Эдийн засаг хэзээ сэргэх вэ, Ерөнхий сайд аа
"Шийдлийн" гэх тодотголтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүрэгт ажлаа эхлүүлээд жил хоёр сарын ардаа үдлээ. "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" хэмээн эдийн засгийн сэргээхээ амлаж байсан цаг саяхан мэт.
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа Засгийн газар 3 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн. Түүний хэлсэн үг биелэлээ хэзээ олох вэ. Эдийн засаг хэзээ сэргэх вэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгч, ард түмний дунд байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээхийн тулд хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь төдийлөн ач холбогдолтой болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Адаг сүүлд нь цалин тэтгэвэр, нийгмийн халамжаа танах дээрээ тулж ирлээ. Энэ нь иргэдийг ихээхэн бухимдуулаад авлаа. Сая л гэхэд төсөв нийгмийн халамжинд зарцуулах мөнгөгүй болсон учраас нөөц бололцоондоо таруулж байна гээд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэр гаргасан. Лед телевизер, шарах шүүгээтэй бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэсэн марзан зүйл ядарч туйлдаж буй монголчуудыг угтаа тултал нь бухимдууллаа. Харин адаг сүүлд нь үүгээрээ улс төр хийж баахан шуугиулж байгаад бүх хүүхдүүдэд ялгаваргүйгээр олгохоор шийдвэрлэх нь тэр. Сангийн яамнаас нэн яаралтай төсвийн тодотгол оруулж ирэхгүй бол асуудал үүснэ. Харин хэрэгтэй болсон хүүхдийн мөнгийг хэн, хаанаас оруулж ирэх нь эргэлзээтэй. Ерөнхий сайд маань илбэ, шид л ашигладаггүй юм бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай ярьсан "үлгэрт" итгэх улс байтугай хүн ч үгүй болж байна. Засгийн газар ипотекийн зээл, халамж үйлчилгээний хөрөнгийг олох гэж өнгөрсөн оны төгсгөлөөс хойш олон улсын зах зээлд маш их анхаарал хандуулж байгаа. Гэвч тусыг эс олж байна. Гэтэл манахан тансаглал, үргүй зардалд төсвийн мөнгийг өнгөрсөн зунжин үрсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл өөрөө Өмнөговь аймагт ажлын айлчлал хийх үеэрээ 16 сая төгрөгөөр хүндэтгүүлсэн.
Гадна дотны судлаачид Монгол улсын 2017 он гэхэд эдийн засгийн маш хүнд байдалд орно гэдгийг удаа дараалан онцолж байна. Харин манай улстөрчид үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр л.
Ерөнхий сайдын амлаж байсан шиг Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээлийн зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоо тогтооно гэдэг дашийшог болох нь тэр. Учир нь сүүлийн үед улстөрчдийн хамгийн ярих дуртай сэдэв болсон Ипотекийн зээлийг олгохын тулд Засгийн газар гадагшаа мөнгөний эрэлд мордсон ч "сохор зоос ч" ололгүйгээр иргэж ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Манай эдийн засаг маш муудсан. Хямрал цаашид гүнзгийрэх гэнэ. 2015 онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан бол 2016 онд нэг хувь ч хүрэхгүй байх тооцоо судалгаа хийгдсэн байна. Эдийн засгийн өсөлт унахаас биш нэг ч төгрөгөөр дээшлэхгүй нь.
Оюутолгой, Тавантолгой гэх мега төслүүдээ хөдөлгөж мөнгө оруулж ирнэ гэсэн. Бас л баахан эсэргүүцэлтэй тулгарч Тавантолгой нь хөрөнгө оруулалт нь талаар боллоо. Бөөн хэл ам дагуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт бага зэрэг урагшилсан ч 14 тэрбум ам.доллар нь хэзээ бидний эдийн засгийг сэргээх юм бүү мэд.
Энэ хооронд нь төрийн албан хаагчид нь цалин тэтгэврээ авч чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулж ирлээ. Өнөөдөртөө нэг юм өгч байгаа ч цаашдаа цалин цагтаа буух нь юу л бол. Хувийн хэвшлийнхэн бол бүр ярилтгүй. Зарим нь цалингүй зургаан сар болж байна. Хэдэн зуугаараа үүд хаалгаа барьсан. 2016 оны төсвийг 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталчихсан байгаа гэдгийг санах нь зүйтэй.
Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ хэд дахин буурлаа. Бүр тасралтгүй буурсан хэвээр байна. Гэтэл манайд байдал бахь байдгаараа. Бусдыг нь чаддаггүй юмаа гэхэд боломжтой зүйлийг нь хийчихгүй, харин ч онцгой албан татварыг нь нэмчихдэг улс манайхаас өөр хаана байна вэ. Ийм байхад энэ Засгийн газраас гэрэл гэгээтэй зүйл хүлээгээд нэмэргүй болов уу. Харин ирэх сонгууль болтол ард түмний амьдралаар бага тоглож, бидэнд анти сюрприз багахан шиг бариасай л гэж хүсэх үлдлээ.
Г.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.