Гишүүдийн сэтгэцийг шалгуулъя
УИХ-ын гишүүний сэтгэц эрүүл гэдгийг хэн батлах вэ. Хэн ч батлахгүй. УИХ-ын гишүүнээр нэр дэвшихийн өмнө эрүүл мэндийн хувьд эрүүл саруул гэдгээ батлуулдаг ч эрхэм нэр дэвшигч сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн дүгнэлтийг хэн ч гаргадаггүй.Сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнгын эмчийн хяналтад байдаг эмээ авч уугаад явдаг хүмүүс төрийн албанд олон л байдаг гэсэн ам дамжсан яриа бий. Тэр тусмаа УИХ-ын гишүүдээс ч байдаг сурагтай. Ер нь сүүлийн үед УИХ-ын эрхэм гишүүдийн сэтгэцийг мэргэжлийн эмчээр нэг өдөр нэг цагт нэгэн зэрэг үзлэгт хамруулахад гэмгүй юм шиг санагддаг боллоо.
Төрийн төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй, түмний итгэлийг дааж сонгогдоогүй хэсэг нь бурхан тэнгэртээ харьцдаг, эх дэлхийн нарны илч энергийн тухай ярихаар бүгд л сэтгэцийн өвчтэй гэж оношилдог. Их Эзэн Чингис хааны сүнс сүлдийг дуудаж, газар буулгах талаар ярьсан бүсгүй ч сэтгэцийн өвчтэй болоод өнгөрсөн. Тэгвэл парламентын танхимд ард түмнийг төлөөлж суугаа хүмүүс дотор эдгээр хүмүүсээс ч долоон дор зүйлийг бодож сэтгэж яваа хүмүүс байна.
Хамгийн ойрын жишээ нь тэнгэр онгодтой ярьсан Есүс гэдэг үгийг ес ес гэсэн үг хэмээн тайлбарлаж буй эрхэм гишүүний жишээг дурьдаж болж байна. Байнгын хорооны даргын албан үүргээ байсхийгээд л хэтрүүлж, нэг өргөдлийг нэлээд хэдэн арваар нэмэгдүүлж, УИХ-ын танхимд утга авцалдаагүй зүйл ярьж өс хонзонгийн сэдлээр асуудалд ханддаг хэсэг бүлэг бас бий.
УИХ-ын гишүүд ч зарим нь үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Сэтгэцийн хувьд асуудалтай байх шалгуулахад гэмгүй хэмээн ам алдаж байсан удаа ч бий. Одоо сонгууль эхэллээ. Тэгээд ч хаврын улирал дөхөж байна. Энэ цагт эрхэм гишүүдийн сэтгэц бүр л асуудалтай болж эхэлнэ. Атаа таван тэнгэр байтугай л дэмийрцгээнэ. Хийрхдэг нэг нь хийрхэж, огцруулах өргөдөл барьж гүйдэг зарим нь идэвхжинэ.
Танхимд босоо зогсч тэнэглэж, зарим нь болоогүй тэнгэр онгодтойгоо ярилцана. Элдэв хатны сүнс тахиж, ирэх сонгуулиар ялалт авахын тулд уул овоонд очиж лус савдаг тахихаа ч тэд мартахгүй. Тиймээс хавар эхлэхээс өмнө УИХ-ын дарга сэтгэцийн нэг эмч танхимдаа суулгаад нэг нэгээр нь сэтгэцийг нь шалгуулахад гэмгүй юм биш үү. Эс тэгвээс өвчин нь сэдэрсэн хүмүүс энэ хавраас эхлээд элдвийг ярьж эхлэх нь байна шүү.
Сэтгэгдэл байхгүй байна.