруулсан бөгөөд нэг хүний хоолойны бичлэг болох нь тогтоогдсон байна. Мөн Өмнөговь аймгаас өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл өгсөн тухай яриа гарсан ч тийм мэдээлэл өгөөгүй. Энэ зөвхөн олон сэжиг таамгийн нэг гэдгийг онцолж байлаа. Хэргийн талаар сэтгүүлчид олон асуулт асуусан ч хэргийг шалгаж байгаа, мөрдөн байцаалтын явцад байгаа гэх мэтээр хариулт өгөхөөс татгалзсан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.